Салхи баялаг

Монгол орон салхиар нэн баялаг.

Төв Азийн тэгш өндөрлөг талд салхилахгүй өдөр гэж бараг үгүй. Хэдий тийм боловч 20 метр секундээс дээш гарч байшин барилга хийсэхэд хүрдэг их хуй манайд харьцангуй цөөн тохиодог нь бидний аз юм. Далай тэнгисээс тэртээ хол “учир аймшигт хар салхийг бид бараг үздэггүй. Их салхи гамшиг тарьдаг боловч нэгэн жигдийн хурдтай салхийг ашиглаж баялаг бүтээх боломж байгааг Монголчууд бид бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй юм шиг.

Дэлхийн хэмжээнд салхинаас гаргаж болох эрчим хүчний хэрэглээ одоогийнхоос дөч дахин их гэж. “википедиа”-д мэдээлсэн байна. Тэгэхээр эдийн засгийн эгнэшгүй боломж салхийг “барьж авсанаар” гарах юм. Манай орны нутаг дэвсгэрийн арван хувь буюу 160 мянга гаруй ам.километр газарт салхины хүчийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж болох тооцоог гаргажээ. Монголын 13 аймгийн нутаг дэвсгэр 20 мянга, есөн аймгийн нутаг 50 мянга, Өмнөговь аймгийн нутагт дангаараа 300 мянган мвт-ын салхин эрчим хүчний нөөцтэй гэж тодорхойлсон нь ч байна.

Энэ их баялгийг өнөөг хүртэл бид бараг л ашиглахгүй байгаа ажээ. Түүнийхээ оронд нөөц нь шавхагддаг газрын хэвлийн эрдэс баялаг руугаа шунамхайран дайрч байгаль дэлхийгээ базаахгүй сорвитой болгож буй нь хөгжлийн зөв ирээдүй гарцаагүй мөн эсэх нь бас л баталгаагүй. Нар, салхи гэх мэт байгалийн нөхөн сэргээгдэх хүчийг ашиглаж баялаг бүтээх оролдлогыг бид хийж байсан үе бий.

Буман нарны гэрэл хэмээх түмэн малчдад модтой чихэр үмхүүлсэн хөтөлбөр бүтэл муутайхан өндөрлөснийг хөдөөнийхөн андахгүй билээ. Салхин эрчим хүч гэдэг хэнээс ч хараат бусаар ойр орчимдоо цахилгаантай байх онцгой боломж юм биш үү. Дэлхийд салхины эрчим хүчийг ашигладаг бараг бүх улс салхины эрчим хүчний ассоциацитай байдаг гэнэ. Манайхан ч тэднээс юугаараа дутхав. Монголын салхины эрчим хүчний ассоциаци хэмээх байгууллагатай юм байна.

Мөн сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр ч зохиогоод амжиж. Харин үр дүн нь ямар байгааг мэдэхгүй ч лав сайн биш байх. Малчид одоо дээрх ассоциаци энэ тэртэй нь холбогдож бага зардлын салхин станц хаанаас, олж телевиз, радиогоо асааж болохыг даруй судлах нь зүйтэй байх. Манай урд хөршийнхөн авъяаслаг учир салхин станцын бага оврын төхөөрөмжүүдийг төрөл бүрээр нь хийчихсэн л байлгүй.

Монголд салхи шиг элбэг дэлбэг хэзээ ч дуусдаггүй юм гэж хаана байна. Хөндий тал, хөвч ой, өндөр уулсаар өдөр шөнө, өглөө оройгүй салхи дэгдэж байгалийн өөрийнх нь эгшгийг бидэнд мэдрүүлдгийг хэн эс андах вэ. Миний олж сонссоноор бол манай улс 10 сумаа бүрэн салхин станцтай болгож чадсан гэнэ. Үүнийг 365 сумынхаа тоонд хүргэх хэрэгтэй бус уу.

Ө.Батхүү


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих