С.Оюун: Түүхийг хүмүүс л үлдээдэг
Монголын яруу найрагт үнэтэй хувь нэмэр оруулж, эмэгтэй яруу найрагчдын манлайлал болж яваа СГЗ, Монголын Зохиолчдын болон Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч С.Оюун уншигч та бидний хэдийний танил.
Тэрээр олон сайхан дуу шүлгээс гадна “Тань руу нүүж явна” уран сайхны кино, “Өүлэн эх” дуурийн цомнол зэрэг үе, үеийн уншигч үзэгчдийн сонорыг мялаасан шилдэг бүтээлүүдтэй. Ялангуяа “Хорвоод ганцхан ээждээ”, “Торойсоор үлддэг миний ижий”, “Санана даа” дууг нь мэдэхгүй хүн үгүй.
-Та эгэл жирийн хүмүүсийн дурсамжаар үнэ цэнэтэй ном бичжээ. Шинэ номын тань талаар яриагаа эхэлье?
-Миний “Цаг хугацааны дурсгалд” нэртэй ном сэтгүүл зүйн чиглэлийн ном л доо. Ярилцлага, хөрөг, найруулал гэсэн гурван бүлэгтэй. Сэтгүүлчээр ажиллаж байхдаа бичсэн бүтээлийн cop дээжүүдээ нэгтгэсэн юм. Гэхдээ бүх бүтээлүүд ороогүй. Бүгдийг нь багтаана гэвэл хоёр гурван боть болох хэмжээний бүтээл байгаа юм.
-Номын гол утга санаа юунд оршиж байгаа вэ?
-Энэ номонд орсон ярилцлага хөрөг найрууллын баатрууд эгэл жирийн хүмүүс. Тухайлбал, малчин, рашаан сувиллын эмч, Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн механикч, малын эмч зэрэг хүмүүс орсон байгаа. Одоо ийм хүмүүсийн тухай хөрөг бараг бичихээ больж. Од, мисс, босс хүмүүсийг илүүтэй сонирхож бичиж байна шүү дээ.
Тиймээс би өнгөрсөн цагийн эгэл жирийн хүмүүсийн дурсгалд энэ номоо зориулсан. МЗЭ-ийн 80 жилийн ойгоор “Мөнхийн үсэг” компани ном хэвлүүлэх эрхээр шагнасан. Энэ боломжийг ашиглан ном гаргаж өөртөө буянтай ажил хийлээ гэж бодож сууна даа.
-Та захиалгаар том том бүтээл хийдэг. Үүнийг зарим зохиолчид хүний санаанд тааруулж бүтээл хийх нэг л баригдмал санагддаг гэх юм билээ. Таны хувьд ямар байдаг бол?
-Өмнө нь Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын “Тэнгэрийн цаг” номыг бичиж байсан. Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн тамгын газрын 20 жилийн ойд зориулсан номыг хийлээ. Түүхийг хүмүүс л үлдээдэг. Архивын материалыг шүүж үзэхэд амьд сэтгэл харагддаггүй ерөнхий тоо баримт л байдаг. Тухайн хүний талаар тодорхой мэдээлэл ч үлддэггүй юм билээ. Тийм учраас хүний дурсамжаар ном хийнэ гэдэг амьд амьдралыг түүх болгон үлдээж байна гэсэн үг.
Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж байгаа төрийн албан хаагчид улс төрийн учир шалтгаантай хүмүүс байдаг. Ажиллаж байх үедээ дандаа ам нь хаалттай байдаг. Нөгөө талаар тамгын газар үргэлж солигдож байдаг болохоор залгамж халаа муутай. Тиймээс тэр хүмүүсийн ямар ч хэвлэл мэдээлэлд гараагүй зүйлүүд номонд маань орсон байгаа. Энэ утгаар дурсамжийн ном маш үнэ цэнэтэйгээр бүтдэг.
-Одоо ч дахиад дурсамжийн ном хийж байгаа гэсэн байх аа?
-Д.Маам зохиолчийн дурсамжийн номыг хийж байна. Бурхны оронд очоод 15 жил болсны дараа тэр хүнийг мэддэг байсан хүмүүс өндөр настай болоод өмнөх зүйлээ мартчихсан байна шүү дээ. Тийм учраас тэр хүний тухай хэчнээн сайхан дурсамж хийлээ ч сэтгэлд нь дурсамж нь бүдгэрчихсэн байдаг. Энэ үүднээс хүмүүсийг өмнөх юмаа мартаагүй байхад нь дурсамжийг авах гэдэг ерөөсөө л дурсамжийг үлдээж байгаа явдал юм.
-Манай нэртэй олон зохиолчид Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгссөн байдаг. Тэд бахдах дурсах зүйл ч ихтэй. Мэдээж энэ үед төрсөн уран бүтээлч их байдаг байх. “Санана даа” дуунаас өгсүүлээд?
-Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль дэлхийн хэмжээний сургууль л даа. Энэ сургуульд олон орны зохиолчид очиж суралцдаг. Зохиолчийн хөдөлмөрт сургадаг сургууль. Тухайлбал, Шугшин ийм уран бүтээл хийдэг байсан, Шолохов гэж алдартай зохиолч яаж уран бүтээлээ хийдэг байсан юм, “Дөлгөөн дон” роман нь яаж бүтсэн юм гээд бусад зохиолчийн лабораторид оруулдаг байсан. Ингэж дэлхийн алдартай зохиолчдын лабораториор аялуулдаг байлаа. Тиймээс энд сурсан хүмүүс өөр өөрсдийнхөө оюуны хэмжээгээр сурч үлддэг.
Горькийн сургуулийг төгсөгчид бүгд л сайн явж байна. Хамгийн сүүлд Г.Аюурзана төгсч ирсэн. Сэтгэл зүйн хувьд их өөрчлөгддөг. Би Горькийн сургуулийг төгссөн хүн гэсэн бахархлыг төрүүлж түүгээрээ нэрийн хуудас болж явдаг. Түүнийгээ өндөрт өргөж явах учиртай. Би л гэхэд энэ сургуульд сурч байхдаа “Санана даа” дууны үг, нэг тууж бичиж уралдаанд хоёрдугаар байр эзэлж байсан. Очсон даруйдаа бүтээлдээ шүүмжлэлтэй хандаж би өмнө нь ингэж бичиж байсан, одоо Горькийн сургуульд ирээд яаж бичих ёстой вэ гээд өнгөрснөө эргэцүүлж боддог.
-Та дуу дуурь, кино хүүхдийн зохиол үргэлжилсэн үг, хөрөг найруулал гээд уран зохиолын бүхий л төрлөөр уран бүтээлээ туурвидаг. Уран бүтээлийнхээ хаанаас олдог вэ?
-Янз бүр дээ. Ихэвчлэн амьдралаас сэдэвлэж бичдэг. Бас одоо зохиолчид сюрреалист, модернист сэтгэлгээний чиглэлээр бичиж байна. Энэ бүхэн эцсийн эцэст амьдралтайгаа уялдаж байж хүнд хүрэх ёстой. Тэгэхгүйгээр хэн ч ойлгохгүй юм хийгээд байж болохгүй. Тухайлбал, Галсансүхийн шүлэг гэхэд хэдий модернист ч байсан хүнд л хүрч байх ёстой шүү дээ.
-Та бас дууны шүлгээр гаршсан хүн. Олон ч дуу тань ч сонсогчдын зүрх сэтгэлд хоногшин үлдсэн байдаг. Энэ тухайд?
-100 гаруй дуутай. Сая “Цэргийн жагсаал” дууны уралдаанд “Эх орны дуудлага” дуу хоёрдугаар байр эзэлсэн. Энэ миний цэргийн сэдвээр бичсэн анхны дуу.
-Таны зарим дууг хамтлаг дуучид ч өөрчилж дуулж байгаа. Олон жилийн дараа өөр дуучид дуулахыг нь сонсоод ямар санагддаг бол?
-Танихгүй хамтлаг дуучид FM-ээр дуулж л байх юм. Хэдийгээр надаас дууг тань дуулъя гэж аваагүй ч гэсэн дуулж байгааг нь сонсоход сайхан байлгүй яахав. Тэр дуучид намайг танихгүй, би тэднийг танихгүй тийм л нэг уран бүтээлүүд л яваад байгаа даа. Уран бүтээлч хүний хувьд тэдэнд таалагдаад дуулж байгаа юм байна даа гэж баярлаж л суудаг.
-Манайд дуучид нь л нэрд гараад байгаа болохоос түүний эх суурийг тавьсан эзэн яруу найрагч хөгжмийн зохиолчдыг ярьдаггүй шүү дээ?
-Энэ үнэн. Автор нь хөгжмийн зохиолч, яруу найрагч хоёртоо байгаа. Гэхдээ тэр тал руугаа сайн орж өгөхгүй л байгаа. Яваандаа зөв голдриль руугаа орох байх гэж найддаг. Хамгийн гол нь удаан наслах, цагийг даах уран бүтээл хийх нь чухал гэж боддог.
-Захиалгын бүтээл их ирдэг биз?
-Дууны үг бичих, номын захиалгууд ирдэг. Заримдаа түүндээ хүрэлцэхгүй үе ч гарах юм.
-Айлын гэргий байх уу, яруу найрагч байх уу гэдэг шиг эмэгтэй яруу найрагчид маань маш завгүй орчинд шүлгээ бичсэн байдаг. Тэдгээрийн ихэнх нь насны бүтээл болсон байх нь ч бий?
-Шүлэг гэдэг яах аргагүй онгодоор төрдөг. Өглөө сэрэхэд, эсвэл гудамжинд явж байхад ч орж ирж болно. Яруу найраг өөрөө хүний сэтгэлийн онгод юм. Дээр нь оюуны сайхан сэтгэлгээнүүд орж ирж байна. Тухайлбал “Азиза” ном гаргасан Баярхүү гайхалтай сайхан шүлэгтэй юм билээ. “Өвс борооны усанд нороод солонгоор биеэ арчих шиг” гэдгийг олж хараад яруу тансаг хэлсэн байна лээ. Энэ мэт сайхан шүлгүүдтэй залуучууд гарч ирж оюуны өндөр хэмжээнд уран бүтээл нь төрж байна. Үүнд уран бүтээлч хүний хувьд баяртай байгаа.
-Та Монголын яруу найргийн хөгжлийг хэрхэн тодорхойлж явдаг вэ?
-Яруу найраг, уран зохиол аль аль нь хөгжиж байна. 1990 онд дуртай хүн номоо гаргадаг байсан. Гэтэл одоо уншигчийн ч гэх юм уу бусад олон шалгуураар тунгаагаад шал өөр болж ирж байна. Нэг ёсны зөв зүг рүүгээ л яваад байна.
-Тооноос чанарт гэж ярьдаг. Гэтэл зарим уран бүтээлчид олон бүтээл хийж байхад зарим нь цөөхөн чамбай бүтээл хийхийг чухалчилдаг. Энэ талаар таны бодол?
-Өөрийнхөө мөнгөөр номоо гаргаж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй. Аяндаа цаг хугацааны шалгуураар хэний бүтээл үлдэх вэ гэдэг нь харагдана. Хийсэн бүх бүтээл нь агуу болдог уран бүтээлч хаана ч байгаагүй. Өөрийгөө нэрлүүлэх хэдэн бүтээлтэй л байдаг. Түүгээрээ тэр хүн хэдэн зуун жил өөрийгөө авч явдаг бүтээлийг залуудаа хийж болно, эсвэл 80 настайдаа ч хийж болно шүү дээ. Түүнийг хэлж мэдэхгүй.
Түүнээс гадна өнөөдөр мэдээллийн хэрэгсэлд хэн их талтай байна гэдгээс их шалтгаалж тухайн уран бүтээл амьдарч байна шүү дээ. Жишээ нь дуу гэхэд FM-ийхэнтэй хэн их танил байна тэр хүн дуугаа явуулсаар байгаад дуугаа олонд хоногшуулчихаж байна. Хэдийгээр нэг талаар ингэж гуйвуулж байгаа ч гэсэн сайн уран бүтээл товойгоод гараад ирнэ шүү дээ.
-Үргэлж сэтгэлд тань бодогдож хэлмээр санагддаг үг тань?
-Үнэнч, шударга байж, санаа зөв явах хамгийн чухал. Үнэнч шударга байна гэдэг энэ цаг үед маш үнэтэй үг. Яагаад гэвэл үнэнч шударга хүн их ховор болсон байна. Өнөөдөр хэн мөнгөтэй, үл хөдлөх хөрөнгөтэй вэ гэдгийг шалгаруулаад байгаа болохоос биш жинхэнэ үнэнч шударга гэдэг шалгуураар шалгаруулахгүй байна шүү дээ. Хөрөнгөтөн орны хөгжлийн түүхийг хараад байхад бизнес хийсэн ч үнэнч байсан хүн үлддэг юм байна.
Бас хэн уран бүтээлдээ үнэнч байсан тэр хүн үлддэг. Өөрөөр хэлбэл цаг хугацаа өөрөө шударга учраас тэрхүү цаг хугацааг давах үзүүлэлтэд хэн тэнцэж байна уу гэдгээрээ болж байгаа юм. Хагалгаа хийхэд хүртэл үнэнч хандсан эмчийн өвчтөн дороо эдгээд олны хайр талархлыг хүлээгээд тэр хүнээр л хагалгаа хийлгэх юмсан гэж хүсч байх жишээтэй. Тийм учраас хариуцсан ажилдаа хэн үнэнч шударга байна гэдэгт хамгийн гол утга учир нь байгаа юм. Ийм шударга хүмүүс аль ч салбарт байсан аргагүй л тэргүүний хүмүүс байдаг.
Д.Гэрэл
URL: