Иргэн П-гийн буруугаас гурван сум дамнасан түймэр дэгджээ
Дорнод аймгийн нутаг дэвсгэрт гал түймэр гарч улмаар гурван сумыг хамарсан.
Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс хуралдаж ажлын хэсэг томилж Дорнодыг зорьсон.
Үүнтэй холбогдуулан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга онцгой байдлын дэд хурандаа. Д.Гантөмөрөөс тодруулга авлаа.
-Танай аймагт гарсан гал түймрийг унтраасан уу?
-Дорнодын Хөлөнбуйр, Булган, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумыг хамарсан түймрийг бүрэн унтраалаа. Улаанбаатараас хотоос ирсэн 21 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр буцсан. Үүнээс гадна Хэнтий, Сүхбаатар аймгаас 20 хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг ирж ажилласан.
-Гал юунаас болж гарсан шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоосон уу?
-Сүхбаатар суманд гал анх гарсан. Иргэн П-гийн аксент машинаас болж гал гарсан нь тогтоогдсон. Замгүй газраар явж байгаад машины доод хэсэгт өвс орооцолдож улмаар гал гарсан юм билээ.
-Гал түймрээс болж ямар хэмжээний хохирол учраад байгаа бол?
-Нийт хохирлын хэмжээг нарийн тогтоогоогүй байна. Урьдчилсан байдлаар 20 гаруй айл өрхийн гэр нь шатсан. Бас нэлээдгүй өвөлжөө, бэлчээр талбай түймэрт өртлөө. Булган сумын гэхэд нийт нутаг дэвсгэрийн гуравны хоёр нь шатсан. Бэлчээрийн талбай нь түймэрт автчихсан учраас Булган сумын хэмжээнд өвөлжилт хүндрэхээр болчихлоо.
Б.Ирээдүй
URL: