Нарангийн энгэрт хот байгуулна

Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, орлогч дарга Г.Энхболд тэргүүтэй албаны хүмүүс болон “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Нарангийн энгэр дэх хогийн төвлөрсөн цэг дээр ажиллажээ.

Энэ үеэр хог дахин боловсруулах үйлдвэр болон түлшний үйлдвэрээр орж, үйл ажиллагаатай нь танилцсан бөгөөд хогийн цэг дээрх гялгар уут, хуванцраар траншейны нүхний таг, хуванцар сандал, гэрлийн шон, нүүрснээс хоёр дахин их илчлэгтэй түлш үйлдвэрлэж байгаатай танилцсан байна. Улмаар Нарангийн энгэрийн хогийг цэгийг цэвэрлэж, шинэ төлөвлөлтөөр хот байгуулахаар төлөвлөж буйгаа албаныхан онцолжээ. Одоо овоороод байгаа хур хогийг тэгшилж, дахин хөрсөөр давхарлаад дээр нь орон сууц, зам, барьж дэд бүтэцтэй холбох гэнэ.

Нарангийн энгэрийн хогийн цэг дээр ажиллах үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Г.Энхболд нар дүүрэгтээ үйл ажиллагаа явуулж буй зам, барилгын компаниудын хогийг хэрхэн хянах талаар зөвшилцөж шийдэлд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зам, барилгын компаниуд хогоо өөрсдийн унаагаар тээвэрлэдэг гэх боловч төвлөрсөн хогийн цэг дээр асгадаг эсэх нь эргэлзээтэй байсаар өдийг хүрсэн.

Харин цаашид Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ, Нарангийн энгэрийн хогийн цэгийн албан хаагчид хамтран хяналт тавьснаар цэгцэнд нь оруулах боломжтой гэж үзэв. Цаашдаа хог тээвэрлэсэн машинууд Нарангийн энгэрт жинлүүлсэн албан ёсны бичгээ үзүүлсэн тохиолдолд Баянгол Шинэ өргөө ОНӨААТҮГ-ынхан тухайн байгууллагыг хогоо өөрсдийн унаагаар асгасанд тооцох аж.


URL:

Сэтгэгдэл бичих