Огцруулна, огцруулахгүй, огцруулна
Д.Зоригт гэж үйл нь ирсэн нэг хүн байна аа.
Юм л бол огцруулна, суудлаас нь сугална гээд л Их хурлын гишүүд өргөх бичиг барих юм. Хэдхэн сарын өмнө ийм санал гаргаж байсан С.Эрдэнэ тэргүүтэй нөхөд дахиад нөгөө бичгээ гаргаад ирлээ. Гэхдээ энэ удаад бүр ч баттай үндэслэлүүд хэлж байгаа гэнэ. УИХ-ын тогтоолуудыг хэрэгжүүлээгүй, тавдугаар цахилгаан станцын талаар гараа ч хөдөлгөхгүй байгаагийн дээр Налайх дүүрэгт он гарснаас хойш зургаан хүн шороонд дарагдаж амиа алдсан гээд үнэхээр ноцтой асуудлуудыг баримт болгожээ.
Энэ үндэслэлүүдийг харвал нээрээ л огцруулахаас өөр аргагүй юм даа гэмээр. Гэхдээ ганцхан Д.Зоригт сайдыг оролдоод байгаа нь хачирхалтай. Хамтарсан Засгийн газарт гишүүд бүгдээрээ л хангалтгүй гэсэн дүн тавьчихсан шүү дээ, Саяхан Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны хэрэгжилттэй танилцах “аян” Төрийн ордонд өрнөсөн юм. Байнгын хороо, бүлгүүд хэлэлцэж, бүлэг байгуулаагүй гурван гишүүн хүртэл өөр өөрсдийн зүгээс үнэлэлт өгч хангалтгүй гэж дүн тавьсан.
Сайд биш гишүүд бараг бүгдээрээ л муу хэмээн цоллосон юм. Гэтэл тэр нь Засгийн газрыг огцруулах үндэслэл биш байж. Харин Д.Зоригтыг огцруулахад хангалттай олон шалтаг бий гэнэ. Ийм л гаргалгааг өчигдөр өргөн барьсан бичгээс харж болохоор байлаа.
Гэхдээ мань Д.Зоригт ч бас дархлаа сайтай хүн. Тийм ч амархан мөчөөгөө өгчихгүй, “Чамайг заавал огцруулна аа, харж л байгаарай” гэж занаад байхад хүртэл суудалдаа суугаад үлдчихсэн шүү дээ. Тэгэхээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын сэнтийд бэхэлсэн хамгаалалтын бүс нь дэндүү сайн байгаа биз. Тэр хамгаалалтын бүсийг нь нэвтлэхийн тулд гишүүд хоёр дахь удаагаа нэлээн хашир үзсэн бололтой. Бүр “УИХ-ын гишүүн эх орныхоо төлөө тангараг өргөдөг. Бодитой, баримттайгаар нь гаргаж ирээд санал тавьж байхад гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байна гэж итгэж байгаа” хэмээн 76-г сэм лоббидохдоо хүрэв.
Огцруулна, огцруулахгүйн аль нь дийлэхийг 14 хоногийн дотор ангийн нөхөд нь шүүх учиртай. Ямар боловч хайртай, хайргүй, хайртай гээд сарнайн дэлбээ тасалдаг шиг огцруулна огцруулахгүй огцруулна гэсэн “сарнайн” дэлбээнүүд улс төрийн “шал”-аар хөглөрч байна. Үйлтэй Д.Зоригтын нэр дахиад л бүтэн 14 хоногийн турш олны бай болох нь.
Б.Цэлмэг
зууны мэдээ
URL: