Б.Нарангэрэл: Цагдаа, онцгой, хил хамгаалах болон мэргэжлийн хяналтын ажилчдад томуугийн вакцин хийнэ

Б.Нарангэрэл: Цагдаа, онцгой, хил хамгаалах болон мэргэжлийн хяналтын ажилчдад томуугийн вакцин хийнэ

Манай улс жил бүрийн тав, аравдугаар сард дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулдаг.

Тэгвэл энэ жилийн аравдугаар сарын дархлаажуулалтын 10 хоног нөгөөдөр эхлэх гэж байна.

Энэ хүрээнд ямар ажил хийх гэж байгаа талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Нарангэрэлээс тодрууллаа.

-Энэ удаагийн дархлаажуулалтын 10 хоногт ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна. Товлолын вакцинаас гадна шинээр вакцин хийх үү?
-Манай улс 1993 оноос хойш дархлаажуулалтын 10 хоногийг жилд хоёр удаа буюу тав, аравдугаар сард зохион байгуулж ирсэн. Энэ жилийн аравдугаар сарын 10 хоногийг “Дархлаажуулалт бүхий халдварт өвчнөөс сэргийлье” уриан дор улсын хэмжээнд энэ сарын 10-20-нд зохион байгуулна.

Энэ хүрээнд үндсэн дөрвөн үйл ажиллагааг явуулна. Нэгдүгээрт, 15 хүртэлх насны товлолын вакцинаасаа хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулна. Хоёрдугаарт, эмч, эмнэлгийн ажилчид буюу эрсдэлт бүлгийн хүн амыг улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах юм. Гуравдугаарт, анагаахын их, дээд сургууль болон коллежид сурч байгаа оюутан залуусыг В вирүс гепатитын эсрэг вакцинд хамруулна. Дөрөвдүгээрт, вакцин хадгалах тоног төхөөрөмжийг тодорхой газруудад нь хүлээлгэн өгөх зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байна. Мөн улирлын томуугийн вакциныг бид өмнө нь жилд 21 мянган хүнд хийдэг байсан бол энэ жил өргөжүүлж эмнэлгийн ажилчдаас гадна цагдаа, онцгой байдал, хил хамгаалах болон мэргэжлийн хяналтын газрын албан хаагчдад хийх гэж байна. Энэ жил томуугийн вакциныг 25 мянга гаруй хүнд үнэ төлбөргүй хийнэ.

-Томуугийн вакциныг хувь хүн хийлгэж болох уу. Хэрэв хийлгэе гэвэл хаана хандах ёстой вэ?

-ХӨСҮТ-д энэ вакциныг хувь хүмүүс 15 мянган төгрөгөөр хийлгэж болно.

-Товлолын вакцинаас гадна өөр ямар төрлийн вакцин хийх вэ. Шинээр вакцин хийгдэх үү?

-Энэ 10 хоногийн хугацаанд товлолын вакцинаас гадна улирлын томуу, В вирүс гепатитын вакциныг насанд хүрэгчдэд нэмэлтээр хийнэ. Мөн уушгины хатгааны вакциныг товлолд нэвтрүүлэх талаарх судалгааг энэ сараас хийж эхэлж байна. Хэрэв судалгаа амжилттай болвол ирэх жилээс эхлэн энэ вакцин товлолд нэвтэрнэ.

Э.Орхон /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих