Иргэдийг “торгож” төсвөө нөхөх гээд байна уу
Жилийн жилд л хүйтэн орохоор утааны асуудал дэгддэг. Утаа бууруулах нэрийдлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, улсын төсвийн мөнгөнөөс “саадаг” боловч утаа нь улам бүр өтгөрсөөр л… Харин албаны хүмүүс утаа өтгөрөөд байгаа бурууг ард иргэд рүү чихэх гое гэгч нь арга бодож олжээ.
Зуух тараасаар байтал утаа буурахгүй байгаа нь айл өрхүүд хөнгөлттэй үнээр авсан зуухаа цааш нь дамлан зардаг болсонтой холбоотой гэж зарим хүмүүс үзжээ. Тиймээс айл өрх бүрт шалгалт хийж, хэмнэлттэй зуухыг ашиглаагүй иргэдийг торгох журмын төслийг боловсруулж байгаа гэнэ.
Утаа буурахгүй байгаа нь зөвхөн хөнгөлттэй үнээр тараасан зуух биш л байлтай. Хөнгөлттэй үнээр тараасан утаагүй зуух гэгчээс нь ямар ч байсан утаа гардаг л юм билээ. Түүнчлэн “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлж, утаа тортог их гаргадаг багануурын нүүрсийг ард иргэдэд хямдралтай үнээр нийлүүлж байгаа нь бас л утаа гаргах нэгэн үндэс шүү дээ.
Тийм байтал бурууг зөвхөн ард иргэд рүү чихээд байх хэрэг байна уу үгүй юу. Утаагаа багасгачих мэргэн арга олохгүй юм байж, хэн нь хэнийгээ буруутгах билээ. Нэг үгээр хэлбэл Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “нүүрс” хөтөлбөр ядарсан ард түмэнийг хямд түлээ нүүрсээр хангах боловч, цаагуураа утаа үйлдвэрлэлийг дэмжсэн л ажил болоод байгаа шүү дээ.
Түүнчлэн утаагүй гэг зуухнаас ямар ч байсан утаа гардаг л юм билээ. Гэвч нийлүүлсэн хүмүүс нь утаа гаралгүй яахав дээ. Харин хоргүй утаа гарч байгаа юм гэдэг шүү дээ. Тиймээс одоо утаатай арай л өөрөөр тэмцэх хэрэгтэй юм биш үү. Ахин дахин утаагүй нэртэй, олон зуух айл өрхүүдэд тарааж, хэн нэгэн хүний бизнесийг дэмжихийн оронд арай өөр зүйл бодож олсон дээр биз ээ.
Түүнчлэн эрх чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байгаа Монголчуудыг одоо торгож, хааж, боогдуулдаг байдлаа таслан зогсоовол сайнсан. Сав л хийвэл торгож, ард түмнээс мөнгө татаж, алдагдсан төсвөө нөхөх гэсэн оролдлого чинь хэрээс хэтэрч байгаа юм биш үү.
Н.Чинзориг
Эх сурвалж: “new.mn“
URL: