Хөгийн маргаан

УИХ-ын ээлжит бус чуулган болов. Зорилго нь “улс оронд үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга замыг тодорхойлох” явдал байсан юм. Тэгтэл юу вэ, “улс орны эдийн засаг сөнөж байгаа юу, хөгжиж байгаа юу” гэдэг дээр 2 долоо хоног “онолддог” байна ш дээ.
Ингээд ганц ч хууль баталсангүй. Эцэст нь арай гэж “эдийн засгийн байдал хүндэвтэр байна” гэсэн дүгнэлт гаргав. Иймхэн дүгнэлтийг гудамжнаас дурын хэдэн хүнээс асуухад хэлээд л өгнө ш дээ. Харин манай УИХ-ын гишүүдийн олонхи нь их додигор байна лээ. “Их том ажил” хийж гэнэ. Би бол чааваас л гэнэ…
Дүгнэлт хийх “үндэслэл”
Маргаан байнгын хороод дээр эхэлж, эдийн засаг хямарсан, хямраагүй гэдэг дээр маргасаар ихэнх цагаа барав. МАН: “Эдийн засаг доройтсон. Оны сүүл гэхэд сөхөрч унахад бэлэн байна. Ард иргэдийн амьдралд нөлөөлж эхэллээ” гэж цамнав. АН: “Эдийн засаг өсөлттэй байгаа. Бүх зүйл сайхан байна. Харин ч бараа бүтээгдэхүүний үнэ буурсан” гэж тайлбарлав.
Ингээд хэн нь эдийн засаг илүү мэддэгээ харуулах гэж тоо баримтаар өрсөлдөв. 14 хоног “онолдов”, солиоров, хадуурав. Зарим нь, жишээлбэл Д.Хаянхярваа “Эдийн засагт далдын чөтгөр шулам шүглэчихсэн байна” гэв. Бүр чөтгөр шулам руугаа оров. Өөрсдөө “чөтгөр шулам” болчихсноо мэддэггүй юм байна, манай хэд…
Сүүлдээ Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Үндэсний статистикийн хороо, Монголбанкаас мэдээлэл сонсов. Энэ хэд нь Монголын эдийн засгийг жинхнээсээ сөнөөж байгаа газрууд билээ. Тэд нараас сонсох юм болов.
Нөгөөдүүл нь УИХ-ын тэнэг гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг, тэднийг олон жилийн турш залилж, мунхруулж ирсэн газрууд юм. Ингээд “баахан тоо” хэлэв. Угаасаа тоонд муу улсууд хулхи тоо сонсоод бүр толгой нь эргэв.
Гэхдээ УИХ ухаантай юм чинь ямар нэг дүгнэлт хийх ёстой болов. Ингээд МАН зүтгэсээр байгаад, АН үнэнд гүйцэгдэж “эдийн засаг хүндэвтэр байгаа” гэсэн “суут дүгнэлт” хийв.
Хаанахын ямар парламент ийм тэнэг, ийм мангуу ажил хийдэг гэдгийг би л лав мэдэхгүй юм. Хэрэв улс орноо хөгжиж байгаа, сөнөж байгааг мэдэхгүй 2 долоо хоног маргалдаж байвал би л лав түүнийг парламент гэж яагаад ч нэрлэж чадахгүй дэг.
Гудамжнаас дурын хэдэн хүн цуглуулаад асуухад монголын эдийн засаг ямар байгаа талаар УИХ-аас хамаагүй илүү шинжлэх ухааны үндэстэй дүгнэлт хийж чадна гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
Үндэсний эдийн засгийн үзүүлэлтүүд
Сая хараад байхад манай хэдэн аваргууд өөрийн “дуртай тоогоо” аваад их сүржигнэх юм. XXI зуунд ийм тэнэг байж болохгүй ш дээ. Эдийн засгийг макро түвшинд “ганц нэг” тоогоор биш, үндэсний тооцооллын систем гэдэг багц үзүүлэлтээр хэмждэг. Энэ бол дэлхий дахины жишиг. Яахав, макро эдийн засгийн үзүүлэлт ч гэсэн болно.
Үндэсний Тооцооллын систем гэдэг бол тухайн улсын, манай тохиолдолд Монгол Улсын орлого, хэрэглээ, хуримтлал болон хөрөнгийн (капитал) зардлын хэмжээг хэмжээг тодорхойлоход зориулагдсан харилцан холбоо бүхий балансжлагдсан үзүүлэлт (хүснэгт) байдаг юм.
Энэхүү Үндэсний тооцооллын системийг ашиглаж макро эдийн засгийн буюу үндэсний эдийн засгийн үзүүлэлтүүдийг гаргадаг. Үндэсний Тооцооллын Системийн үндсэн үзүүлэлт бол нийт үйлдвэрлэл (НҮ), үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ), дотоод нийт бүтээгдэхүүн (ДНБ), үндэсний цэвэр бүтээгдэхүүн (ҮЦБ), үндэсний орлого (ҮО), байгаа орлого (БО) зэрэг болно.
Эдгээр бүх үзүүлэлтүүдийг нөхцөлт байдлаар тулсан үзүүлэлт, нөөц үзүүлэлт гэж хоёр хуваан үздэг. Тулсан үзүүлэлтэд НҮ, ҮНБ, ДНБ, ҮЦБ, ҮО, БО зэрэг, түүнчлэн хэрэглээний зардал, хадгаламж, хөрөнгө оруулалт, улсын худалдан авалт, татвар, экспорт, импорт зэрэг ордог.
Харин нөөц үзүүлэлтэд хөрөнгө, үндэсний баялаг, кассын бодит үлдэгдэл зэрэг орно. Саяын УИХ-ын чуулган дээр үндэсний тооцооллын систем ярьсан ганц ч хүн, байгууллага гарсангүй. Үндэсний тооцооллын цогц үзүүлэлт ярихгүй байж яаж эдийн засаг хөгжиж буюу сөнөж байгааг мэддэг юм ?! 
Ийм арчаагүй атлаа эдийн засгийн “онол”, хөрөнгө оруулалтын “онол” ярьсан хүмүүс дүүрэн. Ганц нэг гишүүн үүнийг ярих гэсэн боловч “эдийн засаг мэдэхгүй” гэж загнуулах жишээний. Энэ УИХ-д чинь эрүүл саруул хүн байх арга алга байна ш дээ. 
Одоо Үндэсний Тооцооллын Системээр бодоод үзвэл манай эдийн засаг ямар байна вэ ? гэсэн асуулт зүй ёсоор үүснэ. Олон хүн надаас ингэж асуух гэж байгааг би сайн мэдэж байна. Гэвч би бол төр биш, төрийн ажлыг өмнөөс нь хийх үүрэг би хүлээгээгүй.
Иймээс Та нар энэ үүргийг хүлээсэн төр засгаасаа нэг асуугаад үз дээ. Тухайлбал Засгийн Газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Үндэсний статистикийн хороо, Монголбанкаас асуугаад үзээрэй л дээ.  Хэрэв эдгээр байгууллагууд үүргээ биелүүлж байгаа бол маргааш гэхэд пад гээд Та бидний өмнө гаргаад тавих ёстой нь мэдээж хэрэг. Хэрэв байхгүй бол төр засаг гэж байхгүй л гэсэн хэрэг. Гэхдээ эрхбиш улс үндэстэн юм хойно үндэсний тооцооллыг нь гаргачихаж болох байлгүй дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn – ээс уншина уу?

URL:

Сэтгэгдэл бичих