Найман хувийн зээл хэвийн үргэлжилнэ
Найман хувийн хүүтэй орон сууцны зээл санхүүжилтээс үүдэн зогсч магадгүй гэх яриа иргэдийн дунд гарч байсан.
Тэгвэл санхүүжилтийн хоёрдугаар шатыг нээснээр зээл хэвийн үргэлжилнэ гэдгийг албаны хүмүүс баталсан юм. Ингэхийн тулд Монголын Ипотекийн Корпорацийн зүгээс найман хувийн хүүтэй орон сууцны зээлээр баталгаажсан бонд гаргахаар болжээ.
Тус корпораци банкууд дахь 970 гаруй тэрбум төгрөгийн багцыг худалдан авах замаар гадны хөрөнгийн зах зээлд бонд гаргаж хөрөнгө авах юм. Ингэснээр найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахад шуурхай, найдвартай болно гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн байна.
МИКийн ТУЗ-ийн дарга С.Оргодолын хэлснээр бонд хөрөнгө оруулагчдад таван хувийн хүүтэй очих бөгөөд энэ маягаар найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилт босгох механизмыг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.
Дашрамд дурьдахад, хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний 10 хоногт өмнө нь олгоод байсан 271 тэрбум төгрөгийн зээлийг найман хувь руу шилжүүлсэн бол хоёр дахь 10 хоногт 92, гурав дахь 10 хоногт 33, дөрөв дэх 10 хоногт 30, тав дахь 10 хоногт 26 тэрбум төгрөгийн зээлийг шилжүүлжээ.
/Монголын мэдээ/
URL: