Цементийн үнэ “Солиорчиж”
-Цементийн үнэ нэмэгдсэн нь гэнэтийн өсөлт биш гэв-
Өнгөрсөн есдүгээр сарын 15-аас барилгын гол түүхий эд болох цементийн үнэ өссөн. Ийнхүү өсөх болсон шалтгааныг холбогдох яамнаас өнгөрсөн есдүгээр сарын дундуур БНХАУ-ын Эрээн хотын цементийн хоёр үйлдвэрт түүхий эд тасарсан шалтгаанаас дөрөв хоног зогсолт хийснээс нийлүүлэлт доголдсон хэмээж тайлбарлаж байсан.
Мөн энэ үеэр дотоодын үйлдвэрүүдэд доголдол гарч, юанийн ханшийн өсөлт нэмэгдсэнээс болсон хэмээж байв. Түүнчлэн яг энэ үетэй зэрэгцэн Эрээн хотын хорио цээрийн зөвшөөрөл 600 юаниар нэмэгдэж, 1900 юань болон өссөн байна.
Ханшийн өсөлт гаальд төлөх татварт ч нөлөөлж, 950 мянгаас нэг сая нэг зуун 20 мянган төгрөг төлдөг болжээ. Харин Барилга хот байгуулалтын яамны Барилгын материалын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын мэргэжилтэн Г.Цэрмаа цементийн үнэ 200 мянга гарсан хэмээж байсан юм.
Уг нь бол өнгөрсөн тавдугаар сараас цемент, арматур импортлогч компаниудад хөнгөлттэй зээл олгож, цементийн үнийг тогтворжуулж, нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг авсан хэмээн мэдээлэлж байсан билээ. Тиймээс цементийн эргэн тойрондох асуудлыг сурвалжлалаа.
Цемент хомсын дээр үнэ нь 250-300 мянган төгрөг байна
Мэдээллийн мөрөөр манай сурвалжлах баг Зуун айлын барилгын материалын худалдааны төвийг зорьсон юм. Тэнд очиход 50 кг шуудайтай цементийн үнэ 13-15 мянган төгрөгийн хооронд байсан юм. Харин тонн нь 250-300 мянган төгрөгийн үнэтэй байна.
Цементийн үнэ өсөх болсон шалтгааныг борлуулагчид өөрсдийнхөө үгээр л тайлбарлаж байлаа. Тухайлбал, Цементийн худалдаа эрхэлдэг н.Хуяг “Юанийн ханш өсөөд огцом нэмэгдчихсэн. Уг нь бид нар урдаас ирсэн цементийн нэг шуудайг 7-8 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо арван мянга гарчихсан” гэсэн юм.
Тэрээр шуудай цементийг 15 мянган төгрөг, тонноор нь 250 мянган төгрөгөөр зарж байв. Ийнхүү сурвалжлах зуур цемент сураглаж яваа хүмүүс ч мэр сэр явж байсан юм. Тэдний хэлж буйгаар бол цементийн үнэ бага багаар нэмэгдсээр өнөөдрийн хэмжээнд хүрсэн аж.
Учир нь өнгөрсөн есдүгээр сарын эхээр цемент нэг тонн нь 180 мянган төгрөг байсан байна. Улмаар 195, 210 гэх мэтчилэн үнэ нь нэмэгдсэн тухай худалдан авагчид ярьж байлаа.
Ингээд нэрээ нууцлахыг хүссэн цементийн худалдаа эрхлэгчтэй хэдэн хором ярилцлаа. Тэрээр Зуун айлын “Жоби” худалдааны төвийн эсрэг талд модон хаалга, цемент болон барилгын туслах материал зардаг.
-Цемент их үнэтэй болчихсон байна. Танайх цементээ хэдээр зарж байна?
-Манайх шуудайг нь 14 мянган төгрөгөөр зарж байгаа. Бусад газрууд үүнээс үнэтэй байгаа. Гэхдээ энэ бол өссөн үнэ биш шүү дээ. Буугаад ийм болсон байгаа.
-Цементийн үнэ яагаад өсчихөв?
-Юань нь өсөөд л гэнэт өсчихсөн. Тэгээд ч бид нар цементээ авахад замын зардлаас эхлээд их зардал гаргадаг. Ихээр авбал 13.5 мянган төгрөгөөр өгнө.
-Үнийн хувьд харилцан адилгүй байна?
-Ер нь бол үнэ нь өссөн учраас цемент ховор байгаа. Үнэнийг хэлэхэд өнөөдөр худалдаалагдаж байгаа цементийг борлуулагчид нь нөөцөлсөн байсан. Үнэ нь нэмэгдсэнээс хойш цемент авсан хүн ховор. Тийм болохоор л 10-20 мянган төгрөгийн хэлбэлзэлтэй байгаа юм.
Зуун айл орчмоор долоон газарт цемент борлуулж байсан юм. Цемент борлуулагчдын хэлж буйгаар бол шуудай цемент зургаан мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн тэдний хэлж буйгаар Хөтөлийн цементийн үйлдвэр гэх мэт дотоодын үйлдвэрийн цемент жижиглэнгээр борлуулагддаггүй гэнэ.
Цемент худалдаалдаг н.Батбаярын хэлж буйгаар дотоодын цементийг иргэд авахгүй дургүй байдаг гэнэ. Тэрээр иргэд Хятад цементийг чанартай хэмээн үздэг тухай хэлж байлаа. Мөн тэрээр цементээ шуудайг нь 14 мянга, тонн тутмыг нь 260 мянган төгрөгөөр зарж байсан юм.
Дотоодын цементийн үйлдвэрийн үйл ажиллагаа доголдоогүй гэв
Дотоодын цементийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдсон тухай мэдээллийн мөрөөр Сэлэнгэ аймгийн Хөтөлийн “Цемент шохойн үйлдвэр”-тэй холбогдлоо. Үйлдвэрийнхний хэлж буйгаар бол үйлдвэр доголдсон асуудал гараагүй байна. Тус үйлдвэрээс өдөрт 14-20 воган задгай цемент гарч байгаа гэнэ.
Гэвч машин дээр задгай ачихгүй байгаа тухай эх сурвалж мэдээллэсэн юм. Үнийн хувьд задгай цемент нь 200 орчим мянган төгрөг байгаа аж. Одоогоор тус үйлдвэрийн нэг зуух ажиллаж байгаа гэнэ. Харин удахгүй дахин нэг зуух нь ажиллаж эхлэх учраас цементийн ачилт нь нэмэгдэх тухай хэлж байлаа.
Барилга хот байгуулалтын яамныхан Эрээн хотыг зорьжээ
Цементийн үнэ нэмэгдсэн тухай мэдээг Ерөнхий сайд сонсоод холбогдох яамныхнаас хариуцлага нэхэж байсан. Харин барилга хот байгуулалтын яам үнийн өсөлтийн талаархи тайлбарыг хийж байсан. Гэвч Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг энэ жил барилгын материалын эрэлт хэрэгцээ огцом нэмэгдэнэ гэдгийг Засгийн газар урьдчилж тооцоолоод төсөв гаргаж, эргэлтээ нэмэгдүүл гэж зээл олгосон.
Гэтэл ийм тайлбараар буруу үйлдлээ зөвтгөж болохгүй гэдгийг анхааруулж байсан юм. Тэгвэл Барилга хот байгуулалтын яамныхан Эрээн хотыг өнгөрсөн баасан гаригт зорьжээ.
Тэд Эрээн хотыг үнэ нь өсөөд байгаа цементийн асуудлаар зорих болсон гэнэ. Ямартай ч яамныхан үнийг нь бууруулж, тогтворжуулах талаар явсан тухай эх сурвалж хэлсэн юм.
Г.Баярцэцэг
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин
URL: