У.Хүрэлсүх тэргүүтэн ард иргэдээ сонсох далимаар казинодоод ирэх үү?

Ээлжит сонгууль дөхөх тусам эрх баригч хүчнүүд ард иргэдтэйгээ улам ойртож, элдвийн аян хөтөлбөр зарлаж пиарддаг нь жам. Ардчилсан нам “Монгол хүн-2020″ хөтөлбөрөө ухуулан энд тэнд уулзалт хийж яваа бол Ардын намын удирдлагууд ч “Ард түмнээ сонсоё” нэрийн дор  хөдөө хотгүй нэг хэсэг давхицгаав.

МАН-ын төлөөлөгчид эх орноо тойрон иргэдтэй уулзаж ярилцсан бөгөөд аяныхаа дараачийн хэсгийг хилийн чанадад үргэлжлүүлэхээр болжээ. Эхний ээлжинд хамгийн олон Монголчууд ажиллаж амьдардаг Өмнөд Солонгосыг тэд зорьсон байна.

У.Хүрэлсүх тэргүүтэй нэлээд өргөн бүрэлдэхүүн бүхий баг намын хэвлэл “Үнэн” сониноо хэдэн мянган хувь хэвлүүлэн авч явсан гэнэ. Манай хамаг л өнгөтөй өөдтөй, мэдлэг боловсролтой иргэд хилийн чанадад хөдөлмөрлөж, харийн бүтээн байгуулалтад гар бие оролцсоор байгаа. Энэ хүмүүсийг эх орондоо эргэн ирэхэд төр засгийн зүгээс ямар дэмжлэг нөхцөл шаардлагатай байгааг судалж, халуун дотно яриа өрнүүлэх зорилго өвөртөлжээ.

Дашрамд дурьдахад, хэдэн жилийн өмнөөс тус намын цөөнгүй улстөрчид Өмнөд Солонгосын казиногоор эргэлдэн, багагүй мөнгө “тараачихаад” ирдэг гэсэн хэл ам гарч байсан. Тэгвэл “Сурсан юмыг сураар боож болдоггүй” гэгчээр У.Хүрэлсүх тэргүүтэн нутаг нэгтнүүдтэйгээ уулзангаа казинодож, хэдэн цаасаа хандивлачихаад ирж мэдэх л юм гэх хүн цөөнгүй байгаа аж.

Г.БАТХҮҮ
Tseg.mn


URL:

Сэтгэгдэл бичих