Мэдлэгийн хөгжлийн түүх

4ad1ad5519171626great

Хүн төрөлхтний мэдлэгийн хөгжил

Эртний Грекийн философич Аристотель хүн төрөхөөсөө л аливаа зүйлийг танин мэдэхийн төлөө хүсэлтэй байдаг хэмээн Метафизик зохиолоо эхлүүлсэн байдаг. Хүн ертөнцийн тухай бодож, түүнийг танин мэдэхийн төлөөх хүсэл эрмэлзлэл хүмүүсийн сэтгэл зүрхийг анхнаасаа татаж ирсэн. Хүмүүс хорвоо дэлхийн тухай зөвхөн бодох биш бас сонирхох сонирхол нь чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Хүмүүс хорвоо дэлхийг системтэйгээр судалж эхэлснээр мэдлэгийг бий болгосон юм.

Мэдлэгийг цааш хөгжүүлж бас сайжруулж дараа дараагийн үедээ дамжуулах болсон. Мэдлэг үргэлж л нэмэгдэж улмаар “мэдлэгийн далай” бий болсон. Мэдлэгийг цээжлэхдээ гол нь биш харин хэрэглэх нь чухал юм. Мэдлэг нь нийгэм хөгжихөд нөлөөлөх ба мөн нийгэм нь мэдлэг хөгжин, тархах бололцоо, нөхцлийг хангасан байх ёстой. Тогтвортой нийгэмд л мэдлэг тархах боломжтой бөгөөд тогтворгүй нийгэмд мэдлэг ч, үнэн ч тарах боломжгүй.

Хүн мэдлэггүй байна гэдэг үнэнийг мэдээгүйтэйтэй адил бөгөөд нийгмийн үнэнийг мэдээгүй хүн амьдраагүйтэй адил. Мэдлэг тарах боломж нь хүмүүс ойролцоо бодож бас төрөөс мэдлэгийг ойлгодог, үнэлдэг болсон цагт бий болох боломжтой. Хүн төрөлхтөн өнөөдрийн энэ хөгжил дэвшилд хүрэхийн тулд урт удаан хугацаанд, ээдрээтэй замыг туулсан. Хүн төрөлхтнийг мэдлэг түүхийн дараах дөрвөн замыг туулсан гэж үздэг бөгөөд миф буюу домог, рэлижн буюу шашин, философи ба сайэнсийн /шинжлэх ухааны гэх/ үе.

Домгийн үе

Эртний үед хүмүүсийн хувьд бүх л ертөнц гайхамшиг ба энэ бүх зүйлийн цаана ямар нэг далдын, ид шидийн зүйл байгаа хэмээн итгэж урт хугацааг туулсан. Хорвоо ертөнцийн энэ л гайхамшигуудад өөр өөрийн тайлбаруудыг өгч байсан. Энэ л үед домгоор бүгдийг тайлбарлаж байсан ба тухайн үед “шинжлэх ухаан”-ы үүрэг гүйцэтгэж байсан. Өнөөдөр домгоор юмсыг тайлбарлана гэвэл дэндүү хоцрогдсон үйлдэл.

Гэвч манай нийгэмд домогт итгэх, түүнд бүүр үнэмшээд дагаж байгаа хүмүүс ч олширох боллоо. Бүх зүйл анхнаасаа л ийм байсан цаашдаа ч ийм л байх болно гэсэн догма бол домгийн нөлөө. Энэ нь урагш хөгжин дэвшихэд хамгийн их саадтай. Домог бол нэгэнт үеэ өнгөрөөсөн гэдгийг дээр дооргүй ойлгох цаг болсон. Гал асаагаад л улс орон хөгждөг гэсэн домог бол өнөөдөр хүчингүй.

Шашны үе

Дараагийн шат нь ертөнцийн юмс үзэгдлийн цаана агуу хүч нуугдан буй бөгөөд бүгдийг харж байдаг хэмээн үнэмшдэг рэлижн буюу шашны үе. Релижн гэх ухагдахуун нь угтаа бол ганхашгүй үнэмших, бурхныг шүтэх гэсэн утгатай үг. Шашин нь аливаа зүйлийг танин мэдэхийн оронд бүх зүйл “танигдашгүй, мэдэгдэшгүй, тайлбарлашгүй” хэмээн номлож, бүгдийг “бурхан”зохицуулдаг гэдэг.

Тиймээс хүн та юу ч асуулгүй, юунд ч эргэлзэлгүй зүгээр л түүний боол мэт мөргө, залбир гэдэг. Хүн та асуухын оронд залбир харин танин мэдэх гэж оролдохын оронд шууд үнэмшихийг цаашлаад шууд шүтэхийг тулгадаг. Хэмжээндээ буй шашин нь нийгмийн үнэт зүйлийг бүрэлдүүлдэг ба морал буюу ёс суртахуунтай байхад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Юу сайн юу муу, юу зөв ба юу буруу болохыг нийгэмд тогтоож өгдгөөрөө сайн талтай. Гэхдээ шашин бол болгоомжтой хандах сэдвүүдийн нэг. Ид шид болон далдын хүчинд итгэх явдал эртний нийгэмдээ л маш их үүрэг гүйцэтгэсэн. Харин өнөөдөр хэрэггүй бөгөөд харин тус болохоосоо ус болох нь их юм.

Шашин утгаа алдаж, шашны мундагтанууд зорилгоо мартаж эхлэвэл харин нийгэмд хор болдог. Мөн нийгэмд шинжлэх ухаан үүргээ гүйцэтгэхээ больж, мэдлэггүй хүмүүс олширсон үед шашин нэртэй мухар сүсгүүд байрыг нь эзэлж дураараа дургидаг.

Нийгэм мухар сүсэгт автан үнэн ба худал, зөв ба буруу, сайн ба муугаа мэдэхээ болин төөрөлдөнө. Энэ үед лам нарт мэдэхгүй юм байхгүй, чадахгүй ч зүйл үгүй болно. Тэд анагаахын шинжлэх ухааны үүргийг гүйцэтгэж хүмүүст халуун чулуу залгиулна, бусдыг зовлонгоор нь далимдуулж луйвардана, баяжина.

Тэд астрономийн буюу одон орныг орлон нар сарны хөдөлгөөнийг тайлбарлахыг оролдоно мөн дэлхий сүйрнэ хэмээн цуу тараана. Сүүлдээ ичгүйргүйгээр улайм цайм луйвардана, хуурна. Мэдлэггүй нийгэмд шашин нэртэй мухар сүсэг хүчээ авдаг. Жинхэнэ шашин уу эсвэл шашны нэр зүүсэн луйварчид уу гэдгийг ялгах хэрэгтэй. Өнөөдөр ч шашин хүн төрөлхтний хувьд нөлөөтэй хэвээр байна. Гэхдээ шашин хувь хүний асуудал гэдгийг ухамсарлах нь чухал.

Философийн үе

Философийн үе 2500 жилийн тэртээгээс эхлэлтэй. Ертөнцийг юу бүтээсэн бэ? гэсэн шашны асуултыг ертөнц юунаас бүтсэн бэ? хэмээн өөрчилж, сүсэглэхийн оронд таньж мэдэхийг уриалж эхэлсэн. Философи нь сонгодог утгаараа өрнөдөд тодруулбал Эртний Грект үүссэн. Философчид анх удаа энэ ертөнцийг танин мэдэж, тайлбарлаж эхэлсэн.

Тэд төр, нийгэм цаашлаад хүний ухаан, сэтгэлийг хүртэл өөрийнхөөрөө тайлбарлаж байсан. Тэд шашны догматикаас татгалзаж чадсан юм. Философчдийн зарим хэт үнэнийг тараасны төлөө шийтгэгдэж байсан түүхийг бид хаа нэг газраас уншсан.

Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр нийгэм нь мэдлэгийг бас үнэнийг хорьсон учраас Сократ хор ууж, Бруно шатаагдаж, Галилей шүүхээр орсон. Тэд сайны, зөвийн, үнэний тухай асуудлыг хүний амьдралд оруулж, ойртуулж өгснөөрөө гавъяатай хэмээн олон судлаачид дүгнэж байна.

Сократаас Платон, Аристотель цаашлаад Рене Декарт, Жон Локке, Хюм, Кант, Хегель, Маркс, Хайдэггэраар өртөөлөн Сартр хүртэлх олон олон гарамгай философчид нь философийн хөгжилд цаашлаад хүн төрөлхтний оюуны түүхэнд асар их нөлөө үзүүлсэн. Философи бол хэн ч ойлгохгүй, ойлгомжгүй зүйл биш бөгөөд харин энэ л бүх ертөнцөөс авахуулаад нийгмийн, хүний амьдралын ойлгомжгүй үйл явцыг ойлгомжтойгоор тайлбарладаг мэргэжил юм.

Философи шашинтай адил ямар нэгэн зүйлийг обьектлэн шүтдэггүй. Философчид хэзээ ч Аристотель, Платоныг шүтдэггүй. Харин тэдний бичсэн номуудыг уншиж, судлаад шалгадаг. Шалгах, шүүмжлэх, судлах бол философчийн ажил. Шалгаж, шүүмжилж байгаагийн цаад зорилго нь доош нь хийх гэж байгаа бус харин хөгжүүлэхийн, сайжруулахын, алдааг нь засахын төлөөх ухамсарт үйл ажиллагаа.

Философи хүн төрөлхтний мэдлэгийг чухал салбар бөгөөд өнөөдөр ч нөлөөтэй хэвээрээ л, философчид судалгаагаа хийсээр л номоо бичсээр л байна.

Орчин үеийн философийн судалгаа хүний оюун руу (mind) чиглэсэн бөгөөд цаашлаад хүний ухаанд (consciousness) гол анхаарлаа хандуулж байна. Гэхдээ философийн сонгодог сэдвүүд болох политикийн (politik), онтологийн (ontology), эпистэмологийн (epistemology) цаашлаад этик (ethic), логик (logic) орхигдоогүй. Оюуны философи (mind philosophy) хүний ухаан /нөгөө талд ухаангүй (unconsciousness)/, цаашлаад бодол (thought), сэтгэл (feeling) /Энд төсөөлөл, хүсэл, хайр болон эмоцуудыг бас/ ямар процессийн үр дүнд явагдаж байгааг мэдэхийг оролдож байна.

Тодорхой амжилтанд хүрсэн. Философчид нийгмийг мэдлэгээр гэгээрүүлж, үнэн худал, зөв бурууг ард түмэнд, төрд зөвлөж байдаг. Бодоогүй зүйлээ ярьдаггүй хүмүүс бөгөөд харин тэднийг өөрсдийгөө философич хэмээн зарладаг боддоггүй ярих хоббитнуудаас ялгах хэрэгтэй. Эцсийн эцэст философи бол мэдэх. Философич бол юмсыг мэдэхийн төлөө тууштай тэмцэгч. Философчид ганцаараа мэдчихээд мэдэмхийрэгч биш харин бусдад мэдлэгээ түгээгч.

Философи бол өнөөдрийн мэргэжлийн салбар болсон. Их сургуульд суралцаж, мэргэжлийн диплом авдаг.

Шинжлэх ухааны үе

Философиос сайэнс буюу шинжлэх ухаан үүсэн хөгжжээ. Сайэнсийг монголчууд шинжлэх ухаан гэж орчуулдаг бөгөөд үгийн гарлын хувьд грекийн “мэдлэг” гэсэн утгатай үг юм. Аливаа зүйлийн нэрлэгээ гэдэг бол зөвхөн хоосон оноолт биш харин түүний цаана тодорхой түүх бас утга учир байдаг.

Тэгэхээр сайэнсийг систэмчлэгдсэн мэдлэг эсвэл мэдлэгийн салбар хэмээн ойлгож болох юм. Олон хүмүүс философи, шашин, шинжлэх ухаан ямар харилцаа, хамааралтай юм бэ гэж асуудаг. Зарим нь хооронд хольж, философи бол шинжлэх ухаан гэж алдаатай ярьдаг хүмүүс ч бий. Зарим нь буддийн шашин бол шинжлэх ухааны үндэслэлтэй хэмээн хольж сольдог ч нөхдүүд бий. Энд Английн философич Бертран Расселийн хариултыг танилцуулъя.

Философи шинжлэх ухаанаас ялгаатай, шашнаас бүүр ч ялгаатай. Шашин бол догматик, зогсонги. Харин философи бол үргэлж хөгжиж байдаг. Үүгээр философи шашин хоёр ялгаатай. Шашин олон зуун жилийн өмнөх Есүс, Будда, Аллахын айлдсан сургааль номлолыг өнөөдрийг хүртэл давтсаар л ирсэн. Тэнд хөгжил явагдаагүй. Шашнаар ертөнцийн юмсыг тайлбарлана гэдэг бол орчин үед үнэхээр боломжгүй. Харин философи 2000-аад жилийн турш хөгжсөөр ертөнцийг өөрчилсөөр ирсэн. Философи шинжлэх ухаанаас бас ялгаатай. Хамгийн гол зүйл бол шинжлэх ухаан факт, баримт дээр тулгуурладаг. Шинжлэх ухааны зорилго үнэн гэдгийг нь бадлах нь явдал. Харин философи баримтанд ханалгүйгээр цааш нь танин мэдэх үйл явцаа үргэлжлүүлдэг. Үүгээрээ л ялгаатай. Олон огтлолцох цэгүүд бий. Ялгаатай гэдгийг өөр эсвэл аль нэг нь илүү сайн эсвэл муу гэж ойлгож болохгүй. Тэд өөр өөрийн салбартаа л үүргээ гүйцэтгэх ёстой.

Өнөөдөр сайэнс буюу шинжлэх ухаан нь хүний амьдралын салшгүй нэг хэсэг болсон бөгөөд товчоор хэлбэл хүн та шинжлэх ухааны ертөнцөд амьдарч байна. Нэг үе шинжлэх ухааны ололтыг цэргийн зориулалтаар ашиглаж байсан. Өнөөдөр хүн төрөлхтөн шинэ зүйлийг нээж, танин мэдэхийн төлөө шинжлэх ухааныг санхүүжүүлж байна.

Шинжлэх ухааны судалгааны зорилго нь мэдлэг бүтээх явдал. Мэдлэг бол нийгмийн амьдралын зайлшгүй чухал эд эс. Хүний нийгэм мэдлэгтэй болсноор чадвартай болж бас мэдлэгийг үнэлж хөгжүүлж ирснээр олон төрлийн өвчнийг устгаж, хот суурин газар бүтээн босгож, аятай тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлсэн бөгөөд шинэ шинэ боломжийг бий болгосон. Хүмүүс мэдлэгтэй болсны ачаар эрүүл мэнд, хүнс ба энергийн асуудлаа сайжруулах бас хангах боломжтой болсон. Хүмүүс үнэндээ мэдэхгүй байсны улмаас хөнгөн зэргийн өвчнийг эмчилж чадахгүй, үргэлж хоол тэжээлийн гачигдалд орж байсан. Тэгэхээр мэдлэг л дутагдлыг арилгадаг ажээ.

Мэдлэг гэж юу вэ гэсэн асуулт тавигддаг. Платогийнхоор мэдлэг бол зүйчилсэн үнэн үнэмшил. Өөрөөр хэлбэл үнэн байснаар мэдлэг болдог бөгөөд эсрэгээрээ мэдлэг учраас л үнэн гэсэн зарчим. Тэр үнэн нь батлагдаж, нотлогдсон байх ёстой. Худал, буруу зүйл хэзээ ч мэдлэг болохгүй, болж ч чадахгүй.

Шинжлэх ухаан бол химич, физикч гэсэн өөрсдийгөө өргөмжилсөн хэдхэн хүний өмч биш бөгөөд харин ард түмэн, улс орны хамгийн чухал зүйлийн нэг. Ер нь байгаль дэлхийгээ эрчимтэй зорилготой бас төлөвлөгөөтэй судлахын тулд мөн тэрхүү судалгааг нийгэмд хэрэгтэй болгохын тулд шинжлэх ухааны судалгааг явуулдаг.

Шинжлэх ухааны өөр нэг гол зорилго ард түмний мэдлэгийг нэмэгдүүлэх ба улс оронд хэрэгтэй техник технологи гаргаж авахад оршино. Тиймээс улс орнууд унивэрсити буюу их сургуулийнхаа дэргэд шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилготойгоор судалгааны хүрээлэнгүүд байгуулж ажиллуулдаг. Үүний эцсийн зорилго нь ард түмнээ гэгээрүүлж, амьдралд тус дэм үзүүлэх л зорилготой. Шинжлэх ухааны ажилтуудын зорилго бол хорвоод хосгүй “супернэгдлийн онол” биччихээд түүнийхээ шагналыг нь хүлээх биш харин олон арван жил уйгагүй, үнэнчээр зүтгэсний үр дүнд олж авсан мэдлэгийг ард түмэн, эх орныхоо хөгжилд зориулахдаа л байдаг.

Мэдлэгийг түгээх ба Их Сургууль

Анх 800-аад жилийн тэртээ Монголчуудын өвөг дээдсийг дэлхийн талыг эзлэх гээд байлдаж байхад европын орнуудад мэдлэг олгох зорилготойгоор анхны Их Сургуулиуд байгуулагдсан байдаг. Өнөөдөр Их Сургууль дэлхийн нийтийн стандарттай болоод байна.

Их Сургууль бол мэдлэгийн ордон бөгөөд энд оюутан хүн мэдлэг эзэмших зорилготой. Эсрэгээр нь Их Сургуулийн зорилго залуу үеээ мэдлэгжүүлэх ба хүмүүжүүлэхэд чиглэх ёстой. Тэднийг бие дааж бодож, сэтгэж, ажиллаж, бүтээж бас бие дааж шийдэх чадвартай болгох нь Их Сургуулийн үүрэг.

Мэдлэгтэй хүмүүс байна гэдэг улс орон хөгжихын үндэс. Их Сургуулийг дагаж мэдлэг ирдэг ба мэдлэгийг дагаж хөгжил ирдэг. Их Сургуулийн дипломтнууд олширсон ч нийгэм хөгжихгүй байвал харин эргэлзэх ёстой. Буруу мэдлэгтэй хүн буруу л хийнэ, дутуу мэдлэгтэй хүн дутуу л хийх ба алдаатай мэдлэгтэй хүн алдана. Мэдлэг эзэмшинэ гэдэг зөвхөн нэг өдрийн, нэг сарын хугацаанд гүйцэтгэх ажил биш. Хугацаа хэрэгтэй. Их Сургууль бол үргэлж сайжирч байх ёстой газар.

Аливаа хүнд мэдлэг эзэмших боломж нээлттэй ба чөлөөтэй байх ёстой. Мэдлэг бол бүгдэд чөлөөтэй ба хүртээлтэй үнэт зүйл. Үүнийг л аль ч нийгмүүд улс төрийн ямар ч шатанд байсан эрхэмлэх ёстой. Мэдлэг мөн л өөрчлөгдөж, хөгжиж байх ёстой. Ном сэтгүүл ба лекцийн материалууд үргэлж орчин үеийн шинжлэх ухааны мэдээллүүдээр шинэчлэгдэх ёстой байдаг. Энэ бол зайлшгүй ба гарцаагүй үйл явц.

Хэрэв 10,20 жилийн өмнө зааж байснаа шинэчлээгүй давтаад байгаа бол энэ хөгжил биш хоцрогдол. Шинжлэх ухааны хөгжил нь тухайн улс орны хөгжлийг сайжруулдаг. Шинжлэх ухааны хүрээлэнгүүд нийгэмд, улс оронд ашигтай техник технологи боловсруулахад чиглэсэн судалгаа явуулдаг ба төрөөс үүнийг дэмжин санхүүжилт үзүүлдэг. Шинжлэх Ухааны байгууллагууд нь төрөөс ард түмний мөнгөөр санхүүждэг учраас жил бүр хийсэн ажлаа тогтмол тайлагнах үүрэгтэй байдаг.

Төгсгөл

Эцэст нь аливаа зүйлийн нэр ба бодит байдлыг сайн ялгах хэрэгтэй ба нэрийг нь харчихаад тухайн зүйлийг байна хэмээн ойлгож болохгүй. Монголд шинжлэх ухааны хүрээлэн нэртэй газрууд байгаа ч ямар ч ашигт үйлийн коэффицэнтгүй ажиллаж байна. Тэд бол ажлаа хийдэггүй, зорилгоо мэддэггүй хүмүүс. Тэд ажлаа хийхгүй байгаа учраас нийгэм юу сайн, юу зөв, юу буруу, юу худал, юу үнэнээ ч мэдэхгүй дураа дагасан дурын нийгэм болоод байна. Монголд соён гэгээрэл үгүйлэгдсээр. Гэвч хэн соён гэгээрүүлэх вэ?

Хүн та өөрийнхөө ухаанаар бодох зоригтой байгаа ч хэмээн Германы философч Кант хэлсэн байдаг. Хүн бүр бодох ёстой ба таны бодлыг хэн ч хорих ёсгүй.Аливаа зүйлд шууд итгэхээсээ илүү араас нь байнга асууж, эргэлзэж байх хэрэгтэй. Мэдлэггүй нийгэмд мухар сүсэг газар авч хүмүүс эмнэлэг рүү биш гандан руу гүйн эрүүл мэнд, мөнгө төгрөгөөрөө хохирсоор. Зарим хүмүүс амьдралаа балалсаар. Мэдлэгтэй байсан бол хүмүүс ингэж бусдын боол болж зальдуулахгүй шүү дээ. Тиймээс өнөөдөр Монгол орон мэдлэгжих, боловсрох шаардлагатай болжээ.

ШУА болон Их Сургуулиудад том шинэчлэлтийг хийх цаг иржээ.

Судлаач: Б.Гансүх


URL:

Сэтгэгдэл бичих