Турахын зовлон
Өглөө утас хангинав. Нойроо харамласаар утсаа автал тун “ялдамхан” хоолойтой залуу “Уучлаарай эгчээ та …… бүтээгдэхүүний талаар сонирхож утсаар ярьсан хүн мөн үү” хэмээн асууж байна. Мөн байна юу болов хэмээхэд “Эгчээ та уулзалтад ирж суухгүй юу, манай оффис ……….байрладаг юм. Та манай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр эрүүл сайхан болж…….” хэмээн бараг л хорь гаруй минут сэнхрүүллээ.
Ингээд л би гэдэг хүн өглөө болгон намайг нойрноос сэрээдэг нэгэн шинэ сэрүүлэгтэй болж билээ. Уулзалтад нь очоод нэг харагдчих гэхээр өнөөх нь үр дүн гарах ч бил үү, үгүй ч бил үү гэж бодогдох. Би очиж чадахгүй нь гээд хэлчих гэхээр тэр бүтээгдэхүүн нь сонирхол татаад байдаг. Завгүй амьдралын хэмнэл намайг ингэж шаналгах юм гэж яаж мэдэх вэ дээ. Юу хэлэх гээд байна вэ гэхээр, би гэдэг хүн турахын хүслэн болчихоод байгаа юм.
Тиймээс ч гайгүйхэн гэсэн бүтээгдэхүүнийг сонирхон хэрэглэж, хоолоо сойж, фитнессээр хүртэл хичээллэж үзэв. Дүүгийнхээ хичээлийг ч давтуулахгүй компьютер дээр нь бүжиг тавиад хар хөлсөө гартал бүжиглэнэ. Гэсэн ч угийн унаган махлаг дээрээс нь явдаг юм шиг хэрнээ суудаг ажлаасаа болж илүүдэл жинтэй болсон миний хувьд турах гэдэг нэн тэргүүний зорилт болчихоод байгаа юм. Тиймээс надтай адил зовлон нэгтэй хүмүүст өөрийнхөө турах гэж “хөглөсөн” түүхээ хуваалцах хүсэл төрөв.
Манай улс ч гэхгүй дэлхий дээр илүүдэл жинтэй гэх асуудал толгойн өвчин болчихоод байна. Элдэв бусын хачиртай, хачиргүй хүнсний бүтээгдэхүүн, завгүй хэмнэлтэй суудлын ажил, хөдөлгөөний дутагдал, зүрхний өвчлөл зэрэг олон шалтгаанаас үүссэн таргалалттай эрдэмтэд тууштай тэмцдэг ч хүссэн үр дүн гарсангүй. Харин дэлхий нийтийн энэ толгойн өвчнийг нарийн олж харсан хэсэг нөхдүүд элдэв төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж иргэдийн тархийг эргүүлж байгаа учраас энэ асуудлыг хөндөхийг хүслээ.
20000 төгрөгөөр тураадаг бүс байна, цаана чинь
Хамгийн эхний асуудал бол тураах зорилготой бэлдмэлүүд. Тухайлбал, тураах кофе гэх шидтэн байдаг талаар найзаасаа дуулаад өнөөхийг нь хэрэг болгон авч уулаа. Үр дүн алга. Нэлээд хэдэн сар уусан өнөөх бүтээгдэхүүн маань үр дүнгээ өгөхгүй болохоор нь худалдсан дэлгүүртэй давхиж очив. Тэгтэл курсээр уудаг юм. Та зөвхөн эхнийхийг нь ууж байгаа, санаа зоволтгүй гэх тайлбар өгч байна. Өөрөөр хэлбэл, нэг удаа уух 30000 төгрөг маань нэлээд хэдэн удаа болж хувирч байгаа нь тэр.
Тураах кофены хувьд ямар улсад үйлдвэрлэсэн гэдгээсээ шалтгаалан үнийн хувьд 30000-60000 мянган төгрөгт хэлбэлзэнэ. Гэсэн ч ганцхан кофе уугаад турчихдаг бол хүмүүс бид тэгтлээ их илүүдэл жиндээ санаа зовох байсан болов уу. Ажлын эгчийн маань санал болгосон тураах үйлчилгээтэй аяга мөн л үр дүн үзүүлсэнгүй. Өдөрт хэрээс хэтэртлээ ус ууснаас биш тэгтлээ толийж, жин хаясан зүйл байгаагүй юм. 20000 төгрөгөөр зарагддаг турдаг бүс гэж байна, цаана чинь. Бүсийг авахад бүсгүй таньд дагалдуулан халуун чинжүүтэй тураах тос өгнө. Тураах бүс, тосны хувьд нэг сарын ч эдэлгээгүй эд байсан ч миний турах гэсэн хүсэл унтарсангүй.
Мөнгөний дайсан болох биологийн нэмэлт бүтээгдэхүүн
Ингээд дараагийн алхам болох өнөөх алдартай биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүд рүү орлоо. Мэдээж олон найз охидынхоо зөвлөснөөр өглөө орой уудаг нэмэлт бэлдмэл хэрэглэж үзэв. Үр дүн гарч байна аа. Эхний хоёр сар ч гүрийгээд хоолоо сойгоод өнөөх үнэтэй нэмэлт тэжээлээ уугаад л жин ч нэлээд хасав.
Гэхдээ эдийн засаг, ходоод хоёроороо дэнчин тавьж хассан жин маань өнөөхийгөө уухаа болингуут буцаад л нэмэгдэж орхив. Өөрөөр хэлбэл, өдөр шөнөгүй байцаа, луувандаж өглөө орой нь өнөөх үнэтэй бэлдмэлээ уухгүй бол эргээд л нэмнэ. Өглөө уух нь гэхэд л 6600 төгрөг. Орой бас энэ хэмжээний мөнгөөр ууж иднэ гэхээр төсвийн хэдэн төгрөг хардаг мань мэтийн албан хаагчдад бол давдаг даваа биш юм билээ. Нэмэгдсэн жингээ хасах санаатай фэйсбүүкээр мэдээлэл хайж байтал “Та хамгийн богино хугацаанд турмаар байна уу” гэх зар анхаарал татав. Би гэдэг хүн хашраагүй дахиад л ороод үзлээ. Тэнд юм бүхэн байна. Өглөө орой хоёр өлөн элгэн дээрээ уучихдаг 40000 төгрөгийн үнэтэй үрэл байх юм.
Мөн тураадаг бүс, тос, аппарат, бүр наалт хүртэл байх аж. Хэрэгт дурлан уншиж байгаад хамгийн үр дүнтэй сонсогдсон өнөөх үрлийг нь авч орхив. Гэсэн ч үлгэрт итгэж, турах гэх асуудлыг дон болгох шахсан би гэдэг хүн дахиад л хулхидуулчихав. Гэсэн ч үр дүнг нь туршиж, өөрийн биеэр ямар ч нэмэргүй зүйл гэдгийг баталж чадсан, бас тэрнээс авч хайран мөнгө, бас эрүүл мэндээ алдах байсан олон олон бүсгүйчүүд, эрчүүдийг аюулаас аварч чадлаа.
Би үлгэрт итгэсээр л….
Хамт олон маань миний энэ шаналгаатай асуудалд их л анхаарал тавина. Бүгд л өөрсдийн дуулсан мэдсэн, өрөөл бусдаас сонссон, харсан туршлагаа надтай хуваалцах аж. Зарим нь лууван, байцаа, зургаан хэрчим үхрийн махаар турсан туршлагаа хуваалцаж, нөгөө хэсэг нь хамтдаа хөлсөө гаргах санал тавина. Идэж байгаа хоолонд минь анхаарал хандуулж, чи турахгүй ээ хэмээн “даапаалж” гуниглуулна. Фитнест байнга явахгүй бол эргээд таргалчихдаг юм, чи зүгээр л хоолоо зохицуул гэж зөвлөгөө өгөх нэгэн байхад эсрэг талд нь хөдөл хөдөлгөөн чинь дутагдаад таргалж байгаа юм хэмээн загнах хүн ч тааралдана. Өнөөх фитнесүүд нь ядахдаа үнэхээр үнэтэй. Хямдхан нь үнэдээ таарсан орчинтой. Сар болгон хэрэгцээнээс илүү гаргаж 150 мянгаар фитнесс рүү гүйж явах цаг олдохгүй зовоох.
Тэгээд ч өнөөх л үлгэрт итгэж амархан турчих гэсэн хүсэлдээ дийлдэн хоолоо сойж турдаг эм, бэлдмэл, наалт, бүсийг сурагласаар. Зовлон нэгт ажлын эгч маань нэг өдөр тун сайхан газар олсноо гайхсаар ирэв. Ажлынхаа зав зайг харгалзаж байгаад хоёул өнөөх газар руу нь явлаа. Гунхалзсан сайхан эгч шүлс гоожтол уран үгээр ярив. Тэрбээр бүтээгдэхүүнийхээ ид шидийг танилцуулж, бараг л авч уугаад л хэдхэн сарын дараа үр дүнгээ өгөх юм ярив. Турдаг наалтыгаа өөрөө хэрэглэж, ийм сайхан болсноо ярих бөгөөд бидний биеийг тагнаж, чагнаж үзээд л ийм ийм бүтээгдэхүүн хэрэглэ хэмээн бичиж өглөө. Пээ бурхан минь. Турахын тулд бид зүгээр л баян байх ёстой гэнэ. Гинж, гарын бугуйвч, үрлэн эм, гэдэсний наалт, дотроос уудаг цай зэрэг нь нийлээд зөвхөн эхний курс нь гэхэд сая төгрөг болж байв.
Мөнгөтэй бол ч би сарын дотор сайхан болох нь дээ хэмээн сүүрс алдсаар дэмий л 10000 төгрөгийн үнэтэй гэдэсний наалтыг нь авлаа. Ажлын газрын эгч маань ч нөхөр рүүгээ утасдаж өөрөө данснаасаа мөнгө авч байгаад л бүгдийг нь авав. Гэсэн ч хоёр сарын дараа мөнгөгүйдээ бүтээгдэхүүн аваагүй би, мөнгөтэй бүтээгдэхүүн авсан эгч бид хоёрын жин адилхан л байлаа. Өнөөх 10000 төгрөгөөр турах гэсэн миний хүсэл ч талаар болж наагаад ч үр дүн гарахгүй болохоор нь хогийн савандаа чулуудаж орхисон юм.
Өлсөж турах гээд ухаан алдчих шахав
Янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэж залхсан би гэдэг хүн эцэст нь элдэв зөвлөгөө цуглуулж эхлэв. Найз нөхөд маань урам өгөөд алдартай одуудын тураах дэглэм, япон турах арга, хамгийн амархан турах жин хасах дэглэм гэх мэт олон зөвлөгөөг мэйлээр, мессежээр явуулав. Өглөө жимс өдөр жаахан мах, орой тараг, өдөр шөнөгүй ус гэсэн хэв маягтай өнөөх дэглэмийн зөвлөгөөнүүдээс нэгийг нь хэрэглэж долоо хоноод золтой л ухаан алдчихсангүй. Үр дүн гарах ч бидний махсаг монголчуудад тэр жимс ногоогоор хооллох бол давах даваа лав биш.
Тэгээд ч завтай хүмүүсийн дэглэм гэдгийг мэдэж авав. Өглөө нартай уралдаж гараад өдрийн харуй бүрийгээр гэрийн бараа хардаг мань мэтийн албан хаагчид ажлын газар дээрээ зутан хийж, жимс ногоо арилгаж сууна гэдэг бүтэшгүй юм билээ. Тэгээд ч элдэв төрлийн өнөөх зөвлөгөөнүүдийнх нь нэгэнд нь хориглосон бүтээгдэхүүн нөгөө зөвлөгөөн дээр нь идэж болох жагсаалтад орчихсон явах нь түвэгтэй аж. Тураадаг хоол хүртэл гарчихсан байхаар нь авч идэхээ ч бас мартсангүй. Таргалах гэж ганцхан жил зарцуулсан би турахын тулд гурван жил хичээлээ. Нэг ёсондоо ходоодоо хог болгож, гарсан үр дүн ч байхгүй, биеийн эсэргүүцэлгүй энд тэнд хатгаж өвдсөн ийм нэг хүн болж орхив.
Бидэнд эрүүл амьдралын хэв маяг дутагдаж байгааг ойлгов
Сарын цалингаасаа зарлагадаж сүүлийн үед их яригдах болсон тураах массаж, аппарат ашиглаж үзэхээр шийдлээ. Хамгийн сайн гэгдэх газрын хаалгыг татаж ороод л их сайхан ааштай эелдэг гоолиг бүсгүйчүүд дунд яваад орчихов. Массаж хийгээд аппаратад оруулаад л тун удахгүй сайхан болно хэмээн тайтгаруулах аж. Бас болоогүй тураадаг жимс байгаа талаар сурталчилгаа хийж, 30000 төгрөг халааснаас минь сугалахаа мартсангүй. Аппаратад орсон бол заавал курсээр явна. Тэгээд дээрээс нь тураах хувцас өмсөнө, массаж хийлгэнэ.
Мөнгө ч талийж өглөө. Жимс, хоол наалт, сүлжээний бүтээгдэхүүн, биологийн нэмэлт бүтээгдэхүүн коктейл гээд хамаг л “турах” гэх тодотголтой бүгдийг хэрэглэж үзсэн надад өнөөх хувцас нь үнэмшилгүй санагдсан учраас массаж хийлгээд, тураадаг шидтэй аппаратад орохыг урьтал болгов. Гэсэн ч арьс бага зэрэг суларснаас бусдаар бол үр дүн гарсангүй. Харин хамаг мөнгөө л үрж дуусгав. Одоо турах гэх бодлоо орхихоор шийдсэн. Хамгийн гол нь хүн эрүүл байх нь чухал юм гэдгийг ухаарч хоёр жил гаруй хугацаанд ходоодоо хогоор дүүргэж, хайран мөнгөө бидний зовлонгоор бизнес хийсэн хэсэг бүлэг нөхдүүдэд өгсөндөө харамсав. Зөвхөн би ганцаараа л энэ бүхнийг үзээд яваад байсан юм биш. Надтай адилхан зовлонтой олон олон бүсгүйчүүд, эрчүүд байгаа, тэд ч бас надтай адилхан ингээд мөнгөө үрчих вий гэсэн үүднээс энэхүү түүхийг бичлээ. Бид зөвхөн эрүүл байх учиртай, бас өглөө босоод гүйчихдэг, өдрийн их ажлынхаа хажуугаар ядахдаа ганц цаг явган алхчихдаг болчихвол хөдөлгөөний дутагдал, элдэв өвчнөөр өвдөж таргалахгүй юм байна. Турдаг хоол, эм, жимс, наалт, бүсний ч хэрэг алга.
Үнэхээр л энэ бүхэн ид шидтэй байсан бол таргалалтын төлөө дэлхий нийтээрээ ингэж санаа зовних байсан гэж үү. 10000 төгрөгөөр турчихдаг байсан бол хөлхөгөр хувцас өмссөн махлаг, тарган эмэгтэйчүүд хотын гудамжаар хөлхөлдөх байсан уу гэдгийг бодоод үзэцгээе. Бидний турах гэж хичээсэн тэр хүслийг маань мөнгө болгож харсан эдгээр зальт этгээдүүдээс өөрсдийгөө хамгаалцгаая. Мөнгөтэй бол сайхан болчихно гэдэг бол зүгээр л үлгэр. Таргалах болсон шалтгаанаа эхлээд зөв оношлоод тэгээд түүнийгээ зөв эмчилж чадвал бидэнд таргалах шаардлага гарахгүй. Өглөө, оройгүй таксидаж хөдөлгөөний дутагдалд орсон, бас ужиг зүрхний өвчин минь намайг ийм их замыг туулах шалтгаан болсон гэдгийг ойлгосон. Тиймээс би хөдөлгөөнийг чухалчилж, бас эрүүл болохоор мөнгөө үрж байна. Эм бэлдмэл, наалт аппаратад биш эрүүл мэнддээ мөнгөө зарцуулъя. Харин дараа нь та сэтгэл хангалуун үлдэх вий.
Б.Бумаа
URL: