Хятадууд монгол төгрөгийг их хэмжээгээр авч байсны учир тайлагдлаа
Урд хөршрүү хятад, монгол иргэд их биш ч гэлээ олон ширхэг мөнгөн дэвсгэртийг авч гарах нь ихэссэн талаар бид мэдээллэсэн.
Ингэхдээ нэгтээс эхлээд таван зуутын хэдэн сая төгрөгийн дандаа шинэ дэвсгэрт авч гардаг байжээ.
Хил, гаалийн ажилтнууд төгрөгийн жижиг дэвсгэртүүдийг ямар учраас их хэмжээгээр хил нэвтрүүлэх гэж байсныг асуухад “Хятадууд авдаг юм. Бэлэг дурсгалын зүйл хийдэг гэсэн” хэмээн мэдүүлсэн гэдэг.
Төгрөгийн жижиг голдуу шинэ дэвсгэртүүдийг урд хөрш рүү гаргах болсон нь манай эдийн засаг, мөнгөний нийлүүлэлтэд бодит аюул учруулаагүй ч энэ асуудлыг Монголбанкныхан анхааралдаа авч, хууль хяналтын байгууллагад хандаад байжээ.
Хилийн тагнуулын албаныхан энэ асуудлаар шалгалт хийж зарим зүйлийг тогтоогоод байгаа юм. Тэдний олж мэдсэнээр хятадууд төгрөгөөр бэлэг дурсгал хийх бус, тусгай уусмалд хийж, зураг, дүрсийг нь арилгаад үнэт цаасыг нь ашигладаг байсан аж.
Баригдсан нь цөөн болохоос баригдалгүй хил нэвтэрсэн нь хэд байгааг хэлж мэдэхгүй. Өнгөрсөн сард гэхэд сая шахам төгрөгийн жижиг дэвсгэрт авч гарахыг завдсан нэг Монгол залууг хилчид Замын-Үүдийн боомтод саатуулсан юм.
Ийм зөрчил гарах болсон тул хил, гаалийн хяналтыг сайжруулах шаардлагатай гэж үзжээ.
URL: