“Хөхний даруулгаа хандивлацгаая” компанит ажлын үеэр
Британийн үзэгчид нэгэн ТВ сувгийн өглөөний шоу нэвтрүүлгийн шууд эфирт цээж нүцгэн бүсгүйг хараад алмайрцгаасан аж. Уг шоу эмэгтэйчүүдийн хөхний хавдартай тэмцэх үйл ажиллагаанд зориулагдсан байжээ. Хөтөлбөрийг санаачлагчид хавдрын эсрэг тэмцэх санд мөнгө хуримтлуулахын тулд бүсгүйчүүдийг өөрсдийн хөхний хуучин даруулгуудаа хандивлахыг уриаллаа хэмээн The Telegraph-д мэдээлсэн байна.
ITV телесуваг Сью хэмээх хагас нүцгэлсэн загвар өмсөгчийн тусламжтайгаар бүсгүйчүүдийг хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хөхөө хэрхэн шалгаж үзэж байх талаар сургалт явуулсан байна. Загвар өмсөгчийн хөдөлгөөнийг Хилари Жонс эмч тайлбарлаж байжээ. Эмчийн өгүүлснээр, бүсгүйчүүд өдөрт гуравхан минутыг өөртөө зориулан хөхөө шалгаж байх шаардлагатай гэнэ. Энэхүү үзүүлбэрийн дараа эмч болон шоуг хөтлөгчийн зүгээс Сьюд талархал илэрхийлсэн байна.
Энэхүү нэвтрүүлэг нь “Хөхний даруулгаа хандивлацгаая” (Bin Your Bra) олон нийтийн кампанит ажлын нэг хэсэг байсан бөгөөд хөхний хуучин даруулгуудыг дахин боловсруулах үйлдвэрт өгөх замаар мөнгө цуглуулах зорилготой аж.
Уг шоуг үзсэн хүмүүсийн зарим нь хүүхдэд иймэрхүү нэвтрүүлгийг үзүүлбэл шооконд оруулна хэмээн шүүмжлэлтэй хандаж байсан бол нөгөө хэсэг нь загвар өмсөгч Сью болон хөтөлбөрийг санаачлагчдыг зоригтой эмэгтэйчүүд гэж сайшаасан байна.
URL: