Маргааш сайн дураараа хөдөлмөр эрхлэх өдөр

Жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн бямба гарагийн амралтын өдрийг “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгохоор тогтсон байна. Манай улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа 786 мянга гаруй хүн байдаг бөгөөд нэг хүн жилдээ нийтээр тэмдэглэх баяр, ээлжийн болон амралтын бусад өдөр гээд 130 өдөр амардаг байна. Энэ нь нэг жилийн бүх өдрийн 34,5 хувийг амралт, баяр тэмдэглэхэд зориулдаг гэсэн үг юм. Иргэд нийгмийн сайн сайхны төлөө жилд ганцхан өдөр сайн дураараа хөдөлмөрлөхөд 12,5 тэрбум төгрөгийн баялгийг бүтээж чадах юм.

Нэг өдрийг эрүүл, аюулгүй орчин бий болгох, хот сум суурингаа цэцэрлэгжүүлж, тохижуулах, дэд бүтцийг нь сайжруулах, байгаль орчноо нөхөн сэргээх, соёлын дурсгалт газруудыг сэргээн засварлах зэргээр бүтээн байгуулалтын ажил хийхэд зарцуулъя хэмээн төрийн бус байгууллагууд болон иргэд хэд хэдэн удаа Засгийн газарт хандаж байжээ.

Тиймээс иргэд, олон нийтийн үүсгэл санаачилгыг Засгийн газар дэмжиж, жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн Бямба гарагийг орон даяар “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгосон байна. Цаашдаа орон даяар бүтээлчээр хэвшүүлэн хэрэгжүүлж,  үндэсний бүтээмжийн хөдөлгөөн болгон өрнүүлэхийг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд болон хөдөлмөрийн харилцааны түншлэгч талууддаа төр засгаас уриалжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих