Сэтгүүл зүй дэх айдас

Яг энэ цаг мөчид Хэвлэл мэдээллийн удирдах ажилтны үндэсний хоёрдугаар чуулган Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн турш болох энэ хуралд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л сонин, телевиз, сайт, сэтгүүлийн удирдлагууд оролцох бөгөөд “Чөлөөт сэтгүүл зүйн эрхзүйн орчин” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Сэтгүүлчид бичсэн нийтлэл, дэлгэсэн баримтынхаа төлөө юм л бол шүүхийн хаалга татчих гээд байдаг болсон энэ үед дээрх сэдэв нь цаг үеэ олсон, мэдэрсэн гэж онцолж болох бөгөөд хамгийн гол нь чуулганд оролцогчид дээрх сэдвийнхээ хүрээнд сэтгүүлчээ, хэвлэл мэдээллийн байгууллагаа, цаашлаад сэтгүүл зүйн салбарынхаа эрх зүйн орчинг боловсронгуй болгох гарцыг хайж олоосой, нэгдсэн шийдэлд хүрээсэй гэсэн хүлээлтийг үүсгэж байна. Тэгвэл яг энэ цаг мөчид буюу хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд Төрийн ордонд чуулж байх үед Сүхбаатар дүүргийн шүүхийн эрүүгийн болон иргэний танхимд үзэг нэгт хоёр андыг маань, хэвлэл мэдээллийн талбар гэсэн нэг дээвэр дор багтдаг хоёр байгууллагыг нэгэн зэрэг шүүж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ч.Үл-Олдохыг хохирогч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хууль ёсны төлөөлөгч гэх С.Билэгсайхан Эрүүгийн хуулийн 111.2-оор яллуулахаар шүүхэд хандсан.

Хурлын тов нь өнөөдөр 15:00 цагт болохоор зарлагдсан бол Иргэний хэргийн танхимд нь иргэн Ч.Амгаланбаатар “Монголын мэдээ” сониноор нэр төр сэргээлгэнэ хэмээн 100 сая төгрөг нэхэмжилсэн шүүх хурал зарлагджээ. Монголд чөлөөт сэтгүүл зүйн салбар үүсээд 20 гаруй жил болж байгаа гэх ч нэг өдрийн дотор хоёр хэвлэл мэдээллийн байгууллагыг, хоёр сэтгүүлчийг шүүж байна гэдэг нь яах аргагүй эмгэнэл юм. Иймээс ч үүнтэй зэрэгцээд эрхтэн дархтнуудыг дөрөвдэх засаглалынхыг дарамталсан, далайлгасан, сүрдүүлсэн, шүүх засаглалын нэрийг барьж өмнөө сөхрүүлэх, өөртөө үйлчлүүлэх гэсэн башир аргад гаршаад байгаа юм биш биз гэх айдас төрж эхэллээ. Яагаад гэвэл ийм айдас төрүүлэх үйл явдал шил шилээ даран өрнөж байгаа юм.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагын тоо нэмэгдэх хэрээр сэтгүүлчид рүү чиглэсэн нийгмийн дайралт их болж байна. Болж бүтэхгүй байгаа бүхнийг баримттай нь уудалсан сэтгүүлчдийг бол нийгэм даяараа чичилж “Захиалгат сэтгүүл зүйг хөгжүүлэгч. Бусдын даалгав­раар хүн гүтгэгч минь эх сурвалжаа хэл” гэх мэтээр дарамталж, доромжлох нь хэрээс хэтрэв. Энэ нь ч сүүлдээ нарийн зохион байгуулалтад орж төрийн түшээдээс эхлээд эрх мэдэл мөнгө хөрөнгөтэй дарга захирлууд ажлаа хийж яваа сэтгүүлчийг дарамтлах шүүх, цагдаад өгч сэтгэл зүйн хүнд дарамтад оруулах байдлаар энэ салбараас хөндийрүүлэхийг хичээж байх шиг болов. Энэ тухай хамгийн сүүлд болсон жишээг дурдахад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Тэргүүн” сониныг шүүхэд өгч, сонины эрхлэгч болон сэтгүүлч нарыг нь хүний нэр төрд халдсан зэрэг хэд хэдэн үндэслэлээр ялын тогтоол уншуулаад амжлаа.

Хэдийгээр Н.Алтанхуяг сайд “Би сэтгүүлчдийг шүүхэд өгөөгүй. “Тэргүүн” сониныг шүүхэд өгсөн” хэмээн ярьж буй ч тэрбээр өдий насандаа сонин, сэтгүүл, телевиз гээд сэтгүүл зүйн байгууллага сэтгүүлч гэдэг хүний нуруун дээр явдаг гэдгийг маш сайн мэдэж байх учиртай санагдана. Гэтэл тэрбээр иймэрхүү хайнга зальжин үгээр сэтгүүлчдийг доромжилж, сэтгэл зүйн дарамтад оруулж, тэр ч бүү хэл “Би эзэн чинь хэн бэ, захиалагч чинь хэн бэ гэдэг асуудлыг тавина” гэх мэтээр та бидний эрхэнд, ёс зүйд харшлах асуултыг тавина хэмээн даапаалж буй нь эрх мэдэлтнүүдээс эхлээд энэ нийгмийн давхарга бүрт сэтгүүлчдийг үзэн ядах, сэдэл төрүүлээд байна уу гэсэн айдсыг төрүүлж байгаа юм. Ер нь ч түүний энэ мэтээр ярьж буй өнгө аяс нь сэтгүүл зүйн бүх байгууллага болоод сэтгүүлчдийг “Морь унасан толгойгүй хүн” болгож харагдуулах гээд байгаа нь бүр ч эмгэнэлтэй.

Тэгвэл энэ мэт аргад төрийн албан хаагчид бүр ч гаршиж байна. Тэд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглээр бичдэг сэтгүүлчийг баримтат нийтлэл гаргасных нь төлөө шүүх цагдаад өгөх зэргээр элдвээр дарамталдаг жишиг тогтов. Тухайлбал, манай сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэг “Дугаарын бизнес” гэж хүн болгоны мэддэг тэгсэн атлаа илчилж чаддаггүй айхавтар хууль бус үйл ажиллагаа газар аваад буй тухай баримтат нийтлэл бичсэн юм. Энэ нийтлэлийг гараасаа гаргахаас өмнө тэрбээр дээрх асуудлыг хариуцдаг гэх Зам тээврийн яамны Хяналт бүртгэлийн газрын дарга Б.Жаргалаас энэ талаар тодруулахаар, албан ёсны мэдээлэл авахаар хэд хэдэн удаа хандахад огт мэдээлэл өгөөгүй атлаа сэтгүүлчийг баримтад тулгуурлан нийтлэлээ гаргасны дараа элдвээр дарамтлан эрүүгийн хэрэг үүсгүүлж жил  дамнуулан хуулийн байгууллагаар шал­гуулж байна. Уг нь энэ хэргийг анхан шатны шүүхээр “Ц.Эрдэнэцэцэг гэдэг сэтгүүлч хүн гүтгэсэн нь тогтоогдохгүй байна” гэсэн шийдвэр гаргасан. Гэвч энэ шийдвэр эрхэм даргад таалагдаагүй. Гүтгүүлсэн, гүтгэсэн гэсэн нотлох баримт гаргаж өгөхгүй атлаа дахин дахин хуулийн байгууллагад гомдол гаргаж буй нь ажлаа мэдэхгүй байж нэр төрдөө хайртай төрийн албан хаагчид ямар аймшигтай, ямар увайгүй болсныг гэрчилж байгаа. Ер нь ийм хачин арга барилд манай төрийн албан хаагчид төдийгүй сайд дарга нар төдийгүй Засгийн газрын гишүүд хүртэл гаршаад байгаа. Тэдний хууль бус үйл ажиллагаатай холбоотой баримтыг дэлгэхээр “Өөрийн чинь гүтгэлэг дахиад өөр газар гарвал би таныг шүүхэд өгнө шүү” гэх мэтээр мессеж бичин дарамталж, “Танай сэтгүүлч намайг дарамталж мөнгө авах гэсэн” гэсэн гэх мэтээр сонины удирдлагууд руу худал ярьж хон хэрээлдэг увайгүй, өрөвдмөөр, арчаагүй, өчүүхэн зан гаргадаг болчихлоо.

Мэдээж энэ бүх дарамт сэтгүүл зүйн тогоонд багтдаг  цөөн хэдэн сэтгүүлчид өдөр тутам тохиолддог, ирдэг дарамт бөгөөд  албан тушаалтнууд, гэмт хэрэгтэн, авлигачдын бузар булхайг хэвлэлээр дэлгээд эхлэхээр энэ увайгүй үйлдэл нь эрчимжиж “Намайг гүтгэж, доромжилж байна, захиалгаар бичүүлж байна” хэмээн өөрсдийгөө хаацайлдаг болчихоод байна. Тэр ч бүү хэл нийгэмд энэ хэдэн сэтгүүлчдэд хэдэн халтар төгрөг өгчих л юм бол хэнийг ч юу гэж бичихээс сийхгүй гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлчихээд байдаг нь, ийм ойлголтыг Засгийн газрын тэргүүнээсээ эхлээд нийгэмд өгчихөөд байдаг нь л салбарт яах аргагүй эрхзүйн шинэчлэл, бодлого яаралтай хэрэгтэй болсныг харуулж байна.

Иймээс Төрийн ордонд чуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд “Чөлөөт сэтгүүл зүйн эрхзүйн орчин” үндэсний чуулганыхаа хүрээнд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг эергээр батлуулах, чөлөөт сэтгүүл зүй дэх эрх зүйн орчинг боловсронгүй болгох, үнэхээр сэтгүүлчид нь мөнгө аваад бусдыг доромжлоод байдаг юм бол тэдний асуудлыг хэрхэн шийдэх гарцыг хайх мөн Эрүүгийн хуулиас 111 дүгээр зүйлийг авч хаях уу эсвэл… гэдэг асуудлыг яаралтай хэлэлцэх хэрэгтэй болчихоод байна. Тэгэхгүй бол нийгмийг эрүүлжүүлэх үүрэгтэй сэт­гүүлчид эрх мэдэлтнүүдийн өмнө сөхөрч, эрүүгийн хүнд элемент болж дуусах нь байна.

“Өдрийн шуудан” сонин


URL:

Сэтгэгдэл бичих