Томоохон зах, худалдааны төвүүдийг хаана
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон 58 хүнсний зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын үеэр компаниудын 80 гаруй хувь нь батлагдаагүй зураг төслөөр өргөтгөл хийсэн, “Нарантуул”, “Өгөөмөр”, “Мишээл экспо”, “Жи эм жи” худалдааны төвүүд “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” улсын комиссын акт гаргуулаагүй, цахилгаан, дулааны техникийн аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн байдалтай байжээ. Эдгээр дотроос ялангуяа хүнсний худалдааны төвүүдийн 71 хувь нь хурдан муудах хүнсний бүтээгдэх үүнийг технологийн дагуу хадгалдаггүй, эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй байсан байна. Нийт 424 зөрчил илэрч, 53 аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд 11.9 сая төгрөгийн торгууль ногдуулсан гэнэ.
Түүнчлэн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” улсын комиссын акт гаргуулаагүй үйл ажиллагаа явуулж буй “Нарантуул”, “Барс импекс” компанийн “Барс-1”, ”Барс-2”, “Тоса”, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй “Өгөөмөр”, “Мишээл экспо”, “Дүнжингарав” зэрэг худалдааны төвийн үйл ажиллагааг хэсэгчлэн болон нэг бүрчлэн хаах улсын байцаагчийн акт гаргасан байна. Дээрх худалдааны төвүүдийг нийслэлийн Засаг даргын захирамжаар хаахаар болсон байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: