Эрх тань зөрчигдвөл 262787 дугаарын утсанд холбогдож гомдол гаргаж болно

Эрх тань зөрчигдвөл 262787 дугаарын утсанд холбогдож гомдол гаргаж болно

Өөрийн эрх зөрчигдөж байгаа эсэх талаар яаж мэдэх, хэнд хандах талаар ХЭҮК-ын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнээс тодрууллаа.

-Монгол Улсад хүний эрх ямар зүйл дээр хамгийн их зөрчигдөж байгаа вэ?
-Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нэн тэргүүнд зөрчигдөж байгаа. Тухайлбал, уул уурхайн үйл ажиллагаа, барилга бүтэээн байгуулалтын ажлууд гэх зэрэг олон зүйл байна. Мөн эмнэлгийн тусламж авах, эрүүл мэндээ хамгаалуулах эрх нэлээд их зөрчигддөг. Энэ мэт хүний эрхийн төрөл бүрийн зөрчил гарсаар байгаа.

-Иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа асуудлыг зохицуулах талаар ямар ажлуудыг хийж байна вэ?

-Ер нь бол иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг төр өөрөө бүрдүүлэх үүрэгтэй гол байгууллага. Тиймээс иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн тохиолдол бүрт ХЭҮК иргэдээс тухай бүрт нь гомдол мэдээллийг нь хүлээн авч шүүхэд хандах, захиргааны буруу акт гаргасан албан тушаалтанд хариуцлага ногдуулах чиглэлээр ажиллаж байгаа. Ер нь сүүлийн жилүүдэд МУХЭҮК-д иргэдээс ирүүлэх гомдлын тоо улам нэмэгдэх болсон. Тодруулбал, энэ оны есдүгээр сарын байдлаар 500 орчим гомдол хүлээн авсан. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад маш их тоо. Учир нь өнгөрсөн жил нийтдээ 330 гомдол ирсэн байдаг.

-Иргэдээс ирж байгаа гомдлын ихэнх хувийг ямар гомдол эзэлж байгаа вэ?

-Иргэдээс ирэх гомдол нэмэгдэх хэрээр эрүү шүүлтэд өртсөн асуудлаар ирэх гомдол ихэсч байгаа. Тодруулбал, ХЭҮК-д ирж байгаа нийт гомдлын тал орчим хувийг хорих анги, цагдан хорих байгууллагуудаас ирүүлдэг. Тодруулбал, тухайн газарт хоригдсон хүмүүс эрүү шүүлтэд өртөж байна. Мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, цагдаагийн ажилтнууд бидэнтэй зүй бусаар харилцдаг. Хүнлэг бус хэрцгий замаар мэдүүлэг байцаалт авч, хэрэг тулгаж хүлээлгэж байна гэх мэт гомдлуудыг ирүүлдэг. Ер нь гомдол бүрийг шалгаад зохих арга хэмжээг авдаг. Хуулиар харьяаллын дагуу эрүү шүүлттэй холбоотой хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгадаг. Тиймээс ХЭҮК тус байгууллагатай хамтарч ажиллаж ирсэн гомдлуудыг шилжүүлэх замаар шийдвэрлэж байгаа.

-Хүний эрхийн талаар мэдээлэл авах буюу гомдол гаргах тохиолдолд иргэд өөрийн биеэр танай байгууллага дээр ирэх шаардлагатай юу?
-Манайх энэ жилээс эхлээд иргэдээс цахим хэлбэрээр гомдол хүлээн авдаг болсон. Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэд ХЭҮК-т гомдол гаргах боломж хязгаарлагдмал байдаг. Тиймээс цахим хэлбэрээр гомдол авч эхэлсэнээр иргэд хаанаас ч байсан гомдол гаргах боломж нээгдсэн. Түүнчлэн 262787 дугаарын утсанд холбогдоод утсаар гомдлоо мэдүүлж болно. Мөн хуулийн үнэ төлбөргүй зөвлөгөө авах эрхтэй. Манай цахим шуудан info@mn-nhrc.org, цахим хаяг www.mn-nhrc.org гэсэн хаяг байгаа. Ер нь ХЭҮК гомдол гаргах иргэдийн тоо өсч байна гэдэг нь манай байгууллагыг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ байгуулага гэдгийг иргэдэд мэдрэгдэж чадсан гэсэн үг.

-ХЭҮК-ийн үйл ажиллагаа хэр өргөжиж байна вэ?
-Катар улсын Доха хотноо энэ сарын 1-3-ны өдрүүдэд Ази Номхон Далайн Бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын 18 дахь удаагийн чуулган болсон. Уг чуулга уулзалтаар хоёр томоохон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Тодруулбал, энэхүү чуулганы 20дахь удаагийн хурлыг Монгол Улсыг төлөөлөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст олгосон. Мөн Ази Номхон Далайн Бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы орлогч даргаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс сонгогдож, 2015 оноос эхлэн тус байгууллагыг толгойлохоор болсон. Энэ нь Ази болон Номхон далайн бүс нутаг дахь бусад хүний эрхийн үндэсний байгууллагууд дундаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг олон улсад үнэлж байгаагийн илрэл юм. Ази Номхон Далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулган нь тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй хүний эрхийн үндэсний байгууллагуудын хамтын ажиллагааны байгууллага бөгөөд анх 1996 онд Австрали Улсын Дарвин хотноо байгуулагдаж байсан. Уг чуулган нь хүний эрхийн үндэсний байгууллагуудын үр дүнтэй үйл ажиллагааг явуулахад шаардагдах хамгийн наад захын олон улсын хэм хэмжээг тусгасан НҮБ-ын “Парисын зарчим”-д бүрэн нийцсэн “бүрэн эрхт” 15 гишүүн хүний эрхийн үндэсний байгууллага, мөн гурван “орлогч гишүүн” байгууллагатай байдаг.

-Ази Номхон Далайн Бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы орлогч даргаар сонгох, 20 дахь удаагийн хурлыг эрхийг олгосон нь ямар нэгэн шалтгаантай байх ?
-Сүүлийн үед ХЭҮК-ийн явуулж байгаа эрүү шүүлттэй тэмцэж байгаа үйл ажиллагаа, энэ талын хяналт шалгалтын ажил мөн төрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэдэд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр ХЭҮК-оос гаргаж байгаа шүүхэд төлөөлөн нэхэмжлэлийн асуудлаар Ази номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагууд нэлээд өндөр төвшинд хүлээн авсан. Тиймээс ч бусад хүний эрхийн байгууллагууд хэрэгжүүлэх ёстой тэргүүний туршлага юм байна гэж үнэлсэн. Энэ чиглэлээр Ази тив Номхон далайн бүс, Австрали тивд үйл ажиллагаа явуулж байгаа хүний эрхийн байгууллагууд ХЭҮК-ийн туршлагыг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатай гэж үзээд тухайн байгуулагуудад энэ чиглэлээр сургалт зохион байгуулж байгаа.

-Бусад улс орон эрүү шүүлтийн асуудалд яагаад ингэж их анхаарч байгаа юм бол?
-Эрүү шүүлтийн асуудлыг бусад хүний эрхийн байгуулагууд сонирхоод байгаагийн гол учир нь зарим хүний эрхийн байгууллагууд ХЭҮК шиг чиг үүрэгтэй ажиллаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах ч эрхгүй хүний эрхийн байгууллагууд байдаг учир энэ асуудлыг онцлон сонирхож байгаа байх.

Ж.Отгонмягмар


URL:

Сэтгэгдэл бичих