Хотод амьдрагсад татвар төлнө

527-1380859882untitledУИХ-ын нэгдсэн хуралдаанаар ээлжит бус чуулганаар хэлэлцээд шийдвэрлэж чадаагүй орхисон Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталлаа. Үүнтэй зэрэгцээд тарварын зарим нэгэн хуулиудад өөрчлөлт орох юм.
Сангийн яамнаас татварын 17 багц хуулийг өөрчлөх асуудлыг дараагийн ээлжинд чуулганаар хэлэлцүүлэхээр боловсруулаад байгаа. Өв залгамжлалын албан татвар, Хотын татвар, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, Эд мөнгөний хонжворт сугалааны хууль, Онцгой албан татвар, Газрын хэвлийн төлбөр,
Гаалийн тарифийн тухай хууль, Гаалийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Бэлэн ба бэлэн бус төлбөр тооцоог бүртгэх тухай, Хөрөнгийн албан татварын хууль, Байгалийн бохирдлын төлбөр,
Ашигт малтмалын болон газрын тосны төлбөр, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ. Татварын багц хуулиар өмнө нь Монголд Улсад хэрэгжиж байгаагүй цоо шинэ хуулиуд ч “мэндлэх” юм.
Сүүлийн үед үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт ихссэн ч бэлэглэлийн гэрээгээр халхавчлагдан татварт нэг төгрөг төлдөггүй. Тиймээс бэлэглэлийн гэрээнээс албан татвар авахаар болоод байгаа юм. Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үүсээд байгаа үнийн хөөсрөлийг зохицуулах шаардлагатай гэж үзэж буй.
Ялангуяа орон сууцны үнийг тогтворжуулахад бэлэглэлийн албан татвар чухал үүрэг гүйцэтгэнэ гэж мэргэжилтнүүд тооцож байгаа юм. Улаанбаатарын ачаалал эрс нэмэгдсэн шалтгааныг шилжин ирэгсэдтэй холбож үздэг.
Нэг хэсэг Улаанбаатарт шилжин ирж байгаа хүмүүсээс 25-50 мянган төгрөгийн хураамж авдаг байсан ч Үндсэн хууль зөрсөн гэдэг шалтгаанаар болиулсан юм. Тэгвэл Хотын татварын дагуу нийслэлчүүд болон аймаг, улсын чанартай хотынхноос хураамж авахаар болжээ. Аль ч улс оронд томоохон хотуудад амьдарч байгаагийнхаа татварын төлдөг хууль бий.
Монгол Улсын 2.7 сая иргэний тал хагас нь амьдарч байгаа нийслэлийн шилжилт хөдөлгөөнийг сааруулах, ачаалалыг нь буруулах, нөгөө талаас эзэнгүй үлдэхэд хүрээд буй орон нутгийн хөгжлийг дээшлүүлэх зорилгоор энэ хуулийг батлах шаардлагат байгаа.
Байгалийн бохирдлын төлбөр энэ удаад багагүй нэмэгдэж байна. Нүүрс түлсэн болон, нүүрсээ олборлосон аж ахуйн нэгж, айл өрхөөс Улаанбаатарын агаарыг бохирдуулсан гэх үндэслэлээр татвар авахаар болж байгаа юм. Мөн ус гол бохирдуулсан, хог хаясны хураамжийг нэмэгдүүлэхээр болжээ.
Арьс, ширний үйлдвэрүүд Туул гол руу бохирдлоо асгадаг, голд машинаа угаадаг хэнэггүй нөхдийг журамлахад энэ хууль нэлээд хөшүүрэг болох байх. Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгжээс килограммаар нь тооцож, хоногт 50 шоометрээс их хаягдал ус гаргадаг, эсхүл аюултай бохирдуулах бодис гаргадаг ус бохирдуулагчийн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг мөн л килограммаар бодож татвар авах юм байна.
Харин түүхий нүүрсийг гүн боловсруулах замаар үйлдвэрлэсэн, стандартын шаардлага хангасан шинэ төрлийн түлш үйлдвэрлэсэн тохиолдолд боловсруулсан нүүрсний хэмжээгээр төлбөрөөс чөлөөлөх гэнэ. Мөн нэг километр зайд явахад 120 грамм болон түүнээс бага хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг автотээврийн хэрэгслээс хураамж авахгүй юм байна.
Хөгжингүй улс орнуудад хувь хүний орлогын албан татварын нийт орлогын 30-аас дээш хувийг эзэлдэг бол Монгол улсад 10 хүрэхгүй 5-8 хувь байдаг. Энэ нь цалингийн хэмжээ болон татварын хувь хэмжээ харьцангуй бага, хөнгөлөлт чөлөөлөлт ихтэй, татвар ногдуулалт, тайлан гаргах түвшин бага байгаатай холбоотой гэж Сангийн яамнаас үзэж байна.
Тиймээс багц хуулийн дагуу Хувь хүний орлогын албан татварт өөрчлөлт оруулахаар хүлээгдэж буй бөгөөд үүний хүрээнд малчдаас тодорхой хэмжээний татвар авахаар болжээ. Тухайлбал, Малчин өрх, мал бүхий этгээдийн албан татвар ногдуулах орлогыг малын тоогоор тодорхойлох юм байна.
Ингэхдээ малын тоог нэг хонины толгойгоор бодож, үхэр адууг тав,тэмээ, ямаааг хоёр хонь гэж тооцох юм байна. Харин үхсэн алдсан малыг гамшгийн улмаас хорогдсон нотлох баримтыг үндэслэж татвараас хасч тооцох аж.
/sonin.mn/

URL:

Сэтгэгдэл бичих