Л.Болд, Ц.Оюунгэрэл нар олигархиудын хүсэлтээр Дархан цаазат Богдхан уулыг хотын энгийн дүүрэг болгохоор зүтгэж байна уу

11475_419600-хан өрхийн эрх ашгийн төлөө Монголын түүхийн гэрч, өв соёл болсон Богдхан уулыг нийтийн хөлд гишгүүлэх нь зөв үү

Дархан цаазат Богдхан уулын нутаг дэвсгэрээс хэсэгчилэн тасдаж, тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл яг одоо БОНХЯ-нд яригдаж байна.

Хууль санаачлагч нь УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар. Шалтгаан нь Зайсангийн аманд эртнээс амьдарч ирсэн 600 гаруй айл өрхийн газрыг хувьд нь шилжүүлж, газар эзэмших эрхийг нь авч өгөөд амар тайван амьдуулахад оршиж байгаа гэх. Тэд энэхүү хуулийн төслөө өнгөрсөн ёсдүгээр сард УИХ-аар оруулсан бөгөөд намрын чуулганаар хэлэлцэгдэнэ хэмээн итгэж байна. Харин салбарын яам дархан цаазат газрын хилийн цэсийг өөрчлөх, хэсэгчилэн чөлөөлөхийн эсрэг хатуу байр суурьтай байгаа ч энэхүү төслийг БОНХЯ-аар батлуулж, дэмжүүлэх талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэргүүтэй Засгийн газрын гишүүд идэвхийлж, нам, улс төрийн дарамт, шахалт ирж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Хэдийгээр өнгөн дээрээ хэсэг айлын газрыг тусгай хамгаалалтаас гаргах мэт боловч өрх тус бүрээр хэсэгчилэн тасдаж, өмчлүүлж болохгүй нь ойлгомжтой. Дархан газрын хилийн цэсийг өөрчлөхийн тулд тухайн бүс нутгийг бүхэлд нь чөлөөлөхөөс аргагүй гэдгийг төсөл санаачлагчид тун сайн мэдэж байгаа.

УИХ-ын тогтоолын төсөл санаачлагчид Зайсангийн уугуул иргэдийн эрхийг л хамгаалах гэж байна хэмээн тайлбарлаж буй. Түүнчлэн Арцат, Богинын амыг хилийн заагаас чөлөөлөхөөр төсөлд тусгасан талаараа огт дурсахгүй байна. Үнэндээ 600 өрхийн цаана томоохон бизнесийн хийгээд улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалж байгаа юм биш биз гэсэн хардлага хэдийнэ газар аваад байгааг нуух юун. Богдхан уулыг тойроод хэдийнэ нүхэлж, том том барилга, хаусууд босч эхэлснийг иргэд угаасаа ч мэдэж байгаа.

Хэрвээ энэ төсөл батлагдвал Богдхан уул дархан цаазат гэдэг овгоо авч хаяхаас аргагүйд хүрнэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Цаашлаад зарлигаар дархалсан Богд хан уул эцэстээ Улаанбаатар хотын зүгээр л нэг дүүрэг болон тэлэх нөхцөл бүрдэнэ.

Харин энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл эвтэйхэн тайлбар хийжээ. Тэрбээр “Зайсангийн тусгай хамгаалалттай газраас зарим айлын газрыг чөлөөлүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг  бид боловсруулсан. Зайсанд амьдардаг 600 гаруй өрх газрын зөвшөөрөлгүйгээс болж, хөөгдөөд байгаа. “Та нар тусгай хамгаалалттай газарт амьдарч байгаа учраас газраа чөлөөлөх ёстой” гэсэн улаан канттай мэдэгдэх хуудас авсан айлууд өнгөрсөн өвөл нэлээд олноороо хөөгдсөн. Тэдгээр иргэд Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүддээ хандсан л даа. Тэр үед УИХ-ын гишүүн Л.Болд бид хоёр хамтарч иргэддээ өмгөөлөгч хөлсөлж авч өгөөд, өмгөөлөгчдийн тусламжтайгаар иргэд хашаандаа үлдэж, амьдрах эрхээ түр баталгаажуулж авсан. Улаанбаатарын аль нэг хэсэгт амьдарч байгаа иргэд газраа чөлөөлөх боллоо гэхэд нөхөн олговор авдаг. Гэтэл Зайсанд болохоор нөхөн олговор олгохгүй. Яагаад гэвэл тэд тусгай хамгаалалттай газарт амьдарч байгаа учраас газар өмчлөх зөвшөөрөл аваагүй. Тэдэндзөвшөөрлийг нь өгдөггүй. Хэдийгээр аав, ээжийнхээ амьдарч байсан газарт амьдарч байгаа ч тэдэнд газрын зөвшөөрөл авах эрхийг нь анхнаасаа өгөөгүй. Тэр хүмүүс газраасаа хөөгдөөд явахад эрхээ хамгаалах боломжгүй, амьдралын баталгаагүй хоцрох болж байна. Тиймээс иргэд бидэнд хандаж, эрхийг минь баталгаажуулж өгөөч гэж хүсээд байгаа юм” хэмээсэн байна.

Уг нь УИХ-ын гишүүд нийт 45.3 га газрыг тусгай хамгаалалтаас гаргана хэмээн ярьж буй. Харин тогтоолын төслийн үзэл баримтлалд тусгаснаар дархан цаазат газрын хилээс хасах талбай 302.92 га болсон байна. Эндээс та тусгай хамгаалалтаас гаргахаар зэхсэн га талбай хэд дахин үржиж томорсныг харчихаж болно.

Зайсангийн тодотголтой тогтоолын төсөл өнөөдөр анх яригдаж буй хэрэг биш ээ. 1995 оноос Зайсангийн гэх маргаан эхэлж, одоогоос 10-аад жилийн өмнө УИХ-ын хэдэн гишүүн иймэрхүү төсөл боловсруулаад унаж байсан удаатай. Угаас тусгай хамгаалалттай нутагт олон жил суурьшсан иргэдэд газрыг нь өмчлүүлэх нэрээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт төвхнөх, улмаар бизнесийн хүрээгээ тэлэх аятай боломж олж авдаг сонгодог жишээ Монголд цөөнгүй шүү дээ. Өдгөө үйл явдал ийн өрнөх зуур Богдхан уулын амуудад газрын үнэ автоматаар өсөж, Хан-Уул дүүргийн дээрх хороодод бүртгэлтэй өрхийн тоо жигд хэмээр дээшилж эхэлжээ.

Мэдээж уг тогтоолоор үе удам дамжин амьдарсан 600 гаруй өрхөд газар өмчлөх эрх олгоход болохгүй зүйл байхгүй ч тэдний нэрээр Зайсангийн аманд гэхэд 303 орчим га талбайг дархан цаазат газрын хилийн цэсээс хасахаар төлөвлөж байгаа нь үүний цаана асар их авлига, нууц хуйвалдаан явагдаж байна гэсэн үг. Хэрвээ Зайсан, Богино, Арцатын амыг ийм байдлаар чөлөөлөөд эхэлбэл Богдхан ууланд суурьшсан бусад нь бас барьцах эрх үүснэ. Угтаа бол өмнө нь хийгээд шинээр суурьшсан өрхүүд бүгд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчсөн нь үнэн. Тиймээс 600-хан айл өрхийн газрын асуудлыг орон сууц болон өөр бусад газраар сольж, гомдлыг нь барагдуулаад ер нь энэ хавьд дур дураар суурьшсан, дахин суурьшуулахаар барилга барьж буй хөрөнгөтөнгүүдийг тусгай хамгаалалттай газар нутгаас хөөн зйалуулбал яасан юм бэ.

Явж явж Л.Болд, Ц.Оюунгэрэл нарт л хамгийн их ашигтай юм биш үү

Энэхүү асуудал нааштайгаар шийдэгдвэл явж явж Л.Болд, Ц.Оюунгэрэл нарт л ашигтай юм биш үү. Наанадаж газрын том асуудал шийдэж өгсөн гээд бизнесийнхэн тэдэнд том “бэлэг” өгнө, цаанадаж 2012 оны сонгуулиар Зайсангийн газрын эрхийг нь албан ёсоор авч өгч, газрыг нь өмчлүүлнэ гэсэн тэдний амлалт биелснээр дараагийн сонгуульд торох зүйлгүй ялалт байгуулна. Тэгэхээр уг хуулийн төсөл батлагдвал ямар ч хувилбараар бодсон Л.Болд, Ц.Оюунгэрэл нарт л ашигтай юм байна шүү дээ.

Ц.Оюунгэрэл хуулийн төслийн талаар ярихдаа “Есдүгээр сарын эхний долоо хоногт энэхүү хуулиа УИХ-д өргөн барьсан. Намрын чуулганаар хэлэлцэх байх. Дээрх төсөлд хамруулсан 600 гаруй айл байнга хөөгдөж байдаг айлууд. Газраа чөлөөлүүлсэн хүмүүс тэндээ орон байраа барих, амьдрах эрхтэй болдог нь дэлхий нийтэд байдаг түгээмэл эрх юм байна. Энэ нь ганцхан Улаанбаатарт, Зайсанд тохиолдсон хэрэг биш. Жишээлбэл, АНУ-ын үндэсний 20 парк дотор ийм чөлөөлөгдсөн хэсгүүд байдаг юм билээ. 1000 га ойг хамгаалалтад авахад тэр ой дотор ганц айл үе удмаараа амьдарч байж л дээ. Тиймээс тэр айлыг ойгоос нь хөөхгүйгээр газартай нь үлдээсэн. Үүнийг Grand fathers low буюу Өвөг эцгийн хууль гэж нэрлэдэг. Таны өвөө энд амьдарч байсан бол та энд амьдрах эрхтэй гэсэн утгатай хууль. Харин хувьчилж өгсний дараа тэр газрыг улс худалдаад авч болно шүү дээ. Зайсангийн газрыг улс худалдаж авахгүй, нөхөн олговор олгохгүй хэр нь хөөгөөд байгаа нь Өвөг эцгийн хуулийг зөрчөөд байна. Тиймээс иргэд бидэнд хандсан юм” хэмээсэн байна” гэх мэтээр сурталчилгаа хийж эхэлсэн байна.

Цөөнхийн эрх ашгийн төлөө нийтийн үзэл бодол, байр суурийг уландаа гишгэж үл болно

Ер нь түүхийн бодит гэрч, өв соёл болсон Богдхан Дархан цаазат газраа хэсэгхэн хүний эрх ашгийн төлөө нийтийн эзэмшлийн газар болгох нь яавч сайн хэрэг биш.

600 орчим айл өрх Монголын хүн амын хичнээн хувийг эзлэх билээ. Цөөнхийн эрх ашгийн төлөө нийтийн үзэл бодол, байр суурийг уландаа гишгэх нь ардчилсан төрийн баримтлах ёстой зарчим биш. Иймээс ийм эргэлзээтэй, үндэсний эрх ашгийг хөндсөн уг асуудлыг ард түмэнтэйгээ ярилцаж байж шийдэх нь зүйтэй биз ээ.

Эх сурвалж: Mongolcomments.mn


URL:

Сэтгэгдэл бичих