Д.Энхтуяа: Иргэн бүр шударгаар татвараа төлөх тогтолцооны эхлэл тавигдаж байна

Д.Энхтуяа: Иргэн бүр шударгаар татвараа төлөх тогтолцооны эхлэл тавигдаж байна

Нийслэлийн хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажил есдүгээр сарын 20-ноос эхлэн үргэлжилж байна.

Энэ талаар Татварын ерөнхий газрын мэдээлэл технологийн төвийн ахлах байцаагч Д.Энхтуяатай ярилцлаа.

-Үл хөдлөх хөрөнгийн тооллогын ажил хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?
-Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч, Татварын ерөнхий газрын хамтарсан тушаалаар нийслэлийн хэмжээнд байгаа бүх үл хөдлөх хөрөнгө, тэнд үйл ажиллагаа явуулдаг иргэдийг бүртгэлжүүлж тоолох ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Татварын алба Нийслэлийн өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газар гэх мэт байгууллагатай хамтарч ажиллаж бүх дүүрэг, хороонд тооллогын баг гаргасан.

Тооллого явуулсны дүнд иргэн, ААН-ийн үл хөдлөх хөрөнгө, татвар төлөгчийн талаарх албан ёсны мэдээллийн сан бий болох юм. Тэр мэдээллийн санг төрийн байгууллага, татварын алба ашиглана. Энд дөрвөн төрлийн мэдээлэл багтах болно.

Нэгдүгээрт, татвар төлөгчдийн мэдээлэл орно. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 100 мянган иргэн амьдардаг гэвэл үүнээс 30 мянга нь татвар төлөгч, 20 мянга нь автомашин эзэмшдэг, 15 мянга нь үл хөдлөх хөрөнгөтэй гэх мэт. Мөн өөр дүүрэгт оршин суудаг мөртлөө Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэдийн тоо ч гарна.

Хоёрдугаарт, үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл үүсгэнэ. Нийслэлийн хэмжээнд байшин барилга ихээр нэмэгдэж байна. Эдгээр том объект дотор хэн, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдгийг мэдэх боломж бүрдэх юм. Жишээлбэл, “Гранд плаза” гэх томоохон объектын өмчлөгч, түрээслэгчдийг тодорхой болгож мэдээллийн баазаа нэмнэ гэсэн үг.

Гуравдугаарт, газар өмчилж авсан иргэдийн мэдээллийн сан бүрдүүлнэ. Дөрөвдүгээрт, том объектод үйл ажиллагаа явуулдаг иргэдийн ажлын байрны бүртгэлийг оруулна. Жишээ нь, “Гранд Плаза”-д үйл ажиллагаа явуулдаг бол өрөөгөө өмчилж авсан уу, эсвэл түрээсэлсэн үү, энэ өрөөндөө юу хийдэг талаар бүртгэнэ. Ингээд дөрвөн төрлийн үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн сан үүснэ.

-Ингэснээр иргэн, ААН татвараа шударгаар төлөх боломж бүрдэх нь ээ?
-Тийм. Ингэж мэдээллийн сан бий болгосноор татварын орлого бүрдүүлэх томоохон үндэс болно. Ингэснээр иргэд нэгэн жигд, бүгд татвараа төлдөг тогтолцоо руу шилжиж эхэлж байна.

-Тооллогын ажил төлөвлөсний дагуу хугацаандаа дуусах уу?
-Тооллогын ажил хоёр үндсэн хэсэгтэй. Есдүгээр сарын 1-ээс энэ сарын 1 хүртэл тооллогоо явуулсан. Харин ирэх сарын 1-ээс 15 хүртэл хяналтын тооллого явуулах юм.

-Тооллогын явцад хүндрэл хэр гарч байна уу. Иргэн, ААН-ийн хувьд хэр идэвхтэй хамрагдаж байна?

-Өнөөдөр /өчигдөр/ ажлын хэсэг хуралдлаа. Тооллогын явцын мэдээгээр ямар нэг хүндрэл гараагүй гэж мэдэгдсэн. Төлөвлөсөн хугацааныхаа хүрээнд тооллогоо явуулж байна. Дүүрэг бүрийн томоохон объектоос тооллогоо эхэлсэн. Жишээлбэл, “Гранд Плаза”, 100 айлыг тоолоод эхэлсэн. 3000 үл хөдлөх хөрөнгийн дотор байрлаж байгаа иргэдийн мэдээллийг авсан. Мөн 152 хорооноос 62 хороо нь барилгажсан хороо, үлдсэн нь гэр хороолол болох нь тооллогын явцад харагдлаа. Иргэдийн хувьд эсэргүүцээд байгаа зүйл одоогоор алга. Бидний зүгээс ч гэсэн хэвлэл мэдээлэл, татварын алба, тухайн хорооны баг, байцаагчаар дамжуулаад мэдээллээ хангалттай түгээсэн учраас хүндрэл гараагүй.

-Өмнө нь хэзээ үл хөдлөх хөрөнгийн тооллого явуулж байсан бэ?
-Татварын албаны хувьд дангаараа 2008 онд тооллого явуулж байсан. Үүнээс хойш анх удаа тоолж байгаа юм. Энэ удаад хэд хэдэн байгууллагыг хамруулан өргөн хүрээнд зохион байгуулж байна. Мөн 2013 оныг хүртэл хөдөө орон нутгийг тооллогод хамруулсан. Бүх ус, худаг, нийтийн зам, гүүрээ тоолсон. Одоо тэр доторх хөрөнгө болоод иргэнээ тоолох л ажил үлдээд байна.

-Иргэн, ААН тооллогод хамрагдахдаа ямар бичиг баримт бэлдэх вэ?

-Иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн өмчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түрээсийн гэрээ гэх мэт эрхзүйн баримт бүрдүүлэх шаардлагатай.

-Бичиг баримтаа ямар нэг байдлаар хаяж гээсэн бол яах вэ?
-Үйл ажиллагаа явуулж байгаа мөртлөө үл хөдлөхийн гэрчилгээ аваагүй, өмчлөгч нь тодорхойгүй байсан ч хамаарахгүйгээр тооллогынхоо маягтыг бөглөөд явуулж байгаа.

Б.Золзаяа


URL:

Сэтгэгдэл бичих