2.027 кг хар тамхи устгалаа
-Хэрэгт холбогдсон С.Наранбаатар нарын есөн хүн 6-15 жилийн ял сонсчээ-
Баянзүрх дүүргийн шүүхийнхэн өчигдөр 2.027 кг хар тамхи устгалаа.
С.Наранбаатар нарын есөн хүн холбогдсон хар тамхи тээвэрлэсэн хэргийг өнгөрсөн зургадугаар сард тасалсан юм. Тиймээс хэргийн эд мөрийн баримт болох 2.027 кг диацетилморфин буюу гройныг шүүхийн байгууллагын холбогдох хүмүүсийг байлцуулан устгалд оруулав.
Хар тамхины олон улсын ханш нэг кг нь 400 мянган ам.доллар байдаг аж.
Хэргийг тодруулбал, С.Наранбаатар нарын есөн хүн 2011 оноос эхлэн хилээр хар тамхи зөөвөрлөж, бусдыг энэ үйлдэлдээ уруу татсан байдаг. С.Наранбаатар 2011 оны аравдугаар сарын 27-нд Ж.Амгалангаар брэнд бараа нэрээр халхавчилсан 3.9 кг, Т.Анхбаяраар 3.7 кг героин агуулсан мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зорилгоор Малайз улсаас БНХАУ руу тээвэрлүүлжээ.
Мөн Ч.Эрдэнэбаатартай үгсэн тохиролцож, 2011 оны арванхоёрдугаар сарын 7-нд Улаанбаатар-Бээжин чиглэлийн СА902 аяллын онгоцоор зорчих үедээ БНХАУ-ын Гуанжоу хотод хүргэх зорилгоор 2.027 кг бэлдмэлийг Монгол Улсын хил нэвтрүүлжээ.
Энэ мэтчилэн С.Наранбаатар нийт 35 хүнээр тус бүр 1-4 удаа мансууруулах бодис тээвэрлүүлсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм. Тиймээс тэдэнд холбогдох хэргийг гурван шатны шүүхээр оруулж, хамгийн сүүлд Улсын дээд шүүхээр өнгөрсөн зургадугаар сарын 21-нд ялласан.
Шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхээс С.Наранбаатарт чанга дэглэмтэй хорих ангид 15 жил, Э.Гоомарал, Ж.Наранмандах нарт чанга дэглэмтэй хорих ангид тус бүр 11 жил, Э.Онон, О.Навчаа, Р.Лена нарт чанга дэглэмтэй хорих ангид тус бүр 10.6 жил хорих ял тус тус ногдуулсныг хэвээр үлдээсэн юм. Харин Ч.Эрдэнэбаатарыг хар тамхи мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар ногдуулсан 11 жил хорих ялыг 6.6 жил болгон хөнгөрүүлжээ.
Баянзүрх дүүргийн шүүхийнхэн энэ онд хоёр дахь удаагаа хар тамхи устгалд оруулж буй юм. Энэ төрлийн хэргээр нутаг нэгтнээ харийн улсад цаазын ял сонсгосон хүмүүсийн цөөнгүй үйлдэлд хуулийнхан цэг тавьсан. Гэвч одоо ч нутаг нэгтнүүдээ хуурч мэхлэн хориотой наймаанд уруу татаж буй тохиолдол гарсаар байна.
Хар тамхи гэгч олон улсад эрэлттэй, хориотой наймаанд санаатайгаар болон санамсаргүй оролцож, эрүүл мэнд, амь амьдралаараа хохирсон монголчууд олон байдаг. Тиймээс хар тамхины наймаанд брэнд бараа нэрээр хэрхэн холбогддог, цахим ертөнцөөр яаж уруу татдаг, монголчууд яагаад өртөх болсон талаар баримт дэлгэн цувралаар нийтлэх болно.
Б.Заяа
URL: