Л.Эрдэнэчимэг: Иргэний үнэмлэхээ үзүүлж архи худалдан авдаг болно

8d7fdf644bd07c37bigУИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. -Архины хяналтын тухай хуулийн төслийн ач холбогдол нь юу вэ?
-Иргэд улстөрчдийг архитай тэмцээч гэж шаардаж байна. Тамхины хууль гарсантай адилхан архины хууль гаргаад өгөөч гэж байна. Архидалт эмэгтэйчүүдийн нуруунд маш том ачаа болж байна шүү дээ. Үүнтэй хэн ч маргахгүй байх. Энэ талд төр засгаас олон жил дорвитой ажил хийсэнгүй. Тиймээс бид Архины хяналтын тухай хуулийг боловсруулж намрын чуулганаар өргөн барина. Хуулийн төсөл батлагдана гэдэгт найдаж байна. Энэ хуулийн гол агуулга нь согтууруулах ундааг найман нэрийн хүнсний дэлгүүрээр борлуулахгүй байх явдал юм. Тусгай дэлгүүрээр зарж борлуулна гэсэн үг. Одоо 300 хүн тутамд архи зардаг нэг дэлгүүр ногдож байгаа. Үүнийг 3000- 5000 хүн тутамд нэг архины дэлгүүр болгож, байршлыг саармагжуулна. Ингэхдээ сум, дүүрэг, хороо бүрт өөр өөр зохион байгуулалтын ажил хийнэ. Хүн амын тооноосоо хамаарч архины дэлгүүрийг хуваарилна. Архи зардаг дэлгүүрийн тоог багасгаж, байршил зааж өгснөөр цагдаагийн хяналт сайжрах боломжтой. Цөөхөн дэлгүүрт согтууруулах ундаа борлуулах учраас чанаргүй архи багасна. Цаг хэтрүүлж архи борлуулдаг явдлыг хязгаарлана.

-Насанд хүрээгүй хүүхэд согтууруулах ундаа хэрэглэх нь их. Дэлгүүрийн худалдагчтай тохироод авчихбал яах юм. Хяналт хэрхэн тавих вэ?
-Согтууруулах ундаа худалдан авахдаа хүн бүр иргэний үнэмлэхээ үзүүлж үйлчлүүлэхээр хуульчилна. Та 50 настай байсан ч 15-тай байсан ч хамаагүй бичиг баримтаа үзүүлнэ. Иргэд цэнгээний газраар үйлчлүүлэхдээ заавал бичиг баримттайгаа явах ёстой. Иргэний үнэмлэхийг нь шалгаж оруулах юм. Гадаадын олон оронд ийм жишиг үйлчилдэг. Түүнчлэн согтууруулах ундаа зарж борлуулж буй дэлгүүр хяналтын камер тавьж, үүнийхээ тусламжтайгаар илрүүлнэ.

-Архи борлуулах дэлгүүрүүд тусгай зөвшөөрөл авах уу?
-Архи борлуулах тусгай дэлгүүр байгуулж байгаа болохоор тусгай зөвшөөрөл авна гэсэн үг.

-Тусгай зөвшөөрөл авах нэрийдлээр авлига гаарах юм биш биз?

-Танил талтай нь тусгай зөвшөөрөл авах юм биш үү. Авлига нэмэгдэх юм биш үү гэж олон хүн сануулж байгаа. Зарим нь танай намын хэдэн нөхөд тусгай зөвшөөрлийн эзэн болох юм байна даа гэж хүртэл хэлж байсан. Намынхандаа зориулж хуулийн төсөл боловсрууллаа гэж хардаж байгаа хүн ч бий. Энэ бол зүй ёсны хардлага. Бид тусгай зөвшөөрөл авах процессыг нээлттэй болгоно. Иргэдийн оролцоо энд маш чухал. Архи зарах зөвшөөрөл авах хүн иргэдтэй уулзах ёстой. Тиймээс иргэдийн нийтийн хуралд оршин суугчид идэвхтэй оролцож, би гэрийнхээ ойролцоо архины дэлгүүр ажиллуулмааргүй байна гэдгээ хэлэх шаардлагатай. Ингэхээр зөвшөөрөл авах гэж байгаа хүн иргэдийг “найрах” хэрэг гарч байгаа биз. Танай хороонд цэцэрлэг барьж өгье, хогийг нь цэвэрлэхэд туслая. Оронд нь дэлгүүр нээхэд надад саналаа өгөөч гэж тохиролцох ёстой. Тусгай дэлгүүр нээх зөвшөөрөл олгох эрхийг орон нутгийн иргэдэд олгох нь зөв гэж үзэж байгаа юм. Тухайн дэлгүүрээс олсон орлогын тодорхой хувийг орон нутгийн анхан шатны байгууллагад олгохоор хуульд тусгасан. Орлогын тодорхой хувийг авсан орон нутаг, дүүргийн анхан шатны байгууллага тухайн газрынхаа хөгжил цэцэглэлтэд энэ мөнгийг зарцуулах шугамаар явна гэсэн үг.

-Согтууруулах ундаа борлуулах цэгийг багасгахаар нууцаар архи зарах явдал их гарах байх даа. Үүнийг бодолцож үзсэн үү?
-Хууль хэрэгжиж байгаа эсэхэд цагдаагийн байгууллага хяналт тавина.Түүнээс гадна олон нийтийн оролцоог нэлээд идэвхжүүлнэ. Тухайлбал, нэг хороонд хэсэг иргэд нийлээд баг байгуулна. Тэднийг улсаас цалинжуулна. Энэ хүмүүс тухайн газарт гарч буй зөрчлүүдийг илрүүлэх юм. Иргэд зөрчлийг илрүүлээд цагдаад мэдэгддэг байвал ажил илүү хөнгөрнө л дөө. Бээжинд гэхэд гудамж талбайд тамхи татаж байвал настай хүн хүрч ирээд шаардлага тавьдаг. Тэр хүн олон нийтийн цагдаа байх жишээтэй. Иргэдийн оролцоотойгоор хэв журмыг сахиулдаг олон орон бий л дээ. Архичдыг хааш нь аваачих вэ гээд хүмүүс ярьж байна. Тэднийг албадан хөдөлмөр эрхлүүлэх журмаар шийдвэрлэж болно.

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар иргэд ямар ойлголттой байна вэ?
-Энэ хуулийн төсөл нийгэмд маш их хүлээлт үүсгэж байгаа. Уг хуулийн төсөл намрын чуулганаар ороод батлагдана. Ирэх жил бид дахиад цэцэрлэггүй байх уу. Хүүхдүүд сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байх уу гэдэг асуудал урган гарна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдчих юм бол ирэх гуравдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Иргэдийн зүгээс жижиг цэцэрлэг байгуулах хүсэлт тавьж байна. Ийм цэцэрлэг байгуулах шаардлагыг нь хөнгөлөөд өгчихвөл нэг айл ойр орчмынхоо арав гаруй хүүхдийг хараад байж болно шүү дээ. Улсын цэцэрлэгтэй адилхан төрөөс өгдөг 116 мянган төгрөгийг ч эдгээр цэцэрлэгт өгөх юм.

-Сонгогчидтойгоо уулзахад ямар асуудлыг түлхүү ярьж байна вэ?
-Чуулганы завсарлагаанаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Иргэд өргөн нэрийн бүтээгдэхүүний үнэ өсч байгаад бухимдалтай байна. Төрөөс бараа бүтээгдэхүүний үнийг барьж чадахгүй бол тэтгэвэр тэтгэмжээ нэмээч гэсэн шаардлагыг өндөр настнууд тавьсан. Тиймээс намрын чуулганаар тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх гэж байна. Тэтгэврийг ямар шатлалаар нэмэх вэ гэдгийг сайн бодолцох ёстой. Сонгинохайрхан дүүрэгт 20 мянган ахмад настнууд бий. Тэдний 80 хувь нь 180 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Энэ бол тэтгэврийн хамгийн доод хэмжээ. Гэтэл зөвхөн Сонгинохайрхан дүүрэг ч биш олонхи ахмадууд бага тэтгэвэр авч байна. Ахмадууд бүх насаараа ажил хөдөлмөр эрхэлсэн. Тэд хийх ёстойгоо хийчихсэн хүмүүс. Төр засгаас өгөх ёстой тэтгэвэр тэтгэмжийг хангалттай өгөх хэрэгтэй биз дээ. Гэтэл төр засгийн буруугаас ахмадуудын тэтгэвэр маш бага тогтоогдсон. Одоо энэ асуудалд анхаарах цаг болжээ. Тиймээс тэтгэврийг шатлалтай нэмж өгмөөр байна. Өмнө нь тэтгэврийг 50 хувиар нэмэхэд өндөр тэтгэвэр авдаг нь 50 мянган төгрөг авч байхад бага нь таван мянган төгрөгөөр нэмэгдэж байх жишээтэй. Нэлэнхүйд нь нэмэхээр тэтгэврийн хэмжээнд маш их зөрөө гардаг. Тэгэхээр тэтгэвэр нэмэхдээ бага авдагт нь 50 хувь, дундаж тэтгэвэр авдагт нь 30, их авдагт 20 хувиар шатлалтай нэмэх ёстой гэж үзэж байгаа юм. Тэтгэвэр тэтгэмжийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгох шаардлагатай байна.

Ц.ОЮУНТУНГАЛАГ

URL:

Сэтгэгдэл бичих