Бид эрэн сурвалжлах сэтгүүл зүйн “мангасууд”
Үндэсний өдөр тутмын шилдгийн шилдэг “Өглөөний сонин” үүсэн байгуулагдсаны долоон жилийн ой тохиож байгаа энэ л өдрүүдэд нийт уншигч, харилцагч та бүхэнтэйгээ хамтдаа өнгөрүүлсэн, дурсамж дүүрэн он жилүүд, мартагдашгүй гэгээн өдрүүдээ эргэн дурсахад таатай байна.
Анхны дугаар хэвлэгдэн гарсан 2006 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн монголын хэвлэл мэдээлэл, өдөр тутмын сонины орон зайд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эхлэлийг тавьсан зоригтой дайчин сурвалжилга, нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх арга зам хайж, асуудал дэвшүүлсэн олон нийтлэл, урлаг, спортын давтагдашгүй торгон агшнуудыг уншигч та бүхэндээ цаг алдалгүй түргэн шуурхай хүргэсээр ирснээрээ “Өглөөний сонин” ямагт шилдгийн шилдэг нь байсан билээ. Тиймдээ ч 2006, 2007, 2008, 2009, 2011 оны “ТОП-5” сонины нэг, 2010 оны “Өдөр тутмын шилдэг сонин”, 2012 оны “Өдөр тутмын шилдгийн шилдэг сонин”-оор шалгарч байв.
Өнгөрсөн долоон жилийн хугацаанд өдөр тутмын сонинуудаа ямагт манлайлсаар ирсэн “Өглөөний сонин”-ы нийтлэлийн бодлого нь эрэн сурвалжлах сэтгүүл зүй давамгайлсан, уншигч олны сонирхлыг татахуйц баримт нотолгоо сайтай сурвалжилга, нийтлэл, егөө фельетон, цаг үеийн тулгамдсан асуудалд түлхүү анхаарсаар ирлээ. Өдөр тутмын сонинуудын дунд явуулсан олон судалгаагаар хамгийн уншууртай сониноор удаа дараа шалгарч, захиалагчдынхаа тоогоор ч ТОП сонины нэг байсаар ирсэн нь бидний цаг наргүй хөдөлмөрийг үнэлсэн уншигч олны маань хүндлэл, бидэнд итгэсэн их итгэл найдвар, дэмжлэгийн үр шим юм.
Өнөөдөр “Өглөөний сонин”-ы редакц нь Санхүү, Хүний нөөц, Маркетингийн хэлтэс, Улстөр мэдээллийн алба, Нийгэм, эдийн засаг, гадаад мэдээллийн алба, Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн алба, Цахим сонин, эх бэлтгэл, дизайн зэрэг албадуудад 20 гаруй сэтгүүлч, сурвалжлагчтайгаар өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна.
Үүсгэн байгуулагч “сонины холбоо”-ны Хадаа
Манай сониныг уг нь Раднаагийн Хадбаатар үүсгэн байгуулсан юм. Гэвч энэ эрхмийг ихэнх хүн “Сонины холбооны” хэмээдэг. Тэрбээр Монголын сонины холбоог үүсгэн байгуулалцаж, хэд хэдэн удаа ерөнхийлөгчөөр нь сонгогдон ажиллаж байгаа.
Анх сэтгүүл зүйн салбарт “Хүмүүс” сониныг үүсгэн байгуулж хөл тавьсан түүний дараагийн нэг мөрөөдөл нь өдөр тутмын сонин байсан. Тиймдээ ч өнөөгийн “Өглөөний сонин”-ыг зүрх сэтгэлдээ аль 10-аад жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн бол харин цаасан дээр бууж, уншигчдын гарт хүрээд өдгөө долоон жилтэйгээ золгож байгаа нь энэ юм.
Ерөнхий эрхлэгч Л.Нинжжамц
Монголчууд ХХI зууны мэдээллийн технологийн үр шимийг амсаж өдөр тутмын шуурхай мэдээллийг цахим ертөнцөөс хангалттай олоод үзчихдэг болсон энэ цаг үед өдөр тутмын өртөг зардал ихтэй цаасан сонинг удирдаж 30-аад хүнийг ажилтай, орлоготой явуулна гэдэг ганц бүсгүй хүнд ахадсан ачаа.
Гэхдээ л эрч хүчтэй цоглог энэ хатагтай хэр баргийн хүн халширмаар энэ ачааг турьхан нуруугаа хотолзуулахгүй тэгшхэн авч явж дөнгөөд л байгаа юм.
Хариуцлагатай нарийн бичгийн дарга С.Туул
Маргааш хэвлэгдэх “Өглөөний сонин”-ы өнөөдрийг тодорхойлдог өглөөний хурлын үеэр түүнийг харвал зүрх муутай нэгэн айж ч магадгүй.
Өдөр тутмын сонин өглөөний хурлаас л эхэлдэг. Тиймдээ ч сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга гэдэг редакцийн “атаман” байх учиртай. Энэ дүрд түүнд өрсөлдөгч байхгүй. Тэр хатуурхаж чаддаг шигээ хамт олныг зангидаж чаддаг нэгэн. Урлаг, спорт, хөдөө, гадаа гээд хаана ч хамт олноо чиглүүлж хачин “хариуцлагатай” байж чаддаг.
Маркетингийн хэлтсийн дарга Д.Сайнбаяр
“Өглөөний сонин”-оос хоол хороож байгаа 30 “товариш” идэх хоолтой, өмсөх хувцастай байхын тулд зайлшгүй цалин авах ёстой. Харин Д.Сайнбаяр байхгүй бол “Өглөөний сонин” реклам, зар сурталчилгаагаар таг суух нь тодорхой. Тэгвэл өнөө хэдэн сэтгүүлч дарга цэрэгтэйгээ “хэчнээн залуу ч халаас хоосон” алхах нь ойлгомжтой. Нэг ёсондоо тэр бол гадуур гүйж зар сурталчилгаа цуглуулж, явсан газраасаа мөнгө зууж ирдэг “ажилчин шоргоолж”. Бас “Өглөөний сонин”-ы анхны дугаарыг өлгийдөж авсан нэгэн.
Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга Р.Саруултөгс
“Өглөөний сонин”-ы нүүр царайг тодорхойлогчдын нэг манай Саруул явдал суудал нь нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй ч ямагт дуулиан таригч, монголын нийгмийг ариусган цэвэрлэх эрэн сурвалжлах сэтгүүл зүйн магнайд яваа чансаатай хэдхэн сэтгүүлчийн нэгэн.
Хэл ам, нэхэл дагалтай хүнд ачааг нуруундаа үүрч яваа ч хэзээний галтай цогтой, хааяа хэнээс ч айхгүй адтай чанга дуугарчихдаг л хүн дээ. Тэрбээр “Өглөөний сонин”-ы 2012 оны шилдэг сэтгүүлчээр шалгарсан юм.
Улстөр мэдээллийн албаны дарга Д.Энхтүвшин
“Өглөөний сонин”-ыхон дунд хамгийн олон оймс элээсэн хүний хувьд Д.Энхтүвшин дарга амьд архив, бөөн туршлага. Хөндсөн сэдэвтэй, оносон бичлэгтэй нийтлэлийн дээр манай хүний нэр дурайж байхыг уншигчид маань бишгүй л харсан байх. Бичлэгийн төрөлд захирагдахгүй, билиг танхай хүн гэвэл түүнийг л хэлнэ. Улстөрийн албыг тэргүүлж, өглөөний шуурхай тараад л төрийн ордон руу гүйдэг шигээ орой ч хамгийн эрт гэргийдээ очихоор яаран тэмүүлдэг хүн дээ.
Санхүү, хүний нөөц Ц.Амарбаясгалан
Турьхан, эмзэг Ц.Амарбаясгалан мөнгө, санхүүд ч турьхан, эмзэг ханддаг тун ч тооцоотой нэгэн.
Салан баавгай шиг цацаад байвал “Өглөөний сонин” өөдлөхгүй нь ч тодорхой.
Цаасан сонингууд хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй болсон энэ үед ч цалингаа цаг тухайд нь олгож маниусынхаа магнайг тэнийлгэдэг нь түүний тооцоотой, нямбай зангийнх нь шагнал гэлтэй.
Гэрэл зурагчин Ж.Гал-Эрдэнэ
Хааяа нэг тас хийтэл инээчихээд манай Галаа гадуур л гүйж явна. Солонгос машинаа голоод зарчихсан биш явган гүйгээд хэцүүдэж яваа.
Тохой хэрийн апаратаа үүрээд том, том алхаж явах нь тэнгэрийн хаяаны наана бэлчээрт яваа ширээ бөхтэй атан тэмээг санагдуулна.
Ганц сайхан кадр дарахсан гэж өдрийн бодол болж явдаг Ж.Гал-Эрдэнэ зурагчин өдийд халуун үйл явдлын тэргүүнд апаратаа бариад гүйж л яваа.
Нийгэм, эдийн засаг, гадаад мэдээллийн албаны дарга Э.Мөнхзаяа
Биеэр бага ч бэлчээр томтой манай Э.Мөнхзаяа байгаа байхгүй нь мэдэгдэхгүй ч ногдсон ажлаа хамгийн түрүүнд хийчихээд л гүйж явна. Түүний бэлтгэсэн гадаад мэдээлэл уншууртай, даацтай болдгийн нууц нь эрдэм ухаан, эр зоригоороо ямагт манлайлагч байсаар ирсэн буриад удмын халуун цус судсаар нь лугшиж буйтай холбоотой байж ч магадгүй. Гэхдээ чухам үнэн нь юу болохыг өөрөөс нь асуусан нь дээр байх.
Сурвалжлагч Б.Төрбат
Гэмт хэрэг, элдэв зөрчлийн араас шогшсоор байгаад манай Төрөө мөрдөн байцаагчийн дүрд хувирч, “Хутга тулган дээрэмджээ” гэж хашхираад зүүд нойрноосоо сэрдэг ч байж болзошгүй.
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйд цахиур хагалах авьяас, зүтгэл түүнд бий. Ээжийгээ баярлуулахын төлөө идэр есийн хүйтэнд гэр рүүгээ толгой нүцгэн, дан цамцтай гараад гүйж ч мэдэх манай Б.Төрбат эмзэг, зөөлөн нь дэндсэн хүн.
Цахим сонин, эх бэлтгэл, дизайны албаны дарга Т.Бадамцэцэг
Өглөө анхлан ирээд үдэш редакцийн хаалга түгжигч Т.Бадамцэцэг дарга нуг, нуг инээчихээд ажилдаа эзэн нь болсон хүн.
Инээмтгий хүний баг нь төрөлхийнх болохоос олдмол биш шиг л санагдана. Ганган шаавай Т.Бадамцэцэг дарга редакцийн бас нэгэн нүүр царай.
Сурвалжлагч Д.Баяржаргал
Уул уурхай, банк санхүү гэвэл нүд нь сэргээд ирдэг манай Баяраа “Өглөөний сонин”-ы аажуу, тайвны бэлгэдэл билээ.
Цүнхээ үүрч аваад гарсан бол нүүр дүүрэн инээчихээд, өнөөдөр ажилгүй юм шиг л хаа нэгтээ алхаж явж мэднэ.
Нэг ажил төлөвлөөд гарсан л бол ард нь гарсан шиг гарчихаад арван хэдтэй хүүхэд шиг инээгээд зогсож байдаг манай түүний нэг гэм нь нялх үрдээ ч тайван, удаан зангаа яалт ч үгүй халдаачихсан гэмтэй л хүн.
Инженер Д.Гантулга
“Өглөөний сонин”-ы Коби Брайнт манай Д.Гантулга гэрлэж амжаагүй яваа шүү, бүсгүйчүүд ээ. Өндөр нуруулаг, царайлаг залуу хажууханд чинь чимээгүйхэн алхаж явахад чинь яагаад олж харахгүй байгаа нь жигтэй. Компьютерийн инженер гэдэг бол ХХI зуунд толгой өвдөхгүй амьдраад явчихна гэсэн үг. Манай Д.Гантулга даруухан болохоор одоохондоо “Өглөөний сонин”-ы редакц, биеийн тамирын заал хоёр руу л жим гаргасан байх. Дахин сануулъя. Манай Д.Гантулга “гэрлэж амжаагүй явна”.
Улстөрийн албаны сэтгүүлч Ж.Нарангэрэл
Ж.Нарангэрэл явдал суудал нь алгуурхан ч бичиж, нийтлүүлэх нь “гялс манс”. Төрийн ордонд өнжих нь холгүй 76-гийн араас алхам ч холдохгүй зуураастай. Биетэйгээ адил бодож, сэтгэх нь ч даацтай “том”. Ц.Балдоржийн нэрэмжит шагналаас хүртэлцэж явсан нь Ж.Нарангэрэлийг хэр “том” болохыг нь нотолно. Одоо тэр алга л байна. Бодвол Төрийн ордны зүг дээгүүр харсан шигээ хоёр, нэг, хоёр нэг алхаж яваа нь тодорхой.
Сурвалжлагч М.Санчир
Улстөрийн албаны залуу халаа “жиргээч” М.Санчир өдийд Төрийн ордонд гүйж яваа. Фейсбүүк, твиттерт “донтогч” манай М.Санчир хааяа нэг зугаатай онигоо, шог хошин юм ярьж нам гүм байсан редакцийг сэргээнэ. Цоглог инээд, хөгжилтэй ярианы эзэн М.Санчир тун удахгүй улстөр бичдэг сэтгүүчдийн толгой дээр цахиур хагалах нь дамжиггүй. Хөнгөн шингэн алхаатай, хөгжилтэй сэргэлэн М.Санчир хүний сайн хань, хүүхдийн хайртай аав болох өдөр нь харин хэзээ юм бол.
Жолооч Б.Зоригтхүү
Цаг үеийн яаралтай мэдээ, сурвалжлагад явахад ёстой л хоёрыг уулзуулж, холыг ойртуулдаг хүн бол манай жолооч Б.Зоригтхүү дээ.
Тэр хөдөө холын замд уйдаахгүй, хотын түгжрээ бөглөрөөнд ажрахгүй, гудамж, талбайг анддаггүй “гавшгай” жолооч.
Нас залуу ч хөдөө нутгийн дурсгалыг хүүрнэн өгүүлэх нь “түүхийн” багшаас ч дутахааргүйг нь харуулдаг юм.
Маркетингийн менежер Ш.Одгэрэл
Гадуур гүйдэлтэй манай Ш.Одгэрэл нэг харахад сууж л байна. Дахиад харвал байхгүй. Түүнд явахгүй газар, уулзахгүй хүн цөөхөн.
Хааяа нэг “Та минь ээ. Сонин захиалга яасан бэ” гэчихээд тормолзтол харж байснаа гүйгээд явчихна.
Намс намс алхаад намбайтал ороод ирнэ. Час хийтэл инээчихээд бумбалзтал гүйгээд явчихна.
Сурвалжлагч Т.Батсугар
Хөл бөмбөгийн улаан фен, урлаг, спортын хос морьтон манай Т.Батсугар одоо гавьяаны амралттай байгаа. Учир нь тэр саяхан анхныхаа үрийн дууг сонсож хорвоогоор дүүрэн “би аав болсон” гэж хашхирсан юм. Одоо тэр памперс солиод түмэн завгүй харайлгаж яваа. Хажуугаар нь нялх биетэй гэргийдээ хар шөл хийж өгөхөө ч мартахгүй. Учир нь манай Т.Батсугар шиг нямбай хүн залуу аавуудад үлгэр дуурайл болох учиртай билээ. Одоо тэр түмэн завгүй эзгүй байгаа ч “Өглөөний сонин”-ы нэгэн цучил аа.
Сурвалжлагч Х.Нарангэрэл
Манай сонинд том, жижиг хоёр Нарангэрэл бий. Харин Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны сэтгүүлч жижиг Нараа маань хаана, ямар газар хууль бусаар архи зарж байна гэдгийг ёстой л нэг андахгүй сайн мэднэ дээ. Арга ч үгүй биз.
Учир нь жижиг Нараа буюу Нака маань уншигчдадаа их хотын шөнийн амьдралыг хүргэх гэж архичдын дүрд хувирахаас наагуур юм болж сурвалжилга бэлтгэдэг нэгэн юм чинь. Түүний нойр, хоолоо хугаслан байж хийсэн шөнийн сурвалжлага нь даацтай сайн болдгийг уншигч та андахгүй биз ээ.
Маркетингийн менежер Б.Ууганцэцэг
Намуухан дуутай манай Б.Ууганцэцэг “Өглөөний сонин”-ы “алтан гургалдай”. Д.Баяржаргалын хуриман дээр тодорсон билэг танхай шуранхайч.
Цээлхэн хоолойн уянгаар гэр дүүргэн мишээсэн Ууганаа маань биеийн галбир үзүүлэгч, төгөлдөр үзэсгэлэнгийн нэгэн юм.
Найранд гурван дуутай Ууганаа маань сонины ар талыг найдвартай авч яваа хүмүүсийн нэг. Дараа жилээс түүнийг UBS телевизийн “Universe Best Songs” тэмцээний тайзан дээрээс харахад ч гайхах юмгүй шүү, та минь.
Урлаг соёлын албаны дарга Ц.Баттуяа, нярав Б.Ундармаа нартаа
Монголын урлаг соёлын лидерүүдийг онилж байж авсан сонирхолтой ярилцлагуудаараа олны танил болсон Баттуяа маань гүнжээ, нярав Б.Ундармаа хан хүүгээ асраад тун завгүй байгаа.
Та нартаа сонины хамт олон тань эрүүл энхийг хүсч байна.
URL: