Хэрлэн голын усны нөөцөд судалгаа хийж эхэллээ

c9b2ea2b5603f6b3f24ca29ca9bc87d1_LСайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийн хүрээнд зарласан “Бүс нутаг хооронд ус тээвэрлэх боломжийн судалгаа, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах” төслийн тендэрт “Монхидроконстракшн” ХХК шалгарч Хэрлэн голын татам хөндийн газрын доорх болон гадаргын усны нөөцийн судалгаа хийж байна.

Уг төслийн зорилго нь Хэрлэн голын тодорхой хэсэгт тухайлбал, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Баянмөнх, Баянхутаг, Мөрөн сумдын нутгаар урсан өнгөрөх Хэрлэн голын татам хөндийд тархсан газрын доорх болон гадаргын усны  нөөц баялгийн судалгаа хийж нөөцийг тогтоон, түүнийг эх орны хүнд үйлдвэрүүд, хүн амын ус хангамжийн эх үүсвэр болгон ашиглах боломжийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад чиглэж байна гэж “Монхидроконстракшн” ХХК-ийн захирал, техникийн ухааны доктор Ph.D, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Батдорж Хэнтий аймгийн болон сумдын удирдлагуудтай уулзахдаа танилцууллаа.
Энэхүү төслийг шинэчлэлийн Засгийн газрын монгол орны усны нөөц баялгийг судалж тогтоох, түүнийг зүй зохистой хамгаалах, ашиглах, арвижуулах бодлогын хүрээнд улсын төсвийн 900 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр хийж байгаа ажээ. Уг ажлын явцад орон нутгийн удирдлага, төслийн багийнхан хоорондоо үл ойлголцсоны улмаас 20 шахам хоног төслийн ажил зогсож байгаа учир ҮХАА-н сайд Х.Баттулга тус аймагт хүрэлцэн ирж Засгийн газрын бодлого шийдвэрийг мөн танилцуулсан юм.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, “Монхидроконстракшн” ХХК–тай өнгөрсөн наймдугаар сарын 21-ны өдөр төслийг хэргэжүүлэхээр гэрээ байгуулжээ.
Одоогийн байдлаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Баянмөнх, Баянхутаг, Мөрөн сумдын нутагт 2 хэсэг газрыг сонгон авч газрын доорх усны ашиглалтын нөөцийн судалгаа явуулах өрөмдлөгийн ажлын үндсэн цэгүүдийг заах зорилгоор 320 цэгт тандан судалгаа хийж дуусган усжилт сайтай байж болох цэгүүдийн байрлалыг тогтоогоод байгаа юм байна.
Хэрлэн голын гадаад далайд цутгадаг үерийн урсацын багаахан хэсгийг хуримтлуулж авч үлдэх зорилготой усан сан байгуулж болох газрыг урьдчилсан судалгаагаар сонгон авч инженер-геологийн өрөмдлөгө туршилтын ажлыг хийж дууссан тухай мэдээллээ. Ус дамжуулах шугаман байгууламжийн трассын чиг шугамыг урьдчилсан байдлаар үндсэн 2 хувилбараар тогтоож, гадаргын болон газрын доорх усны гидравлик холбоог судлах 20 цооног байгуулж хэмжилт судалгааны ажил хийж байгаа аж.
Газрын доорх усны нөөцийн эрэл хайгуулын өрөмдлөг туршилтын ажлыг хийхээр “Танан импекс” ХХК энэ оны 9-р сарын 16–нд судалгааны талбай дээр буусан боловч аймгийн удирдлагууд өрөмдлөгийн ажил хийх зөвшөөрөл өгөхгүй 20-иод хоног саатуулж байна гэж төслийн удирдагч мэдэгдэв. Тэрбээр судалгааны үеэр бид энэхүү төслийнхөө зорилго, хэтийн төлвийн талаар орон нутгийн хүмүүс малчидтай ярилцахад тэд төслийн ач холбогдлыг маш зөвөөр ойлгож бидний ажилд туслалцаа үзүүлж байсан гэв. Нэг малчин хүн “… энэ их цэлэлзсэн усыг яаж ч чадахгүй хий дэмий гадагш нь урсгаж байхаар эндээ нуур болгоод аваад үлдмээр санагддаг юм” гэж ярьсан гэв.
Одоо энэ төслийн судалгааны ажилд орон нутгаас ус зүйн судалгааны түр харуулд 3 хүн, хэмжилт судалгааны ажилд 5 хүн, нийтдээ 8 хүн тодорхой цалин хөлстэй ажиллаж байна. Газрын доорх усны нөөцийн эрэл хайгуулын ажлын хамгийн гол хэсэг болох өрөмдлөг туршилтын ажил төлөвлөсөн хугацаанаас ийнхүү 20-иод хоног хоцорч байгаа бол үүнээс бусад судалгааны ажил энэ оны 12 сарын 25 хүртэл үргэлжлэх ажээ.
Энэ жил Хэрлэн гол олон жилийн дундаж урсацаас бараг 2 дахин илүү устай байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Монголчууд бид эх орныхоо усны нөөц баялгийг зүй зохистой ашиглаж хамгаалахын оронд мухар сохроор харамлаж өөр хоорондоо хэрүүл тэмцлийн бай болгож байхад гадаадын хүмүүс түүнийг чимээгүйхэн ашигласаар хөгжилд дэвшилд хүрдэг тухай тэд ярьж байна.
Монгол орон жилдээ 36 шоо км ус ашиглаж болох судалгаа тооцоо байдаг ч түүний 2.8 хувийг л жилдээ ашигладаг байхад ОХУ 100 шоо км ус жилдээ ашиглах боломжит нөөцтэй атлаа нутаг дэвсгэр дээрээ олон арван усан цогцолбор байгуулж 150 шоо км усыг нуур цөөрөм болгон хуримтлуулан ашигладаг байна.
Манай улстай техник, эдийн засаг, улс төрөөр болон газар нутгаар хамгийн ойр оршдог БНХАУ, ОХУ, Япон, Солонгос улсууд усаа хэрхэн ашигладаг жишээ баримт хангалттай их байдаг байна.
Дэлхийн улс орнууд алт, зэс, нүүрсээ ухаж хэрэглэхийн өмнө гол мөрнийхөө усны нөөцийг урьдчилан тооцож, түүнийг зүй зохистой ашиглан  хөгжил дэвшилд хүрэх стратегийн нэг чухал зорилт болгодог байна.
Гол мөрний усыг янз бүрийн хийцтэй боомтуудаар хаан боож хиймэл  нуурууд үүсгэн  усны сэргээгдэх хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэх, томоохон хотуудын хүн амыг цэвэр усаар найдвартай хангах эх үүсвэр болгох,мөн хүн амыг баталгаатай хүнс тэжээлээр хангахын тулд усалгаатай тариалан эрхлэх, ус дутагдалтай бүс нутагт шилжүүлэн ашиглах, усан тээвэр хийх гэх мэт олон зориулалтаар ашигладаг байна. Энэ арга, технологи, барилга байгууламжийн цогцыг “Усан цогцолбор” гэдэг ажээ.
“Томоохон боомтуудын олон улсын комисс”-ын хамгийн сүүлчийн тооллогоор сүүлийн 45 жилийн дотор 48 000 орчим боомт дэлхийн голууд дээр баригдсанаас хамгийн өндөр нь Тажигстан улсын Вакш гол дээр цуварч баригдсан 335 м өндөр “Роган”, 305м өндөр “Нурек” боомтууд, хамгийн том нь  БНХАУ-ын  Хубей мужид байгуулж байгаа “Гурван хавцал”, Канад улсын “Синкрюд Тейлингс” боомт ордог байна.
Хятадын “Гурван хавцал” усан цогцолборын боомт нь 2300 м урт, 185 м өндөр бөгөөд 39,3  тэрбум шоо метр буюу манай улсын нийт усны нөөцөөс ч илүү хэмжээний ус хуримтлуулж нөөцлөх  чадалтай усан сантай, жилдээ 84 млр.КВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх усан цахилгаан станцтай ажээ.  Энэ нь Хятад улсын цахилгаан эрчим хүчний одоогийн хэрэглэж буй хэмжээг 15 хувь нэмэгдүүлж байгаа гэнэ. Хэрэв ийм хэмжээний цахилгаан эрчим хүчийг дулааны цахилгаан станцаар үйлдвэрлэвэл жилд  50 сая тонн нүүрс шатаах байсан бөгөөд ийм их нүүрсийг хэмнэхээс гадна байгаль орчныг бохирдуулахаас сэргийлдэг. Одоо дэлхий нийтээрээ байгаль орчныг бохирдуулдаг экологт халтай үйлдвэр, технологоос татгалзаж байгаа билээ.
Япон, Өмнөд Солонгос Турк улсуудыг авч үзвэл газар нутгаараа манай орон тэднээс 4-5 дахин том мөртлөө жилд унадаг хур тундасаараа 6-7 дахин бага, хүн амаараа 20-50 дахин цөөн, томоохон голууд нь манай Сэлэнгэ, Орхон, Эг, Хэрлэн, Туул, Ховд голуудтай эн зэрэгцэх гол төдийлөн олонгүй атал одоо байгуулаад байгаа боомтын тоо хэмжээгээрээ биднээс 50-80 дахин олон байна
ОХУ-ын Ангар мөрөн дээрх 4 усан цахилгаан станцын үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүч нь  жилд 24.8 сая тонн нүүрс, 60.7 сая тонн агаарын хүчилтөрөгч шатаах байсныг хэмнэж, мөн агаарт болон байгальд хаягдах их хэмжээний хорт бодисуудын хаягдлаас урьдчилан сэргийлж чадсан байна. УЦС-ын гаргаж буй 1 кВт.цаг эрчим хүчний өөрийн өртөг энэ бүс дэх ДЦС-ынхаас 22 дахин хямд байдаг ажээ. Ийм ч учраас дэлхийн улсууд тогтвортой, үр ашигтай хөгжлийн төлөө олон арван боомтуудыг одоо ч барьсаар…  Ус дагаж хөгжил цэцэглэсээр байна.
Гэтэл Хэрлэн голоо хэрхэн яаж ашиглаж байгааг эрдэмтдийн гаргасан судалгаанаас үзэхэд Багануур, Өндөрхаан, Чойбалсан хотуудын усан хангамжид Хэрлэн голын татмын дагуух газрын доорх усыг ашиглаж байна. Голын дагуух малчин өрхүүд тэдгээрийн мал сүрэг ундаалж байна. Тухайлбал Өндөрхаан хотын усан хангамжид үндсэндээ гурван худаг ашиглаж байгаа бөгөөд хотын хоногийн усны дундаж хэрэгцээг 14л/с-ийн ундаргатай нэг л худгаас хангадаг байна. Хэрлэн гол үерлэхдээ 100 гаруй шоо м/с-ийн усыг өнгөрүүлж 8-10-хан хоногт хил даван урсдаг ажээ. Тэгэхээр Өндөрхаан хотын усны хэрэгцээг Хэрлэн голын үерийн хэмжээтэй харьцуулбал 0.014 хувь болж байна. Дээрх гурван хотын усны нийт хэрэглээг үерийн устай харьцуулж үзвэл дөнгөж 0,05 хувь нь болно. Энэхүү баримтаас үзэхэд бид Хэрлэн голынхоо усыг маш бага ашиглаж голын бараг бүх урсац хил даван урсдаг ажээ.
Тэгэхээр энэ төсөл нь анх удаа Хэрлэн голын багаахан хэсэгт газрын доорх болон гадаргын усны нөөцийн судалгааны ажил хийж улмаар түүнийг хэрхэн ашиглаж болох боломжийг тодорхойлох шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны ажилюм гэдгийг уг төсөлд ажиллаж буй эрдэмтэн мэргэжилтнүүд, захиалагч яамаа төлөөлсөн сайд нь хэнтийчүүдэд ийнхүү сайтар ухуулан таниуллаа.

Хэнтий аймаг И.Байгальмаа


URL:

Сэтгэгдэл бичих