Японы компаниуд нүүрсийг өндөр үнээр худалдан авч байна

Нефтийн үнийн өсөлт болон Фүкүшима АЦС-ын осол нь нүүрсний байр суурийг дэлхийн эрчим хүчний зах зээл дээр бэхжүүлж байна.

Нүүрсний салбар хөгжихийн зэрэгцээ, цаашид энэ салбарыг орчин үеийн технологийн дагуу хөгжүүлж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэн, экологийн цэвэр үйлдвэрлэл явуулах иж бүрэн цогцолборыг байгуулах шаардлага тулгарч байгаа аж. Дээрх асуудлыг энэ сарын 4-6-нд Сибирийн Кемерово хотод болсон Дэлхийн уул уурхайн конгресс дээр хэлэлцжээ.

Уулзалтад дэлхийн нүүрсний компаниудын төлөөлөгчид болон 30 гаруй улсын эрдэмтэд оролцов. Өнөөгийн байдлаар нүүрс нь дэлхийн түлш эрчим хүчний тэнцвэржилтэд хоёрдугаарт бичигдэж байгаа. БНХАУ нүүрсний хэрэглээний томоохон үйлдвэрлэгч болон хэрэглэгч юм. Хятад улс эрчим хүчнийхээ 70 хувийг чулуун нүүрсээс гарган авдаг байна.

Чулуун нүүрсийг түлшиндээ хэрэглэдэг улсууд үргэлжлүүлэн хэрэглэсээр байна. Учир нь нүүрсний нөөц байгаа учраас. Шинэ үйлдвэр байгуулахгүйгээр хуучнаа шинэчилж, байгалийн цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх боломж байгааг Сибирийн уулзалтад оролцсон эрдэмтэд тодорхойлов.

Чулуун нүүрс болон байгалийн хийнээс эрчим хүч гарган авах нь багасаагүй, харин ч өсөх хандлагатай байгаа аж. Гэтэл цөмийн эрчим хүчний хэрэглээ ердөө 15 хувьтай байна. Нүүрсний салбарын чухал асуудал бол аюулгүй байдал гэдэгт эрдэмтэд санал нэгдэв. Эрсдэлийг багасгахын тулд шинэ технологи, тоног төхөөрөмж шаардлагатай. Тухайлбал, хойд хөрш чулуун нүүрсний давхаргаас метан гаргах технологи боловсруулан байгаа аж.

“Газпром” компани Кузнецкийн нүүрсний уурхайд ийм технологийг нэвтрүүлжээ. Байгалийн хийн асар их нөөцтэй энэ газар үлэмж хэмжээний ашиг авчирна гэдэгт оросууд итгэлтэй байгаа аж. Олон улсын конгрессын хурал болсон Сибирийн Кузбассад л гэхэд 13 их наяд шоо метр байгалийн хийн байгаа гэнэ. Саяхан Оросын засгийн газар нүүрсний аж үйлдвэрийн 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг баталсан билээ. Үүний тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд нэмэлт хүчин чадлуудыг бий болгох аж. Ялангуяа, Ази-Номхон далайн орнуудад экспортлох нүүрснийхээ хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Үүний тулд нөөцийн суурь баазыг байгуулав.

“Горнопромышленники России” нэгдлийн ерөнхийлөгч Юрий Малышев “Дотоодын зах зээл дээр нүүрсний хэрэглээ өсөхгүй. Тэр ч бүү хэл зарим мужид байгалийн хийн хэрэглээ буурах хандлага ажиглагдаж байгаагаас чулуун нүүрсыг экспортолж байна. Нүүрсний салбарын тэргүүлэх бүс нутгаар Кузбасс, Сибирь орж байна. Тэнд байгаа компаниуд нүүрсээ экспортод гаргаж байна. Иймээс Оросын компаниуд баруун хойд, хойд болон зүүн нутгийн боомтуудыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулж байна. Импортлогч гол улсын тоонд Солонгос, Япон, Турк, Европ багтсан” гэжээ.

Фүкүшима осолдсоны улмаас япончууд нүүрснээс эрчим хүч гарган авах хандлагатай болсон. Өнгөрсөн сард Британийн “Xstrata” компани Японы эрчим хүчний “Чугоку” компанитай нүүрс худалдан авах гэрээ байгууллаа. Тухайн үед Азийн бирж дээр тонн нүүрсний ханш 120.84 ам.доллартай байсан бол энэ гэрээнд заагдсаны дагуу Японы тал тонн бүрийг нь 130 ам.доллараар худалдаж авах аж. Ингэснээр нүүрсний ханшийг хөөргөдсөн явдал боллоо. Өчигдрийн байдлаар Азийн бирж дээр нүүрсний ханш 125.20 ам.доллартай байгаа юм.

Шинжээчид цаашид Японы нүүрсний хэрэглээг өснө хэмээн тодорхойлж байна. Учир нь Фүкүшимагийн гамшиг мартагдаж, атомын цахилгаан станцууд нь хэвийн ажиллах хүртэл доод тал нь 20 жил шаардлагатай аж. Сибирьт болсон нүүрсний асуудлаар олон улсын хуралдааны үеэр Оросын тал Япон их хэмжээний нүүрс нийлүүлэх талаар хоёр талын төлөөлөгчид зөвлөлдсөн байна. Мөн хэрэв Япон өндөр үнээр нүүрс худалдаж авбал Хятад улс гэрээ байгуулж болзошгүй хэмээн Оросын шинжээчид үзжээ. Хэрэв Хятад Японд нүүрс нийлүүлэлтээ огцом нэмэгдүүлбэл Оросын нүүрсний ханшийг сулруулна хэмээн хойд хөршийн компаниуд эмээж байна.

Д.Түвшинтөр http://www.niigmiintoli.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих