Цахим террор
Би гар утастай, фэйсбүүкт ордог, твиттерээр жиргэдэг, и-мэйл хаягтай. Хэн нэгэнтэй үзэл бодлоо хуваалцаж, маргаж мэтгэлцэж чадна. Хол ойрын хэнтэй ч ямар ч сэдвээр яаж л бол яаж харилцана. Энэ дэлхийн хаана юу болсныг мэдээд авчихна. “YouTube” рүү ороод дуртай киногоо үзэж, дуугаа сонсчихно. Бүр цаашилбал блог, чат, инстаграм ч ашиглаж мэднэ. Надад өөр юу хэрэгтэй гэж. Би сэтгүүлч хүн. Өдөр тутам орж уншдаг хэд хэдэн вэб сайтаасаа мэдээлэл олоод авчихна. Бараг ном уншихаа больсон. Харин энэ бүх мэдээлэл минут секунд тутам шинэчлэгдэхгүй бол амьдрал зогсчихсон юм шиг л санагддаг. Уйдна, гиюүрнэ. Хаа нэгтээгээс, хэн нэгнээс шинэ мэдээлэл сонсохгүй, уншихгүй л бол хэцүүднэ. Сэтгэлзүйн хувьд эрүүл бус энэ үзэгдлийг юу гэж нэрлэхээ би мэддэггүй.
Цахим ертөнцөөр хэн ч, юуг ч хийж чадаж байна. Худалдаа наймаа хийж, хичээл зааж, ажлаа явуулж, танилцаж, дурлалцаж, сексдэж байна. Зарим улс оронд хувьсгал гарахад цахим ертөнц тусалж байна.
“Арабын хавар”-ын хувьсгал цахим ертөнцөөс эхэлсэн түүх бий. Залуус эмэгтэйчүүд нь цахим ертөнцөөр дамжуулан бурангуй харгис дэглэм, ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэж чухам юу болох талаар санал бодлоо солилцсоноор “Арабын хавар” хувьсгалыг эхлүүлж байв.
Хуурамч фэйсбүүк хаяг ашиглан манай улсын иргэдтэй харилцаа холбоо тогтоох, харилцан мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, түүнийгээ хууль бус үйл ажиллагаанд ашиглах гэмт хэрэг ихээр гарч байгаа гэсэн.
Шар хадны Сэтгэцийн эмгэг судлалын төв эмнэлэг РС тоглоомд донтсон өсвөр насны хүүхэд залуусаар дүүрч байна. Насанд хүрээгүй охид нүцгэн зургаа фэйсбүүкт тавьж, биеэ үнэлж байна.
Япон улсад компьютер тоглоомд донтсон хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчлэх сувилал байгуулагдаж, ирэх сараас үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаа гэнэ. Тус улсын Боловсролын яамнаас компьютер, гар утас, цахим тоглоомд донтсон хүүхдүүдээ эмчлэхийн тулд ийм арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. Өнгөрөгч зун нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 18 настай хүү РС тоглоомын газарт өдөржин шөнөжин тоглосны эцэст зүрхний шигдээс болж суудал дээрээ амьсгал хураасан хэрэг гарсан. Иймэрхүү хэрэг өдөр бүр л гарч байдаг.
Цахим ертөнцөөс болж хүмүүсийн хоорондын амьд харилцаа үгүй болж эхэллээ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хөрч, хүйтэн хөндий харилцаа ноёрхох боллоо.
Хүүхдүүд нь компьютер тоглож, фэйсбүүкээр аялж, “YouTube”-д орж, цахим ертөнцөд донтож байхад эцэг эхчүүд тэднийг гадуур тэнэхгүй гэртээ байгаад нь баярлаж байх жишээтэй.
Хайрыг эрж хайж “хөөцөлдөж” байж олж авдаг байсан бол одоо зүгээр л шилж сонгодог болчихсон. Фэйсбүүкт хөөрхөн зургаа тавьж, ухаантай үг солилцоод л асуудлыг шийдэж байна.
Цахим ертөнцийн найзууд ямар ресторан сайн үйлчилгээтэй, ямар кино сонирхолтой, төрийн алба ямархуу ажиллаж, төрийн түшээд ямар авир гаргаж байгааг нэг нэгэндээ дамжуулж байна. Ямар ч асуултын хариуг цахимаар илгээж байна.
Хүнтэй уулзах, ярьж хөөрөх шаардлагагүй болчихлоо. Улстөрчид жиргэж, санал бодлоо хуваалцаж, фэйсбүүкддэг боллоо. Өөр бидэнд юу хэрэгтэй юм бэ. Цахим ертөнц хөгжсөнөөр уулын орой ширтэх холын хараа биш дэлгэц ширтдэг ойрын хараа илүү “аминд орох” нь. Хайж олох биш зөвийг сонгох гарц л үлдэж.
Цахим ертөнцөд “шунан дурласан” нэгэн залуу блогтоо ийн бичсэн байна.
“Интернэтээс хүссэн мэдээллээ олж авах боломж, сонголтын цар хүрээ бидний цахим орчин дахь орон зайг тодорхойлох болов уу” гээд “Google”-д хамгийн түгээмэл хэл болох англи, харьцангуй бага түгсэн хэл болох турк, монгол гэсэн гурван хэл дээр “газар хөдлөлт” гэж бичээд хайлт хийсэн туршилтынхаа үр дүнг бичжээ.
Түүний туршилтаар англи хэл дээр 56 мянга 300 үр дүн, турк хэл дээр хоёр сая 150 мянган үр дүн, монгол хэл дээр 166 мянган үр дүн олджээ. Энэ нь газар хөдлөлтийн талаар мэдээлэл цуглуулах гэсэн хүнд ном унших, судалгаа хийх, номын санд сууж номын хуудас эргүүлэх хэрэггүй болчихож байна гэсэн үг.
Энэ юуг харуулж байна вэ. Хүн төрөлхтөн аливаа юмыг яаж хялбарчлах, амарчлах вэ гэдгийг л бодож сэтгэж ирсэн. Энэ дэлхийд цахим ертөнц гэрлийн хурдаар хөгжиж байна. Тэр хэрээр хүмүүсийн харилцаа хөндийрч, роботжиж байна.
Залуус ажил хийе, хөдөлмөрлөе гэхээсээ илүү цахим ертөнцөд ажлаа, ирээдүйгээ даатгаж байна. Иргэн хүн иргэний үнэмлэхтэйгээ цахимжаад ирэхээр хүн төрөлхтөн, хүний хорвоо, хүний ертөнц гэдэг үг удахгүй үгсийн сангаас гээгдэх л байх даа. Нэг үгээр хэлбэл бид цахим террорт өртөөд эхэлчихэж.
Б.Оюунгэрэл
URL: