Хотын захиргаа хүүхдийн тоглоомын талбайг булаах нь

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 30А байрны гадаах хүүхдийн тоглоомын талбай болон автомашины зогсоол дээр оффисын зориулалттай барилга барихаар болжээ.

Мөн хоёр давхар авто зогсоол барихаас гадна Чингэлтэй дүүргийн татварын албаны ажилчдын орон сууц байгуулахаар болсон байна.

Гэвч 30А байрны оршин суугчид үүнийг эсэргүүцэв. Тэд хүүхдүүдээ гадаа тоглуулахыг хүсч байна. Түүнээс гадна автомашинаа ч гэрийнхээ гадаа тавих хүсэлтэй байна.

Гэтэл 76 айл өрхтэй 30А байрнаас гадна ойр орчим дахь орон сууцны таван барилгын дунд байдаг ганцхан автомашины зогсоол дээр нь зөвхөн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилчдад л зориулсан хоёр давхар авто зогсоол барихаар болсон юм.

Хүүхдийн тоглоомын талбай болон автомашины нийтийн зогсоол дээр барилга бариулах шийдвэрийг нийслэлийн Засаг даргын захирамжаар гаргасан байна. Үүнээс үүдэн оршин суугчид гомдол гаргаж хууль хяналтын байгууллагаар удаа дараа явж байгаа аж.

Иргэдийн хэлж буйгаар бол энэ маргаантай асуудлын гол буруутан нь СӨХ-ны удирдлагууд бололтой. Энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны 2008 оны тавдугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээ”-нээс үүдсэн хэрэг аж.

Тус гэрээнд хуулийн дагуу нийтийн эзэмшлийн орон сууцны орчныг 15 жилийн хугацаатай түрээслүүлэхээр зүйлчилсэн байдаг гэнэ. Гэтэл тухайн үеийн СӨХ-ны удирдлага болон Нийслэлийн газрын албаны хийсэн гэрээнд таван жилээр түрээслүүлэх тухай заасан байна.

Үүнээс үүдэн хотын мэйр Э.Бат-Үүлийн 2013 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн А/607 тоот захирамжаар барилга баригдах заалт орж ирсэн байна. Гэвч энэ захирамжийн 1.17, 1.18 дугаар заалтуудыг Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны “Эв нэгдэл-1” СӨХ болон 30А байрны оршин суугчид баримтаар нотлон эсэргүүцэж байгаа юм. Учир нь энэ захирамжийн 1.17 заалтад Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны 30А байрны баруун талд Чингэлтэй дүүргийн татварын албаны контор, ажилчдын орон сууц бариулахаар 0.032 га газрыг зааж өгсөн байна.

Иймээс иргэдийн зүгээс хүүхдийн тоглоомын талбай бөгөөд 30А болон зэргэлдээх 50 дугаар сургуулийн ойр орчмын барилгуудын авто зогсоол болдог газар учраас эсэргүүцэж байгаа юм. Учир нь 50 дугаар сургуулийн ойр орчимд барилгын төлөвлөлт буруу хийснээс болж автомашины зогсоол болон хүүхдийн тоглоомын талбай байхгүй байгаатай холбон тайлбарласан байна.

Харин А/607 захирамжийн хүрээнд гарсан 1.18 дугаар заалтын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 824 метр квадрат газрыг автомашины хоёр давхар зогсоолын зориулалтаар олгосон юм. Нийслэлээс зааж өгсөн тус газарт 30А байрны хүүхдийн тоглоомын талбай байрладаг аж.

Дээрх алдаатай заалтуудын маргааны эх үүсвэр нь СӨХ болон Нийслэлийн газар албаны хооронд байгуулсан газар ашиглуулах гэрээтэй холбоотой юм. Учир нь тус гэрээний хүчинтэй хугацаа 2013 оны тавдугаар сарын 21-ий өдөр дуусгавар болсон байна. Гэтэл энэ гэрээг дахин сунгуулах хүсэлт тавиагүй бөгөөд дээрх байршилд давхардуулан нийслэлийн Засаг даргын А/607 тоот захирамж гарсан байна.

Ингээд иргэд энэ гэрээ болон дээрх захирамжийн талаар шалгах хүсэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар тавьсан байна. Уг хүсэлтийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч ажиллаж дүгнэлт гаргасан байна.

Уг дүгнэлтэд “Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах орчны газрын ашиглах хугацаа 15 жил байна. Энэ хуулийн 44.6-д заасан гэрээг нийтийн зориулалттай тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд 15 жилээр хэдэн ч удаа сунгаж болно гэх заалтыг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гарсан байна.

Уг дүгнэлтийн талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн байна. Мөн үүнтэй хамтаар тус 30А байрны оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж өөрсдийн гарын үсгийг цуглуулж нийслэлийн Засаг даргын А/607 тоот захирамжийн 1.17, 1.18 заалтын хүчингүй болгох хүсэлтийг хүргүүлсэн байна.

Харин Нийслэлийн өмчийн харилцааны газраас уг хүсэлтийг хянаж үзээд 1.17, 1.18 заалтуудыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзжээ. Гэтэл иргэд үүнийг “Хууль бус үйлдэл” гэж дүгнэсэн юм. Учир нь “Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн хавсралтын 3.5-д зааснаар нийтийн барилга болон зам хүүхдийн тоглоомын талбайн норм дүрмийг зөрчин барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг судлан үзэж хүчингүй болгох гэх заалтыг зөрчлөө” гэжээ.

Ямартай ч энэхүү маргаан Захиргааны хэргийн шүүхэд очихоор болоод байгаа аж. Иргэд ч СӨХ-ноос мөнгө гаргуулан өмгөөлөгч аваад байгаа гэнэ. Тэд шаардлагатай бичиг баримтаа бүгдийг нь бүрдүүлсэн гэдгээ ам бардам хэлж байлаа.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны 30А байрны 18 тоотод оршин суугч Б.Бадралаас тодруулав.

-Яг одоогоор 30А байранд хэчнээн өрх байна вэ. Нийслэлийн Засаг даргын захирамжийг ямар шалтгаанаар эсэргүүцэж байгаа вэ?
-Манай байранд 76 өрх байдаг. Ойролцоогоор 350 гаруй хүн амьдардаг гэсэн судалгааг манай СӨХ-оос гаргасан. Энэ барилга барих захирамж нь энэ оны зургаадугаар сарын 17-нд гарсан байгаа юм. Манай 30А байрны “Эв нэгдэл-1” СӨХ таван жилийн хугацаатайгаар Нийслэлийн газрын албатай газар ашиглах гэрээ хийсэн нь дутуу дулимаг зүйл болсон. Гэтэл Нийслэлийн захирагчийн ажлын албанаас СӨХ болон Нийслэлийн газрын албаны хооронд байгуулсан гэрээг дууссан гэж байгаа юм. Гэтэл үнэндээ манай гэрээ дуусаагүй байхад тавдугаар сарын 17-нд захирамж гарчихсан байсан. Тэгээд захирамжаа буцаасан байгаа юм. Ямар шалтгаанаар вэ гэхээр “А” үсгээ мартсан гэсэн шалтгаан л даа. Тэгэхээр ямар ч судалгаа үндэслэлгүйгээр энэ шийдвэрийг гаргасан нь тодорхой байна. Энэ ажлынхаа балгаар дахин зургаадугаар сарын 17-нд захирамж гаргасан байгаа юм. Алдаатай гэрээн дээр тоглолт хийж гаргасан хуулиа өөрөө зөрчиж байна.

16997-СӨХ Нийслэлийн газрын албаны хоорондох таван жилийн хугацаатай гэрээг анх ямар хүмүүс байгуулж байсан юм бэ?
-СӨХ-ны гэрээг одоогийн СӨХ-ны дарга анх байгуулж байсан. Мөн Нийслэлийн газрын албаны дарга Б.Төмөрхуяг, газар зохион байгуулагч Р.Төрбат нарын л буруутай үйлдэл байх. Ямар шалтгаанаар ийм гэрээ хийсэн болон хуулийн дагуу биш. Тэгээд 15 жил байх гэрээг таван жилээр хийсэн нь хачирхалтай байгаа юм. Тэгэхээр энэ гэрээг санаатайгаар ингэж байгуулсан юм уу аль эсвэл ажлаа мэддэггүй хүмүүс л хийсэн гэж ойлгож болохоор байна. СӨХ-ны даргад энэ талаар хандсан боловч “Мартчихсан” гэх хариултыг өгч байгаа.

-Танай орон сууцны урдах талбайн хэмжээ хэд вэ. Энд барилга барихад танай оршин суугчдад ямар бэрхшээл тулгарах вэ?
-Байрны ашиглалтын талбай нь 9683 метр квадрат талбайтай. Энд барилга баригдсанаар манай байрны өмнөх хүүхдийн талбай болон автомашины зогсоол байхгүй болно гэсэн үг. Учир нь манай дөрөвдүгээр хорооны хувьд хамгийн том автомашины зогсоолтой орон сууц нь манай 30А байр байдаг. Шинээр баригдсан зарим барилгын оршин суугчид дунд манай зогсоолд автомашинаа тавьдаг олон хүн бий. Тиймээс л энэ их ачааллыг хөнгөлж байгаа авто зогсоол болон сул талбайг өгөхгүй байх талаас нь арга хэмжээ авахаар болоод байгаа юм.

-Энэ талбайгаа авч үлдсэн тохиолдолд танай СӨХ-ны зүгээс ямар орчны тохижилт хийх вэ?

-Манай СӨХ-ны зүгээс дүүргийн ИТХ-ын гишүүнтэй хамтран хүүхдийн тоглоомын талбай барихаар төлөвлөөд байгаа. Ямартай ч эхний ээлжинд газраа авч үлдэх асуудал бидэнд чухал байна.

Э.Баясгалан


URL:

Сэтгэгдэл бичих