С.Зориг: Эрх ашгийн дараалал алдагдвал төр ялзарна!

  Ардчиллын алтан хараацай гэгддэг С.Зориг 15 жилийн өмнөх энэ өдөр бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан билээ. Тэрээр монголын ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн байсан төдийгүй Улсын их хурал болоод Засгийн газрын нөлөө бүхий гишүүн байлаа. Өнөөдөр түүнийг улс орон даяар дурсан санаж, эмгэнэн гашуудаж байна. Тухайн үед Дэд бүтцийн хөгжлийн сайдын алба хашдаг С.Зориг агсаныг Ерөнхий сайдаар томилох асуудал яригдаж байжээ. Засгийн газрын тэргүүний дээрх суудал түүний амийг авч одсон гэж учир мэдэх хүмүүс хэлсэн байдаг.  Гэвч одоо ч хэргийн сэ­жүүрийг тайлаагүй байна. Ту­хайн үед С.Зориг алагдсан хэр­гийн талаархи үнэн бодитой мэ­дээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02-р сарын 05-ны өдрийн тогтоол ч гарч байв. Гэсэн ч хэрэг улам дарагдах талдаа болсон. Монголчууд бүхэл бүтэн 15 жил түүний хө­шөөнд сэтгэлээрээ зул өргөж, алуурчин баригдчихаасай хэ­мээн залбирсаар буй. Ард түмэн үе үеийн засгийн газраас түүний амийг нэхсээр. С.Зориг агсны хамтран зүтгэгч, найз нөхөд, улс төрчид ч төрийн эрх бариад гэмт этгээдийг илрүүлж чадсангүй. С.Зориг агсаны хийсэн бүтээсэн үйл хэрэг, улс төрийн үзэл бодол, чин шударга зан одоо ч монголын төрд үгүйлэгдсээр байх аж. Тэрээр хүний зүрх рүү өнгийсөн мэргэн сайхан үг олныг хэлсэн байдаг. Түүний тэдгээр үгнээс ухаарал, бахархал, омогшил авах залуус хөвөрсөөр. “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг”, “Монгол хүн өөрөө эрдмийн их уурхай”, “Бидний хувь заяа бидний л гарт байна” гэгчлэн өөрийнх нь афоризм болсон үгсээ үйлдлээрээ батлан харуулдаг байлаа. Ард түмэн түүний үйл хэрэг, үзэл бодлыг одоо ч мартаагүй. Тиймээс хэрэг хуучирдаггүй гэдгийг тэд дахин дахин сануулах аж.

Мэдээг бэлтгэсэн : О.Хишигжаргал

URL:

Сэтгэгдэл бичих