Залхуу занг хаяцгаая!!!
Бурхан багшийн гэгээн сургаалд хүний төрлийг олно гэдэг далайн ёроолд амьдрагч сохор яст мэлхий зуун жилд ганц удаа далайн мандалд гарч ирэх агшинд голдоо нүхтэй мод хүзүүнд нь углагдаж байгаатай адил тийм ховорхон завшаан байдаг тухай өгүүлсэн байдаг шүү дээ.
Тэгвэл хүний амьдрал хэмээх энэхүү туйлын ховор тохиох богинохон хугацааны дотор залуу нас хэмээгч юутай үнэтэй, юутай богинохон болох нь ойлгомжтой. Харамсалтай нь манай олонхи хүүхэд залуус энэ ёсыг ухаарахгүй дэмий балай зүйл ярьж цаг нөгцөөх, баар цэнгээний газарт суух зэргээр тун үр бүтээл муутай өнгөрүүлж байдаг нь нууц биш. Орой үдшийн цагаар орц хонгилын бохир шатан дээр суучихаад шүлс цэрээ хаялж, хэнд ч хэрэггүй дэмий балай юм чалчиж сууснаас гадаад хэлний ганц хоёр үг ч болов цээжилж толь бичиг ашиглан гадаад ном сонин уншиж суувал хувь хүний хүмүүжил боловсрол болон цаашдын ирээдүйд хичнээн хэрэгтэй болох нь ойлгомжтой. Энэ бүхнийг бодож чадах юм бол залхуурах гэсэн муу зуршил чинь зугуухан арилах болно.
Бурхан багшийн Доржзодов хэмээх хөлгөн судрын дотор “Бурхны сургаалын хүчээр зовлонгийн далайг гэтлэж мөнхийн хутгийг олон нөгөө эрэгт гарсан хүн Бурхны сургаалыг орхиж болно. Өөрөөр хэлбэл Бурхны сургаал болвоос чамайг зовлонгийн далай гэтэлгэх салтай адил юм. Гол гаталсан хүн салтайгаа зууралдаад байдаггүй шүү дээ” гэсэн утгатай бичлэг байдаг л даа. Би анх энэ тухай уншаад маш их гайхдаг байсан юм. Гэвч хэл сурч байх явцдаа энэ их ёсыг ухаарсан нь юу гэвэл “Гадаад хэл хэмээх амаргүй эрдмийг сурах гэж олон өдөр хоног нойр хоолоо хасан суусны үр дүнг амсаж дуртай номоо уншиж ойлгодог, ямар ч сэдвээр орчуулга хийж, гадаад хүнтэй чөлөөтэй ярьж харилцдаг чадварыг эзэмшсэн билээ. Энэ бүх чадвараас гадна хамгийн гол нь хэл оролдож сурсны үр дүнд аливаа юмны учрыг олох уйгагүй оролдлоготой, сэтгэлийн хаттай, цагийг хайрладаг. . . гэх мэт хүний амьдралд хэрэгтэй олон олон сайн чанарууд надад бүрэлдэн тогтсоныг ойлгож ухаарсан юм.
Эдгээр дадал зуршил, сайн чанарууд нь хүний амьдралд хичнээн их хэрэгтэй байх нь ойлгомжтой. Ерөөсөө өөрийгөө зөв зүгт залж чаддаг болсон энэ чанаруудыг л хүн эзэмшсэн байх юм бол гадаад хэлний мэдлэгээ мартсан ч яадаг юм. Гэхдээ тэг гэсэн үг биш шүү. Би дээрх өөрийн өчүүхэн ухаанд мунхаглан ойлгосон зүйлээ тайлбарлах гэж ийм төдийлөн таарамжтай бус жишээ аван ярьж байгаа юм.
Тийм болохоор гадаад хэл сурах үед тохиодог хамгийн том бэрхшээл болох залхуу занг эгнэгт даран устгацгаая.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
за