23 жилийн хойно…
Солонгосын Монгол дахь Элчин сайдын яамнаас санаачилж, тус улсын Гадаад харилцааны яам зохион байгуулан, Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын телевизүүдийн холбооны дөрвөн сонин, зургаан телевизийн төлөөллийг нутагтаа урьсан юм.
Энэ урилгын зорилго нь 23 жилийн түүхтэй Монгол-Солонгосын дипломат харилцааны үр дүн хийгээд Солонгосын хөгжлийг сэтгүүлчдэд үзүүлэх. Өөрөөр хэлбэл, БНСУ-ын Засгийн газрын санаачилга, дэмжлэгийн хүрээнд Монголын сэтгүүлчид тус улсад айлчилсан хэрэг. Чухамдаа энэхүү арга хэмжээг санаачлагч нь БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ли Тэ Ру юм. Тэрээр дипломат албанд зүтгэснийхээ ихэнх хугацааг Японд өнгөрөөсөн гэж байгаа. Харин Монгол-Солонгос улсууд дипломат харилцаа тогтоосон тэртээ 1990 онд ноён Ли Тэ Ру харилцаа тогтоох ажлыг хариуцсан Солонгосын Засгийн газрын ажлын хэсэгт ажиллаж байсан ажээ. Өдгөө Монголд Элчин сайдаар суух болсны шалтгаан энэ хэмээн өөрөө тайлбарлаж байна лээ. Мөн тэрээр Монголын зан заншил, үзэсгэлэнт байгаль, бас дээрээс нь Чингис хааны домог түүхийг монголчуудаас дутахгүй бахархдаг, сонирхдог эрхэм.
Өдгөө Монголын 30 гаруй мянган иргэн Солонгост ажиллаж амьдардаг. Харин Солонгосын гурван мянга гаруй иргэн Монголд ажиллаж амьдарна. Тиймээс Элчин сайд Ли Тэ Ру хоёр улсын хооронд зорчих визийн хүндрэл зэргийг багасгах, хялбарчлах нь зүйтэй гэж үзэн багагүй ажлыг сэдэж эхлүүлжээ.
23 жил гэдэг хоёр улсын хоорондын дипломат харилцааны хувьд маш богино хугацаа. Гэвч монголчууд, солонгосчууд 200 жилийнх юм шиг гүнзгийрүүлж чадсан аж. Харин энэхүү харилцаа монголчуудын хувьд тэр бүр “ил” харагддаггүй учир Элчин сайд сэтгүүлчдээр дамжуулан мэдээллийг хүргэхийн тулд ийм санааачлага гаргасан гэнэ.
Зууны мэдээ, Өдрийн сонин, Өнөөдөр, Монголын мэдээ, МҮОНТВ, 25 дугаар суваг, UBS, MNC, NTV, ТВ5-ын төлөөлөгчид оролцсон уг аяллын хөтчөөр ЭСЯ-ны ахлах судлаач Ян Хө Сук гэдэг монгол хэл, заншилд “нэвтэрхий” бүсгүй ажилласан. Сэтгүүлчдийн багийн эхний өртөө нь КОЙКА байлаа. Монголд гол төлөв эрүүл мэндийн салбар хийгээд амьжиргааны төвшин доогуур /манайхны хэлдгээр/ иргэдэд туслалцаа үзүүлдэг гэдгээр нь бид мэднэ. Энэ байгууллагын төв гэж Сөүлд томоохон цогцолбор байх аж. Бага буурай 20 гаруй улсад эдийн засгийн хэлбэрээр туслалцаа дэмжлэг үзүүлдэг тус улсын Засгийн газрын байгууллага ажээ. Монголын хувьд ихэвчлэн эрүүл мэндийн чиглэлээр тусламж хүртдэг, харин өөрсдөө өнгөрсөн онд манай улсад иргэний бүртгэлийн системийг өөрчилснөө онцолж байлаа. Цогцолборын төвийн гадна тусалдаг улсууд болох Филиппин, Индонези гээд 20 гаруй улсын далбаа намираастай. Манайх ч дунд нь байх. Байсгээд л тэдгээр улсаас хүмүүс авчирч чиглэл, чиглэлээр нь сургадаг гэж байгаа. Цогцолборт байрлаад, тэндээ номын дуу сонсчихдог гэсэн. Биднийг очих үед индонези юмуу, бангладеш маягийн нөхдүүд бөөнөөрөө “бэлчиж” яваа харагдсан. КОЙКА-д анхаарал татсан нэг зүйл бол энэ 20 гаруй улсын ёс заншил, шашин шүтлэгийг илүүтэй анхаардаг санагдсан. Улс орнуудын шашин, заншлын онцлогийг бодитоор нь харуулсан үзмэрийн том танхимтай. Ерөнхийдөө Буддын шашинтай улс орнууд ихэнх нь байна лээ. Энэ мэтчилэн хэзээнээсээ дэг журам, эмх цэгцтэй солонгос маягийн ажил хэрэг КОЙКА-д буцалж байна. Тэд Монголд шаардлагатай байгаа олон чиглэлэээр туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа дуулгасан.
Японы эзэрхийллээс 1945 онд мултарч засгийн эрхээ олж авсан БНСУ нь Америк, Оросын улс төрийн бодлогоос болж, өмнөд хойд гэсэн хоёр хэсэгт хуваагдсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. 1948 онд тус улсад сонгууль болж, шинэ Үндсэн хуулиа батлан И Сын Маныг анхны ерөнхийлөгчөөрөө сонгож, тэр оныхоо наймдугаар сарын 15-нд анхны Засгийн газраа байгуулжээ. Энэ үед хойд Солонгос социалист тогтолцоог хүлээн зөвшөөрч Ким Ил соныг төрийн тэргүүнээрээ сонгож, улмаар 1950 оны зургадугаар сарын 25-нд өмнөд Солонгос руу дайралт хийсэн байна. Өнөөгийн өмнөд Солонгос /БНСУ/-ын түүхэнд хамгийн тод хараар бичигдэх өдөр бол энэ. Тиймээс ч Сөүл хотын төвд энэ дайны хар мөрийн улбаа болсон Дайны түүхийн музейгээ байрлуулж, холын гийчинд үзүүлж, ойрын зочиддоо сануулж байх болжээ. Энэ музейг нэгбүрчлэн үзэх гэвэл бүтэн өдөр ч багадах аж. Музейд тухайн үед гэнэтийн дайралт, дайны хөлд өртсөн ард түмний хагацал, нулимс зэргийг олон талаас нь харуулсан байх. Өөрсдийнх нь зэвсгээс гадна, хойд солонгосчуудын дайнд хэрэглэж байсан Оросын пулемёт, винтов, танк, нисэх онгоц зэргийг үзмэр болгожээ. Тэрчлэн хойд солонгосчууд өмнөдүүдээс хэдэн арав дахин илүү хүн хүч, зэвсэг техникээр довтолсон талаар тус музейн тоо баримтад дурдсан байдаг аж. Хамгийн гол нь 60-хан жилийн өмнө тартагтаа тулж, өлсгөлөн, доройтлын туйлд хүрч байсан өмнөд Солонгос улс өнөөдөр иймийн зэрэгт хүрснийг “гайхуулах” нь Дайны түүхийн музейн утга гэлтэй.
Үнэхээр ч өнгөрсөн 60 жилийн турш тасралтгүй хөгжсөөр ирсэн өмнөд Солонгос өнөөдөр 98 500 км хавтгай дөрвөлжин, 241 км хилийн зурвас, 2413 км далайн зурвас бүхий газар нутагтай. 50 сая орчим хүн амтай, үүний 10 сая нь нийслэл Сөүлдээ амьдардаг. Улс төрийн хувьд ерөнхийлөгчийн засаглалтай, ардчилсан тогтолцоотой, ийм л улс болжээ.
Бидний багт телевизийнхэн тоогоор илүү явааг бодсон уу, тэндхийн KBS, YTN телевизээр оруулсан юм. KBS нь манайхаар МҮОНТВ, харин YTN нь Ийгл ТВ юм уу даа. Тоног төхөөрөмжийн хувьд ярих юм алга гэж манай телевизийн нөхөд хэлнэ лээ. Гэхдээ Монголын телевизүүд тэдэнтэй ижил төвшинд очиход хөрөнгө мөнгө нь л байвал маш ойрхон гэдгийг манайхан ярьж л явсан. Гэхдээ Солонгосын дээрх хоёр телевиз алдартай шигээ сайн зохион байгуулалт, материаллаг баазтай юм. Сэтгүүлчид нь маш том зааланд сууна. Ажлын ширээнийхээ хажууд хоолоо идчихдэг ширээ сандал бас байх. Завгүй, цаг нартай уралддаг сэтгүүлчид тэгж л таарах байх. KBS нь дэргэдээ төрөл бүрийн нас, хүйснийхэнд зориулсан FM-үүдтэй юм байна лээ. “Харагддаг FM” гэж нэрлэдэг гэх. Яагаад гэхээр телевизийн байрны гаднаас харахад том цонхоор FM радио доторх үйл явц, цаад студитэйгээ нэвт харагддаг юм байна лээ. Биднийг очиход солонгосын дундаас дээш насныхан сонсох дуртай /манайхаар бол нийтийн дуу/ дуучин эмэгтэй нэвтрүүлэг хөтөлж байв. KBS телевизийн санхүүжилтийн 40 хувь олон нийттийн татвараас бүрддэг. Татвар нь 2004 оноос хойш тогтвортой байгаа. Нэг айлаас сард 2500 вонын хураамж авдаг гэсэн. YTN мөн л хүчин чадал сайтай Солонгосын хамгийн нэр хүндтэй телевизийн нэг. Онцлог нь мэдээ мэдээллийг түргэн шуурхай дамжуулдаг. Манайхаар бол Ийгл гэж дээр хэлсэн дээ. Биднийг хүлээж авсан Ерөнхий захирал нь 1990-ээд онд Монголын говьд ирж манайхны тухай нэвтрүүлэг хийж байсан эрхэм аж. Тухайн үед хийсэн нэвтрүүлгээ ч үзүүлж амжина лээ. Энэ телевизийн санхүүгийн тодорхой хувь нь бас л олон нийтийн татвараас бүрддэг гэсэн. Хамгийн сонирхолтой нь Солонгосын телевизүүдийн “антенн” болох алдарт Намсан цамхгийг энэ телевиз хувьчлаад авчихаж. Солонгосын аялал жуулчлалын томоохон брэнд болсон энэ цамхаг телевиздээ тодорхой хэмжээний ашиг орлого өгдөг нь лавтай. Бидний хэдэн сэтгүүлчийн хамгийн их сонирхсон зүйл бол солонгос сэтгүүлчийн цалин байлаа. Тэд дунджаар жилд 70-80 сая вон авдаг гэсэн юм. Сард 5-6 мянган вон, монгол мөнгөөр хөрвүүлбэл явж өгч байгаа биз. Дэргэд нь манай цалин ч ичмээр дамшиг байв. Манайхан ч өөрсдийнхөө цалинг тэдэнд хэлэлгүй өнгөрсөн дөө. Тоог нь сонсчихоод пээ паа гэлцсэнийг минь анзаарсан бол ойлгосон л байх.
Бас нэг зочилсон газар маань БНСУ-ын соёл хариуцсан яамны дэргэдэх Хэвлэлийн зохицуулах хороо байлаа. Сониныхон бидний сонирхлыг хамгийн ихээр татсан газар. Учир нь манайхан хэдэн жилийн өмнөөс Хэвлэлийн консултай болох талаар ярьж байгаа ч өнөө хэр нь үр дүнд хүрсэн зүйл алга. Бичүүлээд, шүүмжлүүлээд дургүй нь хүрсэн дарга сэтгүүлчийг шууд л шүүхэд өгчихнө. Шүүх биднийг яллана. Энэ бол өнөөдрийн Монголын сэтгүүлзүй хийгээд төрд том алба хашигчдын харилцааны үнэн байдал. Харин Өдөр тутмын сонинуудын холбоо сүүлийн хоёр жилд энэ талаар дорвитой арга хэмжээ авахаар ажиллаж байгаа. Тэр ажлынх нь нэг хэсэг ийн БНСУ-д үргэлжилсэн юм. Солонгосын Хэвлэлийн зохицуулах хорооны том дарга нь эзгүй, дэд дарга нь болох Жөн Хаг Чөл хэмээх 80 дөхсөн настай эрхэм биднийг хүлээж авсан. Жөн дарга насаараа сэтгүүл зүйд ажилласан, туршлага, эрдэм хураасан нэгэн аж. Тэрээр Солонгосын Хэвлэлийн зохицуулах хороо байгуулагдаад 32 жил болж байгааг, сэтгүүлчид эрх чөлөөгөө буруу эдэлдгийг болиулахаар ажиллаж байгаагаа, энэ байгууллагын дарга, дэд дарга гишүүдийг соёл хариуцсан яамнаас томилдог талаар, хамгийн гол нь сэтгүүлчийг шүүхэд өгүүлэлгүйгээр асуудлыг зохицуулж байгаа талаараа ярьсан. Солонгосын Хэвлэлийн зохицуулах хороо нь 1981 онд Германы туршлагыг үндэслэж байгалагдсан. Өнөөдөр Солонгос даяараа 18 салбартай. Төвдөө бичиг хэргийн 74 ажилтантай.Гэхдээ бүтцийн хувьд цомхон. Дарга, хоёр дэд дарга, 18 салбар тус бүрт нэг шинжээчтэй. Тусгай эрхт 85 төлөөлөгчтэй.
Анх төрийн “оролцоотой” ийм хороо байгуулахад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулж байж. Учир нь манайхтай адил эрх мэдэлтнүүд төрийн эрх үүргээр дамжуулан Хэвлэлийн зохицуулах хороонд нөлөөлж, атгандаа авах оролдлого хийж болзошгүй гэсэн хардлагаа илэрхийлсээр байж. Гэвч удалгүй сэтгүүлч шүүхэд дуудагдах нь багасч, хүмүүс ч шүүхээс өмнө тус хороонд ханддаг болсон байна. Хороонд хандах нь хоёр талын ач холбогдолтой хэмээн гомдол гаргагчид үздэг байна. Эхнийх нь шүүхийг бодвол түргэн хугацаанд чирэгдэл багатай шийдвэрлэдэг. Дараагийнх нь сүр дуулиан багатайгаар шийддэг бөгөөд энэ нь нэр хүндтэй хүмүүст таатай “боломж” ажээ.
Хэвлэлийн зохицуулах хороо гомдол хүлээж аваад 14 хоногийн дотор шийдвэрлэх үүрэг хүлээдэг. Энэ хугацаанд шинжээч нар судалж шинжлэн, хариуцагчид танилцуулж, тайлбар авах гээд олон ажиллагаа хийгддэг байна. Гомдлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ Хэвлэлийн зохицуулах хорооны таван хүн, гомдол гаргаач болон хариуцагч хэвлэл мэдээллийн хэрэгслээс тус бүр нэг хүнийг байлцуулдаг. Ингэхдээ тусгай бэлтгэсэн өрөөнд хуралдана. Зүйрлэбэл, шүүх хурлын танхимтай ойролцоо бөгөөд Зохицуулах хорооны таван хүний өмнөөс харсан суудалд хариуцаг, нэхэмжлэгч хоёрыг хооронд нь нэлээд зайтайгаар сандлыг байрлуулдаг ажээ. Хэвлэлийн зохицуулах хорооны шийдвэр шүүхийн шийдвэрээс ялгаагүй гэж үздэг гэнэ. Гэхдээ шүүх байгууллага, шүүгчид үүнд дургүйцдэггүй. Учир нь Зохицуудах хороог байгуулахаас өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчтэй холбоотой гомдол шүүх дээр овоордог байж. Энэ утгаараа шүүгчдийн ажлыг хөнгөлсөн гэж үздэг юм байна. Харин Хэвлэлийн зохицуулах хорооноос нэхэмжлэгчийн гомдлыг харгалзан буруутай сэтгүүлчид торгууль, эсвэл залруулга гаргахаар шийднэ. Энэ утгаараа манайх шиг сэтгүүлчийг хорьдог асуудал үндсэндээ устсан гэж хэлж болохоор байгаа аж. Жөн даргын хэлснээр Солонгост одоо иймэрхүү асуудал, гомдлыг хамгийн ихээр дагуулдаг сэтгүүлч бол манайхаар шар хэвлэлийнх байдаг гэнэ. Тиймээс тэдэнтэй ийм зөрчил гаргуулахгүй байх талаар тусгайлсан хөтөлбөр гаргаж ажиллах шаардлагатай байгаагаа нуусангүй.
Солонгосын хэвлэлд хүнийг захиалгаар “шүүмжлэх”-ээс гадна санамсаргүйгээр зураг тавьснаас болж гомдол дагуулах нь нэлээд байдаг аж. Тухайлбал, нэгэн телевизийн олны танил хоёр хөтлөгч үдийн завсарлагаараа хамт хоолонд орчихоод явж байхад нь “Залуу хос ба байгаль, улирал” гэсэн зохиомжит зураг авч нийтэлсэн сонин буруутаж байжээ.
Юутай ч 32 жилийн түүхийн хөгжил Солонгосын хэвлэлүүдийг зохицуулдаг болчихож. Гэхдээ манайд солонгосын энэ загвар таарах тохирох нь юу л бол. Төр бол дарга гэж ойлгогдсон өнөөгийн нийгэмд яагаад ч хуулбарлах боломж үгүй. Харин үйл ажиллагааных, бүтцийнх нь зарим хэсгийг туршлага болгон авч хэрэгжүүлэхэд болохгүй гэх зүйлгүй. Энэ сард Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын өдөр тутмын сонины холбоо, Хэвлэлийн хүрээлэнгийн төлөөлөгчид дээрх Хэвлэлийн зохицуулах хороо, манайхны ярьдаг Хэвлэлийн консулын хамгийн туршлагатай орон болох Германаас туршлага судлахаар явах гэж байна. Тэндээс манайд тохирох чиг гарах буй за.
Үргэлжлэл нь дараагийн дугаарт.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: