Нийтийн хоолны зах зээлийг Улаанбаатарын компаниудад алдаж байгааг шүүмжлэв
Орхон аймгийн Тогоочдын холбоо, Эрдэнэт тогооч, мастеруудын холбоо хамтран хэвлэлийн бага хурал зарлаж, аймгийнхаа нийтийн хоолны зах зээлийг бусдад алдахгүй байхыг аймгийн удирдлагуудаасаа хүсч байгаагаа мэдэгдлээ.
Учир нь сургууль, цэцэрлэг болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдын хоолыг бэлтгэх тендэрт Улаанбаатар хотын компаниуд түлхүү орж байгаа нь орон нутгийн хоол үйлдвэрлэгчдийн зах зээлийг эзэлж байгаа ажээ.
Орхон аймаг нь 600 гаруй тогоочтой ч тэдний 500 нь мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй байна. Ийн боловсон хүчний нөөц хангалттай атал нийтийн хоолны салбарын зах зээлийг гадны компаниудад алдаж байгаа нь төр захиргааны бодлоготой шууд хамаатай гэж тэд үзэж байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 6000 ажиллагсдыг өдөр, шөнийн хоолоор хангадаг дөрвөн компани байдаг. Гэтэл тэнд ажиллаж байгаа тогоочид нь мэргэжлийн бус, ажлын байрны нөхцөл муу, хоол бэлтгэх технологи, зөөвөрлөх горим алдагдсан, 1000 ажилтан тутамд 2-3 тогооч ноогдож байгаа зэрэг нь хоолны чанар, хүртээмжид муугаар нөлөөлж байна гэлээ. Түүнчлэн тендэр шалгаруулалт учир дутагдалтай байна гэж “Эрдэнэт тогооч мастеруудын холбоо” ТББ-ын тэргүүн Ж.Мөнх-Эрдэнэ хэллээ.
Мөн манай улсад хоол үйлдвэрлэлийн салбарт мөрдөгддөг 700 стандарт байдаг. Гэтэл энэ стандартын хэрэгжилт хангалтгүй байгаа нь мэргэжлийн бус хүн ажиллаж байгаатай шууд холбоотой аж. Үүнээс гадна орон нутаг дахь тогоочдын цалин, хөдөлмөрийн үнэлэмж хэт доогуур байгаа нь гадны компаниуд орж ирэх шалтгаан болж буй гэнэ. Иймд аймгийн удирдлагууд хоол үйлдвэрлэл болон нийтийн хоолны салбарын энэ гажуудлыг яаралтай засахын тулд аймгийн тогоочдын санал, бодлыг сонсох хэрэгтэй гэснээр тус хурал өндөрлөлөө.
Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ
URL: