Хоёр хөршид нүүрсний салбар унаж багаа нь алтан боломж биш үү

5dcdcfed88de556aoriginalБидэнд хар алтаа ахиухан гаргачих боломж нээгдэж байгаа бололтой. Нүүрсний экспорт амь тавихдаа тулчихаад байгаа энэ үед таатай л мэдээ юм. Уг нь “Эрдэнэс-Тавантолгой” компани Тавантолгойн ордын коксжих нүүрсний гол хэсэг болох Зүүн, Баруун Цанхиа зэрэг ашиглахаар боллоо. Өнөөдрийг хүртэл зөвхөн Зүүн цанхийн багахан хэсгийг ашиглаж, өнгөрсөн онд 2.5 сая тонн нүүрс олборлон БНХАУ руу экспортложээ гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тус мэдээллийн араас цаашид энэ хэсгийн уурхайг дөрвөн ээлжийн горимд шилжүүлэхээр болсон аж. Ингэснээр 4.5 сая тонн нүүрс олборлох юм. Гэхдээ Зүүн цанхиас олборлох нүүрсээ гэрээний дагуу урд хөршид нийлүүлж, өр дарахаар төлөвлөж буй. Энэхүү “Чалко”- гийн өрнөөс одоо 170 сая ам.доллар үлдээд байгааг энэ ондоо багтааж нүүрсний экспортоор барагдуулах тухай ч мэдээлэл дагалдах болов.

Тэр тусмаа Тавантолгойн орд газарт үндэсний компаниуд ажиллаж, шууд экспорт хийж эхэллээ гэж байв. Манай улсын эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед бид нүүрснийхээ экспортыг анхаарч ажиллах нь юу юунаас ч чухал. Тэгэхээр хойд, урьд хөршийн нүүрсний салбарыг сонирхож, энэ талын мэдээлэл цуглуулан ажиллах учиртай. Тухайлбал, Өвөрмонголд нүүрсний үйлдвэрлэлийн уналт 10 хувьд хүрсэн тухай судлаачийн баримт байна. Энэ нь үнийн үргэлжилсэн уналтаас болсон гэнэ. Жижиг уурхайнуудад бол үйлдвэрлэл тал хувиас илүү унасан байна.

Өвөрмонголын Нүүрсний Аж Үйлдвэрийн Удирдах Газрын мэдээгээр энэ оны нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүрэхэд 529 сая 470 мянган тонн нүүрс үйлдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үйлдвэрлэл нь 71 сая 690 мянган тонноор буурчээ. Мөн Өвөрмонголын Нүүрсний Аж Үйлдвэрийн Удирдах Газрын мэдээгээр нүүрсний 67 уурхай хаагдсан аж. Чухам юуны учир энэ олон уурхайг хаав гэдэг нь өөрөө олон асуудал дагуулах нь мэдээжийн хэрэг. Зарим эх сурвалж сөхвөл нэлээд улстөржүүлсэн байдлаар ч бичсэн байна лээ. Тухайлбал, хятадууд бизнес эрхлэгчдээ хавчин боож байна гэсэн байх юм. Нөгөө талаар хаагдаад буй 67 уурхай нь тийм ч том биш учраас амьдрах чадваргүй болж хаагдсан гэнэ. Дээрх мэдээллүүдээс дүгнэлт хийхэд дээрх уурхайнууд Хятадын төрийн оролцоогүй, 100 хувь хувийн хэвшлийнх бололтой. Тэгэхээр бусад төрийн өмчит том уурхайнуудад дарагдсан байхыг үгүйсгэхгүй.

Ямар ч байлаа гэсэн энэ бол манайд эерэг мэдээлэл. Өөрөөр хэлбэл, нүүрсний экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөж буй манай улсад том боломж олдож байгаа хэрэг. Хэдийгээр жижиг ч гэлээ 67 уурхай хаагдана гэдэг бол манайхаас Хятад уруу гаргах нүүрсний хэмжээнд томоохон эргэлт гарах боломжтой. Тэгэхээр Тавантолгойн орд газарт өөр олон компаниуд нэмж оруулах шаардлага ч зүй ёсоор тулгарч мэдэх юм. Хятадууд эдгээр уурхайгаа нэгэн цагт сэргээнэ. Тиймээс бид олдсон энэ боломжийг давуу эрхээр ашиглах хэрэгтэй. Тэгж гэмээнэ хямралыг эрсдэл багатай давна. Эрх баригчид маань л хямраагүй, эдийн засаг байнга өсөлттэй хэмээн залж байгаа болохоос биш айл бүрт хямрал нүүрлээд байгааг бид бэлхнээ мэдэж байгаа. Хятадад 67 нүүрсний уурхай хаагдсан нь бидэнд алтан боломж. Тэгэхээр манай эрх баригчид улстөржүүлэлгүй, нүүрснийхээ экспортыг нэмэгдүүлэх нь хамгийн чухал болжээ. Энэ боломжийг ашиглаж нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд бид Тавантолгойн орд газарт компаниуд нэмж оруулах хэрэгтэй. Тэгэхдээ элдэв танил тал харалгүй, шударга тендер явуулаад олборлолтоо нэмэгдүүлэх учиртай. Үүнээс гадна хойд хөршийн нүүрсний бодлогыг ч сайтар ажиглах хэрэгтэй. Ингээд Оросын нүүрсний зах зээлд юу болж байгааг дурдая. Орос өнгөрсөн жил 354,9 сая тонн нүүрс олборлосон нь багагүй амжилт гэж үзжээ. Энэ нь өмнөх оноосоо 5,4 хувиар өссөн үзүүлэлт аж. Оросууд 2012 онд олборлосон 272 сая тонн эрчим хүчний нүүрснийхээ 26 хувийг дахин боловсруулснаа тун ч бага гэж үзэж байна. Оросууд нүүрсээ 48 оронд экспортлодог, харин сүүлийн үед дэлхийн зах зээл тогтворгүй байгаагаас алдагдал хүлээх болжээ. Баруун, зүүн тийш их хол тээвэрлэдэг нь зардлыг ихэсгэж байна гэж тэд дүгнэж байна. Оросын төмөр зам яаж ч ажиллаад Сибирийн бүс нутагт хуримтлагдаад буй 16 сая тонн нүүрсийг тээвэрлэж барахгүй байгаа аж.

Өөрөөр хэлбэл, хүчин чадал нь хүрэхгүй байгаа юм. Уг нь норм 4,7 сая тонн байх ёстой аж. Гэхдээ нэг сонин мэдээлэл байгааг ч манайхан анзаарахгүй өнгөрч болохгүй. Тэр нь юу вэ гэхээр, Оросын компаниуд татвар төлөхөөсөө өмнө жилд дунджаар 100 тэрбум рублийн ашиг олдог байсан бол 2013 онд тэг ашиг олно гэж Эрчим Хүчний сайд нь мэдэгджээ. Учир нь нүүрс экспортлох үед тээврийн зардал 50-55 хувь болдог аж. Энэ бол хаа байсан Орост болж байгаа уналт хэдий ч манай улсад туйлын хамаатай. Бас нэгэн мэдээлэл сөхвөл, Оросын экспертүүдийн үнэлгээгээр дэлхийн эрчим хүчний хэрэглээн дэх нүүрсний хувь 24-өөс 18 хувь болж буурах боловч эрэлтийн өсөлт нь жилийн 0,8 хувь байна гэж тооцжээ. Гэтэл Сибирийн нүүрсний эрчим хүчний компанийн ерөнхий захирал Владимир Рашевский хэлэхдээ “Нүүрс бол жилийн 13 тэрбум ам. долларын ашиг өгч, орлогоороо тавдугаарт ордог чухал салбар. Гэтэл нүүрсний үнэ зөвхөн 2012 онд 20 хувиар унасан, хэрэв өмнөх жилүүдийг тооцох юм бол энэ нь хасах 40-60 хувь болно. Компанийн экспортын алдагдал 3,5 тэрбум рубль боллоо” хэмээснийг судлаач тэмдэглэсэн байна. Энэ нь чухам юуг хэлж байгааг бид төвөггүйхэн ойлгоно. Юутай ч хойд, урьд хөршид нүүрсний салбар элгээрээ хэвтчихээгүй ч уналтын байдалтай байгаа нь бидэнд шууд утгаараа алтан боломж юм. Энэ хэрээр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ ч харьцангуй өсөх төлөвтэй.

С.БАЯР

 


URL:

Сэтгэгдэл бичих