“Бин Ладен” Колумби улсад амьд байна

Колумби улсад амьдарч буй  “Осами” араб хүний хувьд амандаа шүгэл зууж, сүр хүчээ харуулсан АК-47 буугаа

мөрөвчлөн, урт цагаан сахалтай, цагаан алчуураар толгойгоо ороон, бүсэндээ том хутга хавчуулан алхах ажээ. Харин АК-47 буугаа модоор хичээнгүйгээр урлан сийлж, хийсэн байх нь анхаарал татна.

Хичстер Лондоньо Хасмет Колумбийн 6,7 сая хүн амтай нийслэл Богота хотын байдаг л нэгэн иргэн. Тэр Богота хотын Сантафе дүүргийн биеэ үнэлэгч бүсгүйчүүд, хүйсээ солигчдийн нааш цааш хольхин явдаг бас “Осама бин Ладен”-ы хэнэггүй зугаацан алхалдаг  нэгэн гудамжны автомашины зогсоолын манаачаар ажилладаг нэгэн ажээ.
“Сантафе дүүргийн манаач”  2001 оноос эхлэн дүр төрхөө өөрчилж, сахлаа ургуулан, цагаан алчуураар толгойгоо ороон алхалж эхэлснийг оршин суугчид нь мартаагүй байгаа аж. Тэр гудамжаар зорчин явагчдад хэдэн зургууд байнга үзүүлэн Нью-Йорк хотын ихэр цамхгийг сүйтгэсэн хүн биеэрээ байна гэдгийг тухайн үед итгүүлэхийг оролддог байсан байна. Удалгүй дүүргийн оршин суугчид “Бин Ладен”-тайгаа  дасч, хүүхэд шуухадтайгаа хамт зургаа авахуулах, хажуугаар нь өнгөрч буй машины жолооч нар дохиогоо дуугарган мэндчлэх нь хэвийн зүйл болсон аж.

Колумбийн “Осама” хэзээ ч АК-47 буугаар буудаж үзээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд манаачийн үүргээ гүйцэтгэхийн тулд шүгэл үлээх, 20 см-ийн хутга, ухаан алдуулагч хийтэй байх шаардлагатай гэдгийг тайлбарладаг байна.

АНУ-ын засгийн газраас амалсан 25 сая долларын талаар түүнээс асуухад Колумбийн Бин Ладен хөгжилтэйгээр инээд алдан “Тэр чин миний аавын толгойн төлөө амалсан мөнгө болохоос миний толгой авахын тулд амалсан мөнгө биш” хэмээн хариулдаг байжээ.

Богота хотын Сантафе дүүргийн “Осама”-гийн ажилладаг гудамжны цагдаагийн газрын дарга дэслэгч Маурисио Бесерра “Цагаан хувцастай, урт сахалтай, буугаар зэвсэглэсэн этгээд гудамжаар явж байгаа тухай удирдлагадаа нэг биш удаа мэдээлж байсан юм” гэжээ.

Жинхэнэ Осама өнгөрөгч ням гаригт далайн ёроолд живэн одсон бололтой. Ижил дүр төрхтэй, хуурамч “Осама” чамгүй ашиг орлого олсоор л. Зураг дээр:Хичстер Лондоньо Хасмет 2011 оны тавдугаар сарын 4-ний өдөр хэсэг хүмүүстэй хамт зургаа авахуулжээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг


URL:

Сэтгэгдэл бичих