МУХЭҮК Ази Номхон Далайн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын чуулганыг толгойлохоор болжээ

МУХЭҮК Ази Номхон Далайн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын чуулганыг толгойлохоор болжээ

Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагууд энэ сарын 1-3-ны хооронд Катарын Доха хотод чуулж буй билээ.

18 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг бага хуралд манай улсыг төлөөлөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, Ажлын албаны дарга А.Дашдэлэг нар оролцох байна.

МУХЭҮК Ази Номхон Далайн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганыг толгойлохоор болсон байна.

Ази Номхон Далайн Бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы орлогч даргаар МУХЭҮК сонгогдож, 2015 оноос эхлэн тус байгууллагыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс толгойлохоор болж байгаа нь Ази болон Номхон далайн бүс нутаг дахь бусад хүний эрхийн үндэсний байгууллагууд дундаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг олон улсад үнэлж байгаагийн илрэл юм.

Тус хурлаар 2015 онд болох Ази Номхон Далайн ХЭҮБ-уудын 20-р Чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст олгох шийдвэр гаргажээ.

Ази Номхон Далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулган нь тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй хүний эрхийн үндэсний байгууллагуудын хамтын ажиллагааны байгууллага бөгөөд анх 1996 онд Австрали Улсын Дарвин хотноо байгуулагдаж байжээ.

Энэхүү чуулган нь хүний эрхийн үндэсний байгууллагуудын үр дүнтэй үйл ажиллагааг явуулахад шаардагдах хамгийн наад захын олон улсын хэм хэмжээг тусгасан НҮБ-ын “Парисын зарчим”-д бүрэн нийцсэн бүрэн эрхт 15 гишүүн хүний эрхийн үндэсний байгууллага, мөн 3 орлогч гишүүн байгууллагатай.

МУХЭҮК Олон Улсын Зохицуулах Хорооны магадлан итгэмжлэлтэй, “А” статус бүхий байгууллага бөгөөд Ази Номхон Далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулганы бүрэн эрхт гишүүн юм.

Дашрамд дуулгахад, МУХЭҮК-ын явуулсан эрүү шүүлтийн асуудлаарх нээлттэй хяналт шалгалт, төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэдэд учирсан хохирлыг арилгуулах талаар шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаж хохирлыг барагдуулж байгаа ажлуудыг бусад улс оронд авч хэрэгжүүлбэл зохих тэргүүн туршлага хэмээн үнэлж, манай туршлагад суурилсан сургалтуудыг зохион явуулж эхлээд байгаа юм.

А.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих