Зөвшөөрөлгүйгээр барилга барьдаг моодыг халъя
Барилга барих захирамжгүйгээр ажлаа эхэлдэг моод нийслэлд дэлгэрээд удаж байна.
Иргэн ч тэр, аж ахуйн нэгж ч ялгаагүй хууль зөрчин барилга босгоод байхаар энэ хот сүүлдээ юу болох бол. Бид энэ удаа Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутагт баригдсан “Далан даваа” компанийн үйлчилгээний зориулалттай барилгыг онцолж байна. Тэд 2010 оны нийслэлийн Засаг даргын 477 тоот газрын захирамжийг үндэслэн 500 ам метр талбайд барилга барих ажлыг хэдийнэ эхлүүлжээ.
Харамсалтай нь барилга барих зөвшөөрлийг зохих газраас аваагүй нь шалгалтаар тогтоогдсон байдаг. Ус, дулаан, цахилгаан гэх мэтээр хүний наад захын хэрэглээг бий болгох зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагаас авах ёстой атал тэд тэгсэнгүй. Зохих зөвшөөрлийг аваагүй хэрнээ сэтгэл тэнэгэр барилгаа барьж тэнгэрт тултал босгосныг та бүхэн харж байгаа байх. Ийм барилга нийслэлд хэд боссоныг хэлж мэдэхгүй нь. Гэнэтийн галын аюул нүүрлэхэд сая энэ барилгын асуудал босч “Тухайн үед нь мэргэжлийн байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлдэг л байж” хэмээн харуусахад хүрдэг жишээ нийслэлд олонтаа гарсан гэдгийг мартаж болохгүй.
“Далан даваа” компанийнхан дарга ангийнхны гарын үсэггүйгээр “Дураараа барилга барьчихлаа, бид сүрхий хүмүүс байна” хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг биз. Энэ нь Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Эрчим хүчний тухай, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон холбогдох бусад дүрэм, журам, тушаал шийдвэрийг зөрчсөн гэдгийг тэд ор тас мартсан уу.
Эсвэл санаж байгаа хэрнээ тоохгүй явсаар барилгын ажил нь дуусах шатандаа очсон гэлтэй. Мэргэжлийн байгууллагууд шалгалт хийж тэдний байр, байдлыг илчлээгүй бол тэд хаа хүртэл барилгаа босгох байсныг бүү мэд. Энэ мэтээр мэргэжлийн бүхий л байгууллагын зөвшөөрлийг үл хайхран дураараа барилга барьдаг моод манай улсын нийслэлд дэлгэрчихжээ.
Манайхаас өөр хотод лав ийм моод дэлгэрээгүй байх. “Далан даваа” компанийнхан ч яах вэ өнөө, маргаашаа болгоод өөрсдөд нь таатай байгаа биз. Харин хэрэглэгч хаан гэсэн үг мартагдаж тэдэнд ямар ч эрсдэл, аюул заналхийлэхийг хэн мэдлээ. Ийм даварсан компаниудад даруулга хэрэгтэй. Юм л бол хаагаад, торгоод байдаг мэргэжлийн хяналтынхан ийм л үед далайлгаж, сүрийг үзүүлж ажлаа хийх хэрэгтэй бус уу.
Хуульд захирагддаггүй тэдэнд захиргаадалт, албадлага зайлшгүй хэрэгтэй.
Д.Оюун /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: