Монголын хэвлэлийн эрх чөлөө ухарсаар байна

591Дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөө аль түвшинд байгааг тодорхойлох судалгааг жил бүр “Хэвлэлийн эрх чөлөөний индекс” нэрээр гаргадаг билээ. Энэхүү судалгааг “Хил хязгааргүй сэтгүүлчид” ашгийн бус байгууллагаас гаргадаг бөгөөд улс орон бүрийн хэвлэлийн эрх чөлөөг тодорхойлохын тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хэвлэлийн эрх зүйн байдлыг судлан тусгадаг байна.

Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын 18 салбар нь таван тивд хуваагдан байршдаг бөгөөд 150 гаруй судлаачид нь дэлхийн орнуудын хэвлэлийн эрх чөлөөний байдлыг судлан тогтоодог аж.

2013 онд энэхүү судалгаанд 179 орныг хамруулжээ. Энэ жилийн болоод өмнөх жилүүдийн судалгааг харьцуулан харахад Финлянд, Нидерланд, Норвеги, Люксембург, Андорра, Дани, Лихтенштейн, Шинэ Зеланд, Исланд, Швед, Эстони зэрэг улсууд хэвлэлийн эрх чөлөө хамгийн сайн орнуудад багтан эхний 10-т жагсдаг байна.

Харин Судан, Куба, Вьетнам, Иран, Сомали, Сири, Туркменистан, Хойд Солонгос, Эритриа зэрэг орнууд хэвлэлийн эрх чөлөө хамгийн бага буюу хаагдмал улсын тоонд ордог аж.

Манай Монгол улсын хувьд 2013 онд хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ дэлхийн 179 орноос 98 дугаарт бичигдсэн байна. Энэ нь 2012 оны 100 дугаарт жагссан үзүүлэлтээс сайжирсан үр дүн боловч 2002-2010 он хүртэлх үзүүлэлтүүдээс эрс ухарсан хэрэг юм.

Манай улс 2002 оноос тус байгууллагын судалгаанд хамрагдаж эхэлсэн бөгөөд 2005 онд эхний 50-д орж харьцангүй эрх чөлөөтэй гэгдэж байсан юм. Харамсалтай нь 2008 оны 7 сарын 11-ний үйл явдлын улмаас ноцтой ухарсан. Тэр цагаас анхаарал татахуйц асуудалтай орнуудын эгнээнд шилжиж одоог хүртэл тасралтгүй ухарчээ. Тиймээс Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын холбоод нэгдэн өнгөрсөн тавдугаар сараас “Бүтэн эрх хаана байна?” он-лайн марафоныг эхлүүлээд байна. Энэ аян бүтэн жил үргэлжлэх бөгөөд ухарч буй Монголын хэвлэлийн эрх чөлөөний түвшинг урагшлуулах зорилготой юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих