Хэзээ бид “Агуй”-аас гарах вэ???

873БЫБЫЫБМЭӨ 370 онд бичигдсэн алдарт “Политеа” хэмээх бүтээлийн долоо дахь боть номонд “Агуйтай жиших нь” хэмээн бүлэг бий. Тус бүлэгт газар доорх нэг агуйд хүүхэд наснаасаа эхлэн амьдарсан хүмүүсийн тухай өгүүлнэ.

Тэдний чанх урд нь байрлах хананаас бусад зүйлсийг харах боломжгүйгээр, толгой болон биеэ хөдөлгөх аргагүйгээр агуйн хананд гинжилжээ. Тэдний ард асаасан гал агуйг гэрэлтүүлнэ. Галын өмнүүр элдэ зураг, дүрсийг хөдөлгөхөд сүүдэр нь гинжлэгдсэн хүмүүсийн өмнөх хананд тусна. Хоригдогсод ар нуруугаар нь хөдөлгөх зүйлсийн зөхөн сүүдрийг л харж чадах аж. Эд зүйлсийг хөдөлгөж буй хүмүүсийн дуу хоолой хүртэл агуй дотор цуурайтан, бүдэг бадаг сонсогдоно. Нэгэнт нурууных нь ард талд буюу тэдний үзэхүйн чандад юу болж буйг мэдэхгүй тул агуйд амьдрагсад ханан дээрх сүүдрийг л цорын ганц бөгөөд үнэн амьдрал гэж үзнэ. Тэд энэ байдлаас ангижрах боломжгүй.

Хэрвээ тэндээс хэн нэг нь чөлөөлөгдөөд, гадагша гэрэлд гарлаа гэхэд хэсэг хугацааны дараа агуй дотор юу болж буй ухаарч чадах биз. Тэглээ гээд тэрээр бусдыгаа гэгээрүүлж чадахгүй. Учир нь түүний ярьсан бүх зүйл агуйд хоригдогсдын төсөөллөөс хол давсан тул гадагш гарч гэгээрсэн нэг нь бусдадаа шоолуулж, элэг доог болно. Түүний нүд нь булингартаж, оюун нь самуурчээ гэж дахин ийм явдал гаргахгүйн тулд гадагшаа гарах гэсэн хэн бүхнийг тэр доор нь алах аж.

Платоны санааг үзүүлсэн бичлэг

Мэдээж Платон ямар нэг зөгнөлт эсвэл аймшгийн киноны зохиол бичих гэж энэ адилтгалаа бичээгүй нь тодорхой. Үүгээрээ тэр юмсын бодит мөн чанар руу ойртохын тулд философлог ойлгоц нь төсөөлж, хүлээж авагдсан мэдрэмжүүдээс алхам, алхмаар салж байж гэгээрэхийн чухлыг л харуулахыг зорьсон юм.

Яагаад энэ сэдвийг хөндөж байгаагийн цаад шалтгаан юу вэ гэхээр Монголчууд бид өөрсдөө өнөөдөр “Агуйд” орчихжээ. Улс төрчдийн амалсан амлалт, сургуулиудын заасан зүйлс, телевиз болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр гарсан бүхнийгээ л бодит, гарцаагүй үнэн хэмээн үнэмшжээ. Зан заншил, уламжлал, түүхийг “яг” үнэн хэмээн бат үнэмшсэн учраас өнөөдөр өөр зүйлийг харахаа больжээ. Бүгд л буруу, алдаатай үнэмшсэнээ туйлын үнэн хэмээн зүтгэцгээнэ.

Нэг л их мэдэмхийрсэн хүмүүс хаа сайгүй олширчээ. Зарим нэг нь орой үдэш зүүдэлсэн зүүдэндээ үнэмшиж түүнийгээ хүмүүст /оюутан, шавь нартаа/ жинхэнэ үнэн хэмээн сургана. Энэ бол манай хамгийн том эмгэнэл болоод байна.

Гадагшаа гарч ном сурсан нэгнийгээ “өөр” шинэлэг юм ярихаар ойлгохгүй тул өвчтэй солиотой хэмээн бүгдээрээ дайрцгаана. Шууд л шизотой гээд хочилчихно. Гэтэл жинхэнэ шизотой хүмүүс сайдын суудалд суун гал асаагаад л монголчуудыг хөгжүүлчихнэ хэмээн дэмийрч байгааг харж чадахгүй байна.

Ерөөсөө нийгэм ч бай, хувь хүн ч бай урагш хөгжихийн тулд хуучирсан итгэл, үнэмшил болон хүүхэд байхдаа сурч мэдсэн, үнэн гэж үнэмшиж явсан бүхэндээ эргэлзэх хэрэгтэй. Эргэлзээд зогсохгүй, шалгаж шүүн шинжлэх хэрэгтэй. Ингэж байж л хөгжил явагдана.

Миний багад ингэж л заасандаа гээд аль олон жилийн юм ярьж эсвэл, манай монгол ёс заншлаар бол гээд заншилдаж, Чингис хаан хэлэхдээ хэмээн том солиороод байж болохгүй.

Бидний үнэн гэж үнэмшиж явсан бүхэн худал байвал яах уу?. Бид зөвхөн бодит байдлыг биш түүний сүүдрийг харж байвал яах уу. Үүний тулд соён гэгээрэх зайлшгүй шаардлага нийгэмд тулгараад байгаа юм.

Бид Үндсэн хуулийг буруу ойлгосон байвал яах уу, Бид ардчиллын буруу ойлгосон бол яах уу, Бид эрх чөлөөг буруу ойлгосон бол яах уу, Бид шударга ёсыг буруу ойлгосон бол яах уу.

Манай нийгэм ингээд л үнэнийг хэлсэн ганц нэг хүнээр шахаж гаргачихаад өөрсдөө агуй дотроо худал зүйлд үнэмшээд амьдралаа дуусгах уу. Худал зүйлд үнэмшиж явсан амьдралыг амьдрал гэж нэрлэх үү.

Тиймээс бидэнд ном уншиж, соён гэгээрэхээс өөр гарц үл харагдана.

ЦАГ ТӨР


URL:

Сэтгэгдэл бичих