Таксиныхныг давраах уу, дарах уу
Хамгийн гол нь стандарт хангасан такси нь зөвхөн энэ хэсэгт л явж байх юм гэсэн. Ерөнхийдөө нийтэд биш нэг хэсэг нөхдүүдэд зориулагдсан юмдаг уу даа.
Тэгээд бусад замаар зорчих, бүр гэр хороолол руу явах хүсэлтэй хүмүүс бол халтуурны такси л барихаас өөр аргагүй гэсэн үг. За яах вэ, ард түмэн ард түмэндээ үйлчлээд, мөнгө төгрөгөө тохироод яваад сурчихсан байгаа. Тэр стандарт хангасан такси нь хаагуураа явж, хэндээ үйлчлэх нь гол биш.
Асуудал юунд байна вэ гэхээр такси үйлчилгээ эрхлэгчид янз бүрээр төрөөс мөнгө салгах, эсвэл үнээ нэмж, иргэдийг шулахаар улайрч байгаад л байна. Нөхдүүд ШӨХТГ-аар мэдэгдэл хийлгэж, км тутмынхаа үнийг 1000 төгрөг болгохоор дайралт хийсэн. Харамсалтай нь ард иргэдийн эсэргүүцэл хүчтэй байсан учраас эцэстээ О.Магнай дарга уучлал гуйж, өрнөсөн асуудал хэсэгтээ л дарагдсан.
Таксиныхан км тутмынхаа үнийг нэмэхээр улайрч байгаагийн гол шалтгаан нь алдагдалтай ажиллаж, паркаа шинэчилж чадахгүй байгаатай холбоотой гэх. Тиймээс үнээ нэмэх шийдэлд хүрч, иргэдийн нуруун дээр том ачаа үүрүүлэхээр зүтгэсэн гэж байгаа. Харамсалтай нь тэр арга нь нэг их хол явж, амжилт олоогүй учраас арай өөр тактикаар дайрахаар шийдээд байгаа юм билээ.
Тэр нь төрөөс татаас авах. Яг л автобус, троллейбусанд өгдөгтэй адилхан татаасыг такси үйлчилгээний компаниуд авах юм гэнэ. Ийм санал ярьж байхдаа шантаажлахаа ч бас мартсангүй. Хэрвээ татаас өгөхгүй, үнэ нэмэх асуудлыг ч шийдэхгүй гэвэл дур мэдэн км тутмынхаа үнийг нэмнэ гэж дарамталж эхэлсэн.
Ер нь бол дур мэдээд үнээ нэмлээ шүү гэдгээ хэлэхдээ л дунд нь элдэв санал хавчуулж байгаа хэрэг. Өнөөдөр такси үйлчилгээний компаниуд алдагдалтай ажиллаж байгаа гэж итгэхэд бэрхтэй. Учир нь машин түрээсэлж байгаа жолооч нараасаа өдрийн тогтмол орлого авдаг. Такси түрээсэлж байгаа жолооч өдрийн 30 мянган төгрөг өгөх ёстой бол зугтах арга байхгүй. Нэг өдөр нь 100 мянган төгрөг олоод, хоёр өдрийнхоо орлогыг тушаачихаад явах уу, үгүй юу. Эсвэл эхнэрийнхээ цалинг буухаар өдрийнхөө орлогыг гүйцээж өгөх үү гэдэг нь компанид хамаагүй. Тэд авах ёстойгоо л авна.
Тийм байж үнэ нэмэх асуудал яриад байгаа нь сонирхолтой. Эсвэл үнээ нэмчихэж байгаад, өдрийн татаасаа нэмэхгүй бол жолооч нарт нь хэцүү гэж үзэж байж ч болох юм. Ямар ч байсан тэдний шалтаг нь алдагдалтай ажиллаж байгаа гэсэн хэдэн үг л байна. Тэгвэл төр засгийнхан тэдний үгэнд итгээд татаас өгч, угжиж давраах уу, эсвэл даварсан үйлдлийг нь дарах уу гэдэг сонголтоос аль нэгийг нь хийх болох нь.
Хэрвээ татаас өглөө гэхэд такси баазууд машин тэргээ сүрхий солиод, үнэ ханшаа бариад, иргэдийг байшин, гэр хороолол гэж ялгахгүй үйлчилж чадах уу. Стандартын шаардлагаа хангаж, тоолуур энэ тэрээ тавьж, иргэдийг шулахгүй явах уу гэдэг нь эргэлзээтэй шүү дээ. Үнэндээ такси компанийн жолооч нар дуудлагаар очиж хүн аваад, эхний км нь 1000 төгрөг гэж нэхнэ.
Дээрээс нь дуудлагын мөнгө гэж авна. Гэх зэргээр хамгийн их ашигтай байдлаар л ажилладаг. Нийт иргэдэд хүрч үйлчлэх талаар санаачилга гаргаж байгаа юм огт алга. Татаас өгсөн ч энэ байдал засрахгүй. Харин такси компанийн захирлуудын халаас зузаараад дуусах магадлал өндөр.
Тиймээс асуудлыг арай өөрөөр шийдэх хэрэгтэй байх. Тэгэхгүй зөнд нь орхивол нөхдүүд дураараа үнээ хэтэрхий нэмж, дагаад халтуурчид нь жолоогүй болоод, иргэдийг хохироох шиг болно биз дээ, харин ч нэг. Ер нь бол такси үйлчилгээний компаниуд төрийг ацан шалаанд оруулчихсан гэхэд болно. Харин аль “бод”-оо хаях нь төр засгийн шийдэх хэрэг. Гэхдээ бас хамгаалаад гарах ч хувилбар байж болох юм.
Н.Пунцагболд
URL: