Оюу Толгой төслийн хуримтлагдсан 30 асуудлын 15-д нь ойлголцолд хүрчээ
Оюу Толгой төслийн Монголын талын ТУЗ-ийн гишүүд Лондонд энэ сарын 23-27-нд ажиллаад ирсэн тухайгаа сэтгүүлчдэд мэдээллээ. Монголчуудын анхаарлыг татаж буй гол сэдэв бол Оюутолгойн дахин санхүүжилтын асуудал бөгөөд эл хэлэлцээр дуусаагүй үргэлжилнэ хэмээн ТУЗ-ийн гишүүд мэдэгдэв.
Талууд Оюутолгой төслийн хүрээнд хуримтлагдаад байгаа 30 асуудлын 15-д нь нэгдсэн ойлголтод хүрсэн байна. Тухайлбал Оюу Толгойн бүлэг ордод хамаарах боловч гуравдагч этгээдийн эзэмшилд байгаа тусгай зөвшөөрлийг Оюу Толгой ХХК-д шилжүүлжээ. Ингэснээр Монголын тал нийт лицензийн талбайгаас 34 хувь эзэмших гарц нээгдэх юм байна. Мөн Онтрэгийн хоёр тусгай зөвшөөрлийг Хөрөнгө оруулалтын гэрээний агуулгад нийцүүлэн Оюу Толгой ХХК-д шилжүүлэх саналыг Рио Тинто компанид манай талаас тавьж, талууд шуурхай арга хэмжээ авахаар болжээ. Монголын талын ногдол ашиг төсөл хэрэгжих хугацаанд ойролцоогоор 1.4 тэрбум ам. доллараар нэмэгдэх нөхцөл бүрдэнэ хэмээн Монголын талын ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу ярилаа. Хоёр талын ойлголтын зөрүүтэй байгаа энэ үед богино хугацаанд асуудлыг шийдэхэд хүндрэлтэй. Тиймээс асуудлыг шуурхай шийдвэрлэхийн тулд гурван чиглэлээр ажлын хэсэг байгуулахаар болжээ. Ажлын хэсгүүд Оюу Толгой төслийн зардлын хэтрэлтийг хоёр талаас тулгаж нягтлах, ТЭЗҮ болон бүлэг ордын геологийн нөөцийн тодотголыг эрх бүхий байгууллагад танилцуулах, бүртгүүлэх, төслийн нэмэлт санхүүжилтын нөхцлүүдийг нарийвчлан судлах аж. Мөн манай төлөөлөгчид Лондонд ажиллах үеэрээ Оюутолгойн бусад хувь нийлүүлэгчид болон жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөлтэй уулзаж ярилцсан байна. Хоёр талын хэлэлцээр энэ сарын 7-ноос Улаанбаатарт үргэлжилнэ.
Б.Заяа
/Монцамэ агентлаг/
URL: