Н.Алтанхуягийн эргэлзээ хурдан арилж, санхүүжилтээ хурдан хийгээсэй

indexуөөыйбөцу…“Милленниум Ай Ти” сүлжээний технологи бол дэлхийн хөрөнгийн биржийн мэдээллийг минут, секундын зөрүүгүйгээр авч түүнд оролцох боломжийг хангаж буй дэвшилтэт технологи. Дээрх системийг хэрхэн ашиглах талаар Сангийн яам, шүүх цагдаа, брокер диллерийн компаниудын ажилчдыг сургасан байна. Мөн 50 монгол залууг Англид явуулж, Лондонгийн биржийн үйл ажиллагаатай танилцуулсан гэнэ. Бодит байдал ийм атал одоогийн Засгийн газрын тэргүүн энэхүү гэрээний санхүүжилтийг өгөхгүй бүтэн жилийн нүүр үзэж буй нь төрийн бодлогын залгамж чанар алдагдаад удаж буйгийн нэг муу жишээ болов уу…

Гаднын хөрөнгө оруу- лагчид Монгол Улсын жирийн иргэнтэй хамтарч ажиллах нь бүү хэл Засгийн газарт ч итгэхэд бэрх болжээ. Өчигдөр хийсэн гэрээг маргааш нь солигдсон дарга нөгөөдөр нь хүчингүй болгоод л. Эсвэл зөв үү буруу юу, шалгаж байж цааш үргэлжлүүлнэ гээд л. Мэдээж мэдэхгүй, чадахгүй хүмүүс өмнөх хүмүүсийн хийснийг ойлгохгүй учраас эхлүүлсэн ажлыг нь дуусгуулж байж төр засгийн удирдлагуудыг буулгаж байвал зүгээр юм биш үү. Ийм нэг жишээ байна. Монгол Улсын Их Хурал 2010 оны хоёрдугаар сарын 4-нд 11 тоот тогтоол гаргажээ. Тогтоолын санаа нь Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, технологийн шинэчлэл хийх, хууль эрх зүйн орчныг сайжруулах тухай заасан тогтоол юм. Энэхүү тогтоолтой уялдуулан Монгол Улсын Засгийн газраас мөн оны тавдугаар сард 115 дугаар тогтоол баталсан байдаг. Дээрх тогтоолуудын дагуу 2011 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж хамтран “Лондоны хөрөнгийн бирж групп”-тэй стратеги хамтын ажиллагааны “Ажлын мастер гэрээ”-г гурван жилийн хугацаатай байгуулсан байна. Монголын санхүүгийн зах зээлийг олон улсад гаргаж, үндэсний компаниудыг дэлхийн зах зээлд арилжаа явуулах дэд бүтцийг хийж өгч байгаа хүмүүс тодорхой төлбөртэйгөөр дэмжлэг туслалцаа үзүүлж таарна. Тэрхүү төлбөрийг 14 сая ам.доллар байхаар гэрээнд тусгаж, жил бүрийн улсын төсөвт суулгахыг УИХ- аас шийдсэн байдаг. Гэтэл энэхүү хамтын ажиллагааны санхүүжилт зогсоод жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Ажлаа хийлгэчихээд хөлсөө өгөхгүй бултдаг “гаруудыг” монголчууд араа боддоггүй, олонд нэр нүүргүй хүмүүс гэдэг. Одоогийн байдлаар Монгол Улсыг дэлхий нийт яг ингэж харж байгаа. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг дээрх хамтын ажиллагааг ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй нэг хэсэг явсан бололтой юм. Харин саяхнаас ойлголцож эхэлсэн сурагтай. Уул нь Н.Алтанхуяг болон түүний танхимын сайдууд С.Батболдын Засгийн газарт хамтарч засаг барьж байсан, шинэ хүмүүс огт биш. Гагцхүү өмнөх нөхдийн эхлүүлсэн ажлыг буруу зөрүүгээр нь дуудаж байгаад зогсоодог муу жишиг тогтоосны л гай. Хэн гарын үсэг зурсан нь хамаагүй, Монгол Улсын Засгийн газар хөдөлшгүй нэг тал. Өнгөрсөн жилээс хойш нэхэгдээд буй санхүүжилтийг төсөвт суулгуулахаар Хөрөнгийн биржээс Засгийн газарт удаа дараа саналаа хүргүүлсэн байдаг. Хариуд нь ашигтай ажиллагаа мөн эсэхийг харж байж шийднэ гэсээр өдийг хүрчээ.
Энэхүү гэрээний учир начрыг олж, үр ашигтай юм байна гэдэгт саяхан болтол Ерөнхий сайд маань эргэлзэж байжээ. Харин олон сарын турш мэргэжлийн байгууллагуудаас тайлбар, таниулга хийсний дүнд одоо л итгэл үнэмшилтэй болсон юм байх. Ойлгохыг хүсэлгүй нэг хэсэг явах, ойлгох гэж нэг хэсэг явсаар байтал цаг алдаж, цаашлаад “Лондоны хөрөнгийн бирж групп” хамтын ажиллагаагаа зогсоох аюул нүүрлээд байсан юм. Гэрээний нийт санхүүжилтийн 11 сая ам.доллар нь хөрөнгийн биржийн шинэчлэлд зориулагдаж буй тул эх орондоо үлдэж байгаа гэсэн үг. Гурав орчим сая нь л тэдний ажлын хөлс, урамшуулал болон гар дээр нь очно. Үндсэндээ гуравхан сая төгрөгөөр дэлхийн хамгийн хурдан арилжааны системийг суурилуулж, зах зээлийн хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгоод авчихлаа гэсэн үг. Цаашлаад эхний үе шат дуусангуут үргэлжлүүлэх юм билээ. Монголын үндэсний компаниуд дэлхийн зах зээлд гарч хөрөнгөө арилжих дэд бүтцийг энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хийж өгснөөрөө монголчууд хожно гэдэг нь ойлгомжтой. Олон улсын хөрөнгийн бирж дээр ямар арилжаа явагдаж буйг мэдэхийн тулд, түүнд оролцохын тулд бид “трактор” шиг сүлжээгээр араас нь гүйцэхгүй. Энэ гэрээний ашигтай эсэхийг дүгнэх цаг нь хараахан болоогүй ч өнөөдрийн байдлаар хөрөнгийн зах зээлд юу хийж чадсан бэ гэдгийг л харахад хангалттай.
“Милленниум Ай Ти” сүлжээний технологи бол дэлхийн хөрөнгийн биржийн мэдээллийг минут, секундын зөрүүгүйгээр авч түүнд оролцох боломжийг хангаж буй дэвшилтэт технологи. Дээрх системийг хэрхэн ашиглах талаар Сангийн яам, шүүх цагдаа, брокер диллерийн компаниудын ажилчдыг сургасан байна. Мөн 50 монгол залууг Англид явуулж, Лондоны биржийн үйл ажиллагаатай танилцуулсан гэнэ. Бодит байдал ийм атал одоогийн Засгийн газрын тэргүүн энэхүү гэрээний санхүүжилтийг өгөхгүй бүтэн жилийн нүүр үзэж буй нь төрийн бодлогын залгамж чанар алдагдаад удаж буйгийн нэг муу жишээ юм. Саяхан, наймдугаар сарын сүүлчээр гэрээний ажлыг дүгнэхээр “Лондоны хөрөнгийн бирж групп” -ын Глобал хөгжлийн газрын дарга Антонелла Амадей манай улсад ажилласан байна. Тэгэхдээ Лондоны хөрөнгийн бирж нь Монголын хөрөнгийн биржийн урт хугацааны түншээр ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж байна хэмээн Монголын хөрөнгийн зах зээл хөгжих асар их боломж, бололцооных нь өнцгөөс харж дүгнэсэн байдаг. Харин санхүүжилт талаасаа юу гэж дүгнэсэн нь ойлгомжтой, мэдээж хэд хэдэн удаа санхүүжилтээ нэхэмжилсэн хүмүүс газар дээр нь ирж авлагаа нэхсэн байх магадлалтай. Жил жилийн төсөвт хэсэгчлэн суулгаад явах УИХ-ын тогтоолыг Засгийн газар ёсоор болгосон бол өнөөдөр монголчуудыг “хулхи” гэсэн нэрээр дэлхий нийт хүлээж авахгүй л байсан болов уу. Бусдын итгэлийг даах, хэлсэн амандаа хүрдэг байх чанар бол аливаа хувь хүн, байгууллага, улс үндэстний өмнө нэр хүндтэйгээр урт удаан оршин тогтнох үндэс болдог билээ.

Б.ЭРДЭНЭ

URL:

Сэтгэгдэл бичих