Ар Монгол асуудалтай байна. Нийгэм яагаад милэнхойлог болчихвоо, ерөнхийлөгч Элбэгдоржоо, байна уу?
Хүлээн зөвшөөрсөн бууж өгсөн аргагүй байдалд орсон ямар ч идэвхигүй, урам хугарсан, яах ч арга байхгүй ингээд л явахаас гэсэн нийт нийгмийн дүр зураг милэнхойлог харагдах боллоо. Зурагтаар гарч буй хүмүүс шал худлаа, ямар ч байгаагаараа биш, бүгдийг л магтан дуулна, бие биеэ таалаад л, болж л байна шүү дээ гэж өөрчлөлт шинэчлэлт ирчих вий гэж битүүхэндээ тархи угаах гэж оролдоод л.
Одоо ингээд шинэ жил ойртож байна. Жинхэнэ идэвхигүй, юу ч хийж бүтээж шалиагүй, хойч үедээ үлдээх шинэлэг орчин үеийн ухаарал хайрлах чадваргүй, үлгэр дууриалал болох ямар ч боломжгүй хүмүүсийг шагнаж хөөрдөг цаг ирэх дөхөж байна.
Тэд жинхэнэ милэнхойлог бүтээгчид. Милэнхойлогууд нэгэнт өөрчлөлт шинэчлэл орчин үеэс хоцрогдсон тул зөвхөн зан заншил мухар сүсэг бүдүүлэг түүхэндээ шигдсэнийхээ төлөө төрийн шагнал, төрийн соёрхолт, ардын жүжигчин, төрийн уяач, арслан заан харцага болцгоож бүр төрийн сум харваач болцгооно доо. Харваач гэсэн нэр үг өөрөө харваа чээ гэсэн бүр тушаасан үг байна шүү дээ.
Нэг л бишдээ. Ингэж милэнхойлогтож болохгүй дээ. Хөгжил дэвшил явагдахгүй зан заншил яриж хөгжлийг зогсооно, шинэ сайн сайхныг хийхгүй уламжлалт ёс гэж юу ч хийж бүтээлгэхгүй хоосон залхуу болгоно, хуучинаас салж түүнийгээ сайжруулж хоцрогдолоос салах гэхээр үүх түүх яриж өнгөрсөндөө хорогдоно, өөрийгөө өөрчлөж сурч боловсорч маргаашийг төлөвлөө ч гэхээр өвөг дээдэс яриж болоод ирсэн болох л байлгүй гэж булчин сулруулж давжаа хатанг болгоно.
Болж бүтэхгүйтэй яагаад зөрчилдөхөс айна вэ. Ерөөсөө сайн зөв сайханы төлөө эсэргүүцэж тэмцэх нэг л дургүй хүмүүс. Зүгээр л суух гэсэн хүмүүс. Ямар их милэнхойлог нийгэм бэ. Яагаад социализмын үеийн тэр их сурч боловсорч амрах завгүй ажиллаж явсан сэтгэлийн тэнхээтэй урагшаа харсан нийгмээ ингээд хэдхэн жилийн дотор милэнхойлог болгочихов доо, ерөнхийлөгч Элбэгдоржоо.
Түвдийн шарын шашин Манжийн улстай нийлээд Монгол хүнийг 200 гаруй жил яг өнөөдөр шиг милэнхойлог болгож ламын орон болгосон доо. Лам бол жинхэнэ милэнхойлог хүн шүү дээ. Тэр үед Манж нар төрийг захирч харин Түвдүүд тархи толгойг захирсан даа. Өнөөдөр төрийг хаанахын хэн захирдаг болдоо.
Хэн ингэж милэнхойлогийг үүсгэж чадав. Чадвартай л гайхал даа. Өнөөдөр толгой тархийг хэн сайхан захирч харанхуй бүдүүлэг болгож зөвхөн магтан дуулж сайрхадаг нэг л их одоо ингээд л боллоо гэж бэртэгчин болгов. Ахих гэсэн дэвших гэсэн өөрчлөх гэсэн урагшлах гэсэн нийгмийн давхрага үүсэхэд хэн ингэж айхтар хяналт хийж цэцэг ургах агаарыг үгүй болгов. Нэг л агааргүй.
Нийгмийг ажиглахад ардчилалын үнэр ч алга. Социализмыг байгуулахгүй шантарч зугатаасан хүмүүс одоо ардчилалыг яаж ч байгуулж чадах вэ дээ. Ардчилалыг дураараа дургиж бүдүүлэгтэх гэж ойлгож ирсэн дээ. Ийм л хүмүүс олигарх болцгоосон. Нийгэм байгуулна гэдэг ёстой л өвгөн Балдангийн эхнэрээс хамаагүй дээгүүр хэрэг дээ.
Ангит нийгэм хэдийний үүсжээ. Оросууд өөрсдөө ирцгээж социализмыг яаж байгуулахыг зааж өгсөн. Ардчилалыг Америкууд өөрсдөө ирж зааж өгөхгүй хойно яаж сурах вэ дээ. Юун байгуулах. Америк орон хэдэн цэргүүд л явуулсан байна билээ. Буудаж сурцгаа гэж байгаа юм байлгүй.
Тийм биздээ, ерөнхийлөгч Элбэгдоржоо. Сүүлийн 20 жил нийт нийгмээрээ боловсролгүй боллоо шүү дээ. Боловсролгүй болох бүр л саруул биш бүрхэг ухаантай болцгооно. Ялангуяа насанд хүрэгчидийн сургуулиуд, оройн сургуулиуд болон эчнээ сургуулиуд гэх мэт нийгмийг боловсролоор тэжээдэг байгууллагуудаа устгажээ.
Тэр сургуулиуд орчин үеийн шинэ мэдлэгүүдийг зааж сургаж иргэн хүний соён гэгээрэлд хэрэгтэй байлаа. Гэтэл нийтээрээ нийтийн боловсролгүй тул бүх хүн нэг л маргаашгүйгээр амиа аргалсан бараг амиа зуун явцгаах мэт. Иргэд ерөөсөө улстөр болон эдийн засгийн дампууралд бууж өгчээ.
Улс орноо харахад эдийн засаггүй харин банк санхүүтэй л нийгэм болжээ. Хэрвээ эдийн засагтай байсан бол үйлдвэрлэнэ эсвэл бүтээнэ гэж л ярих байсан. Гэтэл зөвхөн банк санхүүтэй тул зээлнэ түүний цаана зээлийн хүү.
Автомашин үйлдвэрлэж эсвэл сүүлийн үеийн шинэ технологуудыг эзэмшиж улс орноо эдийн засагтай болгох төрийн бодлогыг хийх ёстой байсан төрийн өндөрлөгүүд цаашлаад намын дарга явсан хүмүүс яагаад зөвхөн хувийн амидралаа хөөж өөртөө л том ордон байшингууд бариулж өөрийнхөө л хүүхдүүдийн сургуулийг байгуулж өөрийнхөө л биеийн амрыг бодоцгоож төрийн мөнгийг өөртөө л зориулж чадав. Тэдэнд хийж бүтээх улс орон ард түмнийхээ төлөө үхэн хатан ажиллах тийм эрмэлзэл хүч тэнхээ яагаад алга байна вэ? Ерөнхийлөгч Элбэгдоржоо.
Милэнхойлог нийгмийн дүр төрх ерөнхийдөө харсан хүлээсэн дотроо л нууж хааж цаг хугацаа өнгөрөхийг л хүлээсэн хүмүүс. Магад бүтэн сайны орой их л хэцүү байдаг болов уу. Нэгдэх өдрийн өглөө бараг л за дүүрсэн хэрэг л гэж боддог болов уу. Түүнээс биш улс орныхоо хөгжилд зориулан өнөөдөр би ийм зүйл хийж бүтээнэ.
Мөнгө өгөхгүй ч гэсэн хийнэ дээ гэсэн хүмүүс алга болжээ. Яагаад гэвэл мөнгөгүй л бол балрах хойно. Мөнгөнөөс хамааралгүй амидралыг л эрх чөлөө гэдэг биш билүү. Зөвхөн сарын цалингаас хамааралтай амидрах гэдэг ямар их гутамшиг ямар их айдас ямар их ялагдал вэ.
Залуучууд болохоор боловсрол эзэмшихийн оронд яаж ийж дипломтой болоод нэг ажил олж авах л эцсийн зорилго. Үүнийг зорилго гэж хэлэх үү. Боловсрол зорилго биш үү. Нэгэнт урагшлах хөгжих гэсэн иргэдийн хүсэл эрмэлзэл устсан тул цаанаа л нэг зогсонг болжээ. Ганц ч алхам урагшлахгүй зогсоод л байх уу.
Эсвэл нөгөө тархи угаагчид гарч ирээд Монгол урагшаа нэг алхасныхаа дараа заавал хойшоо хоёр алхдаг гэж яруу найрагдаад л инээлгэх гэж байна уу. Инээлгэж бодит хорвоогоос хөндийрүүлэх үү. Маркс нэгэн удаа шашин бол ард түмний хар тамхи гэж номондоо бичжээ.
Гэхдээ хар тамхи гэдгээр хүний тархийг хордуулдаг гэж хэлээгүй харин мансууруулдаг гэж хэлжээ. Яагаад мансууруулдаг гэж бичсэн бэ гэхээр шашинаас л өршөөл, энэрэл хайдаг гэжээ. Тэнд л очиж тайвширдаг тул шашин яг л хар тамхитай адил.
Гэтэл мөнгөтэй баян хүмүүсийн хүүхдүүд яагаад хар тамхинд ордог вэ гэхээр зөвхөн мөнгө л яридаг хүйтэн ээж аавынхаа хоосон амидралаас зугатааж бодит хорвоог орхин хар тамхинд орж бага ч гэсэн энэрэл хайдаг ажээ. Нэг үгээр хэлэхэд баян ч ядуу ч нийгмээс зугатаадаг хойно яаж ч хүн болж чадах вэ дээ. Ёстой л ийм идэвхигүй нийгмээс зугатаасан амидрал бол жинхэнэ милэнхойлог нийгмийн нүүр царай.
Арай гайгүй болов уу бас нэг гадаад оронд явж юм үзэж нүд тайлсан болов уу гэж горидсон хүмүүс бас л милэнхойлог. Бараг л очсон орныхоо хэл дээр роман уншиж боловсорч чадахгүй толгойгоо бариад бүдүүлэг амидралдаа шигдэх өлзийтэй гээд буцаад яараад ирсэн биш үү.
Английн “Тарзан” нэртэй кино филмд Африкийн ой шугуйд нялхдаа сармагчингуудад хулгайлагдаж тэдний дунд идэр залуу болтолоо өсөж өндийсөн залуугийн тухай өгүүлдэг. Тарзан залууг сүүлд Английн судлаачид Африкийн шугуйгаар явж байгаад олж уулзаж сонин учрал болдог.
Судлаачидын нэг болох эрдэмтэй өвгөн Тарзаныг буцаагаад Англи оронд аваачихын тулд бага ч үгүй Англи хэл зааж мэндлэх хүндлэх ёсноос авахуулаад аяга тавгаар хэрхэн хоол идэх тухай бүхий л соёлт нийгмийн дүрэм зарчимуудад сургадаг. Үүний дараа Англи оронд аваачдаг.
Гэтэл Тарзан залуу нийгмийн өндөр шаардлагуудыг давахгүй эцэргүүцэж уурлаж болхи бүдүүлэг амидрал руугаа санагалзсан хэдий ч түүнийг бас ч үгүй тогтоож чаддаг. Гэтэл гай болж Тарзан нэгэн зоопаркийн сармагчингуудтай очоод уулзчихсан байдаг.
Тэр сармагчингуудаа таниж сүйд майд болж нэгэн хэл нэгэн сэтгэлээр харицаж ёстой л жаргадаг. Жаргалтай түүнийг харсан Тарзаны ойр хавийн хүмүүс түүнийг буцааж Африк руу явуулахаас даа гэсэн шийд гаргадаг. Үнэхээр ч Тарзан залуу Африк нутаг руугаа явдаг.
Энэ жишээнээс харахад ерөөсөө гадаад оронд суралцахаар очсон хүмүүс тухайн орны хүнтэй л нөхөрлөж суралцах чухал болохоос хоорондоо уулзаж эх хэлээрээ яриад сэтгэлээ сул тавиад нутгийн дуугаа дуулаад байвал юу ч сурч чадахгүй ёстой л Тарзаны үлгэр болно шүү, үүнийг залууст цаашид захиж үлдээгээрэй, ерөнхийлөгч Элбэгдоржоо, Таныг саяхан Америк орон яваад ирсэн гэж дуулсан.
Яагаад би энд Тарзаныг зориуд жишээ болгон бичиж буй вэ гэхээр дэвшилтэт соёлт нийгэмд очсон хүн мэдээж хэцүү. Тухайн ард түмний өндөр мэдлэг боловсролд суралцаж тэр л олон дүрэм зарчимуудад суралцах тийм ч амаргүй. Тухайн орны л хүмүүстэй уулзаж тэр л орны хэлийг хурдан хугацаанд маш сайн сурч хамгийн түрүүнд тухайн хэлээр ном чөлөөтэй уншиж чаддаг болох хэрэгтэй.
Тэгээгүй цагт сурлага амжилтгүй хоосон цээжлэх мөн нутагтаа байдаг шигээ л аргалахыг л оролдож эхэлнэ. Өндөр соёлт нийгэмд очсон хойноо битгий өөрийнхөө нутаг нэгтнүүдтэйгээ зууралдаад байгаарай гэдэг чухал шүү. Тэгвэл хөгжихгүй буцаад нутгаа санаад эхэлнэ.
Хэрвээ дээрх кино филмийн Тарзан тэр зоопаркийн сармагчингуудтай уулзаагүй бол яах ч байсан юм билээ. Магад тийм хурдан Африк руугаа буцахгүй ч байсан юм билүү.
Яагаад нийгэм милэнхойлог болсон бэ гэхээр жшээлбэл монополчилсон компани болон боссууд эдийн засгийг өсөж хөгжих ямар ч боломжгүй болгожээ. Нэг л дээрэлхүү. Цаанаа нэг дээрэмдсэн. Улстөрчид цаанаа нэг онгирсон яагаад гэвэл хамгийн хоцрогдсон хүмүүс шүүдээ. Чадваргүй аавууд л дүүрчээ.
Гэр орондоо ямар ч үлгэр жишээ болж чадахгүй тул тэд ерөхийдөө “сулхан Би”-нүүд. Масловын онолд мөнгөгүй хоосон хүн ном уншихгүй гэж бичжээ гэж худлаа орчуулдаг. Тийм биш харин ч мөнгөгүй хоосон өмд хувцас муутай цоорхой цамцтай хүмүүс агуу сонгодог хөгжим зохиож, үеийн үед магтагдсан роман бичиж хойч үедээ үлдээж чадсан байдаг. Тэд баян тансаг байсан бол хэзээ ч юу ч бүтээхгүй байсан.
Олон хүн юм хиймээр байдаг. Гэтэл нийгмийн бүтэц үнэт зүйлс хуулиуд дүрэмүүд бүгд хүмүүсийг ямар ч юм хийх боломжгүй болгочихсон. Хаа л бол хүлээлт, хаа л бол ойлгомжгүй, хаа л бол бухимдал. Чадахгүй хүмүүсийг сайд болгоод чаддаг хүмүүсийн дарга болгочихсон.
Чадахгүй байж бас босс болоод нэрийн хуудастай болчихсон. Ингээд л гацаа, бөглөө, түгжрээ үүснэ. Нийгэм гацаж, нийгэм бөглөрч, нийгэм түгжирчээ. Чаддагууд компютер тоглоом л тоглоцгооно, утсаараа мэндчилгээ бичилцэж гадны компанууд л утасны нэгжээр баяжих шивдээ. Дэлгэц гөлөрсөн милэнхойлог нийгэм болждээ.
Улстөрийн намууд сүүлийн 20 жил ард түмнээ юм хийж бүтээх урамгүй болгочихсон. Бүх юм цаагуураа найраад, хуйвалдаад, тендэрдээд, хувичлаад, өмчлөөд хуваагаад идчихсэн. Ингэж чадсан тул нийгмийг мөнгөөр зодоод өөрсдийгөө зөвшөөрүүлж чадсан. Нийгмийг мөнгөөр худалдаж авч ард түмнээ буулгаж авсан.
Тэдэнд бүгдээрээ далан таваараа бууж өгчээ. Нийтээрээ пессимист хандлагатай. Яагаад ч бүтэхгүй. Юу ч хийгээд нэмэргүй. Ерөнхийдөө бүгд залхуурлын төлөвт шилжжээ. Залхуурлаас гарах ганц зам бол хөдөө явах.
Ерөөсөө Монгол хүн заавал мөнгөөр дутагдаж айж зээлж зугатааж бултаж явах албагүй биздээ. Социализмын үед Өвөр Монгол ахан дүүс Ар Монголыгоо “жорлонгоо бариж чадахгүй байж яаж социализм байгуулах вэ дээ” гэж радиогоор хошигнодог байсан санагдана.
Тэр үеэс хойш бид ахисан уу, өөрөөр хэлбэл оюуны хөгжил явагдсан уу, ерөнхийлөгч Элбэгдоржоо. Өнөөдөр бид харин ч Өвөр Монголоос жорлон оруулж ирдэг биш билүү. Жорлонгийн шаазан хийх шавар хөдөөгөөр бишгүй л байна. Хөдөөгийн байдал шалдар булдар гэдэгтэй адил Улаанбаатар хот ч шалдар булдар болж дээ.
Милэнхойлог нийгэм ийм л дүр төрхтэй. Ямар вэ гэхээр хайр алга, өрөвдөх хүмүүжил алга, сэтгэлийн тэнхээ дутагдана, нэг нэгнийгээ хардаж сэрдсэн, нэгнийгээ доромжилсон, нэгнийгээ доогуур хийсэн, бусдыг боолчилсон, бусдыг өөрийн зорилгод ашигласан, бусдыг хохироож бахаа хангадаг.
Ийм болохоор нийгэм ганиссан, гомдсон, хэлмэгдсэн, бүтэлгүйтсэн, дотроо гутрангуй. Тиймээс гадаад ертөнц сонирхолгүй, улстөр сонирхохгүй, юунд ч оролцох дургүй. Хэдэн цаг амжиж чадвал мансуурах л үлдэнэ. Милэнхойлог хүмүүс хийх юмаа олж ядсан хүмүүс тул тэд юу хийхээ ч мэдэхгүй.
Ерөнхийлөгч Элбэгдоржоо нийгмээ хэрхэн милэнхойлогоос салгаж утопитой болгох вэ? Рационал хүмүүс хэрэгтэй байна. Хэтэрхий эмоционал байна шүү дээ. Ухамсар устжээ. Түүхгүй боллоо шүү. Ямар ч их хийх ажил байна вэ дээ, ерөнхийлөгч Элбэгдоржоо, байна уу?
Төрийн онолч С. Молор-Эрдэнэ
URL: