Н.Номтойбаяр ба Монгол төрийн эмгэнэл
2000 оны дунд үеэс л Б.Нямтайширийн хүү Номтойбаяр гэх нэр сонин хэвлэлээр анх гарч эхэлснээс хойш багагүй он жил өнгөрчээ. Харин УИХ-ын гишүүн болсноос нь хойш түүнийг тойрсон хэл ам, хэрэг төвөг сүүдэр мэт салахаа байж гээд хэлчихэд нэг их хилсдүүлсэн хэрэгт унахааргүй болсон байна.
Өнөө хэр нь хэзээ МАН-д элссэн нь тодорхойгүй Н.Номтойбаярыг У.Хүрэлсүхийн үед хүчээ авч, НАМЗХ-гоор дамжин МАН-ын бага хурлын гишүүн болсон гэдэг.Улмаар 4 жилийн турш Дорнодын тойрогт их бага хэмжээгээр үзэгдэж, харагдаж бас бусыг амжуулж явсаар УИХ-д суух мандатандаа сонгогчдоор тамга даруулж, халдашгүй дархан эрхтэй болсон.
Гэвч түүнийг олонд танигдаж эхэлсэн тэр үеэс гэрэл гэгээтэй мэдээ мэдээлэл хэвлэлийн хуудаснаас, цахим ертөнцөөр харагдах нь тун ховор байлаа.Харин ч нэн ховор ан амьтан болох уулын баавгайг агнасан, айлын бүсгүйг бусад нөхдийн хамт шоглосон, банкны захирлыг зодсон, авилга өгсөн гээд олон асуудал ар араасаа хөврөн гарсаар аж.Хамгийн сүүлийнх нь хүйтэн мэс хүний биед хүргэсэн хэрэг.
Бурхнаас заяасан хувь тавилангаараа хөрөнгөлөг айлын хүү болж төрсөн Н.Номтойбаяр өнөөдөр тэрхүү мэснийхээ хэргийн талаар сийхгүй худлаа ярьж сууна гэх мэдээлэл өөрийгөө өмгөөлсөн мэдэгдлийнх нь дараахнаас цацагдаж эхлээд байгаа.Төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ хэмээн тангараг өргөсөн, халдашгүй дархан эрхтэй УИХ-ын гишүүн эрхэмд онцгой эрхтэйгээр худлаа ярих дархан эрх боломжийг Үндсэн хуулиас олгоогүй л байлтай гэж халаглах хүмүүс ч олшрох янзтай.
Чухам юу дутлаа гэж хүний өөдөөс хүйтэн мэс барьж танхайрсныг нь мэс гаргасан, мэс хүргүүлсэн хоёр мэдэх ч өөрийнхөө хийсэн үйлдлийг огт хийгээгүй юм шиг бусдад нялзаан ярихын цаад учир юу байв гэдэг хардлага ч өргөжих шинжтэй.
Цахим мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэл, иргэдийн үлдээж буй сэтгэгдлээс шинжихэд “хууль хүчтэй юу, Н.Номтойбаяр хүчтэй юу” гэсэн хоёр туйл руу мэдээллүүд хэвийгээд эхэлчихсэн нь тод харагдана. Н.Номтойбаярыг хүчтэй болгож байгаа зүйл бол мэдээж түүний нэг насаараа идэж барахгүй өв хөрөнгө. Тэрхүү хөрөнгө мөнгөний өмнө “хууль” хөл алдах уу, аль эсвэл төрийн төмөр нүүрийг харуулах уу гэдэг хүлээлт нийгэмд бий болчихсон байгаа нь хэнд ч нууц биш болсон байна.
Хэрэг явдал өрнөсөн МУИС-ийн нэгдүгээр байрны замын эсрэг талд байрлах “Le Triskell” ресторанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай хамт чухам хэн хэн байсан талаар мэдээллүүд харилцан адилгүй байгаа ч “Шинэ дэлхий” телевизийн захирал Э.Энх-Эрдэнэ, МҮОНРТ-ийн захирал асан н.Ариунболд, “Мунзуй” хочит Г.Нямдорж, хутгалуулсан гэх 36 настай н.Баттулга нарын хүмүүс байсан нь эхний ээлжинд эл болчихоод байгаа юм.
Ямар ч байсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүйтэн мэсээр танхайрсан нь хөдөлшгүй үнэн гэдгийг цагдаагийн байгууллага мэдэгдээд байгаа.Тиймээс хэргийг шалгаж дуустал дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаагаа учирлаж байна.
Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс эрүү үүсгэн, шалгаж байгаа бөгөөд үйл явдлын гол баримт болох рестораны гадна, дотно бүх бичлэгийг хураан авсан гэнэ. Энэхүү бичлэгээс хэн нь чухам үнэн, хэн нь худал яриад байгааг нэг мөр шийдэх тул хэргийг шалгаж дуустал бичлэгийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв.
Хэрэв УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр анхнаасаа худлаа ярьсан нь хуулийн байгууллагаар тогтоогдох юм бол УИХ-аас түдгэлзүүлэх асуудал хөндөгдөхийг үгүйсгэх аргагүй юм.
Харин УИХ-ын эрхэм гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр 14:00 цагаас хэрэг явдлын талаар хэвлэлийн бага хурал хийж, нухацтай тайлбар хийх сурагтай байна. Гэвч энэхүү хэрэг Монгол төрийн нэрг хүнд навс унаж байгааг нотлоод өгөв.
Хутгалуулсан, хажууд хараад сууж байсан, өдөж, турхирсан хэн боловч хогийн хулгайч, дээрэмчин бүр алуурчин байсан байж болно.Муу үйлдэлтэй, муугаар амьдарч ирсэн хүнээс ямар ч үйлдэл гарахыг үгүйсгэх аргагүй, нийгэм ч тэрхүү үйлдлийг жигшин, буруутгадаг.Харин хэрэг үйлдсэн, эс үйлдсэн нь тодорхойлогдоогүй ч болж буй үйл явдалд нэр холбогдож, Монгол төрийн түшээгийн нэр хүндэд сэв суулгаж, үүгээрээ Монгол төрийн уруу дорой байдлыг тодотгож өгсөн Н.Номтойбаярыг юу юунаас илүүтэйгээр жигших хүн олон байж болох юм.
Монгол улсын төр түшилцэж, түмэн олноо төлөөлж, үнэн цагааны төлөө ажиллана, амьдрал ахуйг чинь өөд татах хууль тогтоомжийг батлана хэмээн амлаж гарч ирсэн, Монголын улсын 76 нэрийн хуудасны нэг хүйтэн мэсээр хүн хутгалсан хэрэгт нэр холбогдоно гэдэг нь өөрөө зүйд нийцэхгүй асуудал байлтай.
Гэтэл сүүлийн үед төрийн түшээд нь хэл амаараа бус салаавчаар ойлголцож, жагсагч тэмцэгчид нь буу шийдэм агсаж, гаж гэхэд дэндүү гаж жишгийг тогтоогоод эхэлчихэж. Төр түшиж, түшилцэж асан эрхмүүдийн ухамсрын доройтол ийм хурцаар илэрч, салаавчийг ердийн хэрэглээ болгож, буу шийдэм, хутга шөвгийг юун түрүүнд агсаад ирэхээр үр хүүхдэдээ хойч үедээ ард иргэд бид юугаа хэлж, яаж амьдрахыг тулгах хэрэгтэй болж байгаа нь энд Н.Номтойбаяр хүн хутгалсан эсэхээс илүү чухал болсон мэт.
С.Батгүр
ШУУРГА.МН
URL: