Бурханы шашны ёсоор ойлгох нь

new photo

Эн тэргүүний зүйл болох танин мэдэхүйн үзэл гэдэг нь юмс үзэгдлийн ойлгох зарчим юм. өөрөөр хэлбэл бодит үнэнийг илүү тодорхой ойлгож, мэдэхийг хичээнэ гэсэн үг.   Мөн хорвоог хэрхэн таньж мэддэг ба түүнд хэрхэн хариуцдаг бидний ердийн зарчимд юу нь буруудаж байгааг олж харахыг оролдоно гэсэн үг юм.  Гүн ухааралд хүрч, юмс үзэгдлийн тодорхой харах ба мунгинал төөрөгдлөө залруулах явдлыг бурханы шашинд маш чухал хэмээн үздэг.   Тэр ч бүү хэл, үнэндээ бидний хамаг асуудал, бэрхшээлийн үндэс бол ташаа ойлголт мөн гэж боддог.   Бидний бүх зовлон, сэтгэлийн сөрөг хөдөлгөөн бүр, зөрчил, хямралтай бодол, сэрэхүйн үндэс нь хэрэг дээрээ маш бөх бат ташаа ойлголт юм. Заримдаа энэ ташаа ойлголтыг мунхаглал гэж нэрлэдэг.   Төөрөгдөж мунгинасны харгайгаар  бид  юмс  үзэгдлийг  тодорхой  хардаггүй  учраас  мунхаглал  гэнэ.     Юмс үзэгдлийн мөн чанарыг буй хэвээр нь харах чадваргүй байх нь бүрхэг үзэл.   Юмс үзэгдлийн  мөн  чанарыг  буй  хэвээр  нь  харж  чаддаггүй  учраас  бид  ямар  нэгэн  санаа, төсөөлөл бүрдүүлж аваад тайлбарладаг.   Бид өөрсдөө юмс үзэгдлийн талаар өөрийн ойлгоц, тодорхойлолт гаргадаг учраас ялгаж салгадаг.    Юмс үзэгдлийг ойлгож тайлбарладаг бидний зарчмын улмаас зэвүүцэл, дотносол бий болдог.   Тэгээд л зарим юмыг их сайхан, заримыг нь их муу мэтээр сэтгэдэг.  Тэгээд сайхан гэж үзсэн юмныхаа хойноос эгээрэн хөөцөлдөж, муу гэж үзсэн юмнаасаа зайлж дөлдөг.  Энэ нь ямагт бидний өөрийн өвөрмөц сэтгэмж байдаг учраас түүнээсээ гарч чадахгүй орооцолддог.   Юмс үзэгдлийг  ухамсарлан  ойлгох  буруу  зарчим  маань,  мөн  ташаа  ойлголт  маань  урт хугацааны туршид бидний төрөлхийн хандлагаар тогтож бэхжээд улам хатуу бөх болж, бид түүндээ улам бүр орооцолддог бөгөөд хамаг асуудал бэрхшээлийг үүсгэж байдаг.

Юмс үзэгдлийг ухаарах ба түүнд хариуцах загвар маань ийнхүү тогтчихоод бид гарч чаддаггүй.   Тэгэхээр үүнийг үндсэн асуудал мөн гэдгийг ойлгох явдлыг чухалд үздэг. Харин бид юмс үзэгдлийг ойлгож, задлан шинжлэх гэж оролдоод ч, юмс үзэгдлийг илүү тодорхой харах гэж мэрийгээд ч сэтгэн мэдрэх зарчмаа аяндаа өөрчилж чадахгүй. Жишээлбэл, уурлах муу гэдгийг мэдсээр, ойлгосоор атлаа уурлаж л байдаг.  Бид ойлгож ухаарах гэж мэрийдэг хэдий боловч ингээд хангалтгүй.  Тэгэхээр өөр юу хийх вэ Энд л бясалгал хэрэгтэй болно. Бясалгал бол өөрийгөө улам гүнзгий таньж мэдэх гэсэн оролдлогын зам юм.   Энэ бол сэтгэл санааны илүү боловсронгуй түвшинд хүрэх боломжийг бидэнд олгох ба өөрийнхөө ойлголтыг  ойроос  сайтар  мэдэх  арга  юм.    Ер  нь  бидний  ойлголт  бол  оюун  ухааны түвшинд байдаг буюу дүрслэн тогтоосон шинжтэй.   Тиймээс энэ ойлголтыг гүнзгий лавшруулж, өөрийнхөө нэг хэсэг болготол сайтар мэдчихвэл бид өөрсдөө зүгээр л тэр ойлголт болно.  Ингэхийн тулд бясалгал үйлдэх хэрэгтэй.  Ийм төрлийн бясалгалыг магад сэтгэхийн бясалгал гэнэ.   Төвдөөр лхан-тон, самгардиар випашяана гэнэ.   Лавшруулан ойлгоход, энэхүү гүн гүнзгий туршлагыг амсахад буюу зөвхөн толгойдоо ч бус биеэрээ мэдрэн ойлгоход бэлтгэлтэй байхыг хичээнэ.  Үүнийг магад сэтгэх гэнэ.  Энэ бясалгалыг хийхийн өмнө тайвшрах буюу амрлангуйн хэмээх өөр нэгэн бясалгалыг хийх хэрэгтэй. Төвдөөр жи-нас, самгардиар шамат гэнэ.  Энэхүү амирлангуйн маягийн бясалгалын үеэр яаж сууж, яаж байхаа сурах нь л чухал.   Ер нь бясалгал бол яаж байвал зохихыг сурах явдал мөн боловч ялангуяа тайвшруулах бясалгалын зорилго нь ийм гэж би боддог. Бурханы шашинд олон янзын бясалгал бий, гэвч тэдгээрийг сэтгэлээ тогтоох ба магад сэтгэхүйн гэж хоѐрхон ангилж болно.

(РИНГУ ТҮЛКҮ РИНБОЧЭ)


URL:

Сэтгэгдэл бичих