Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй

Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй

Бааранд танхайрч, бие хамгаалагчаа хутгалсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн 181.3 буюу “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, бусдын биед гэмтэл учруулсан” хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Тэгвэл түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж магадгүй гэсэн яриа гараад байна.

Энэ талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороо болоод холбогдох албаны хүмүүсийн байр суурийг сонирхлоо.

УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга М.Батчимэг:
-Ёсзүйн дэд хорооны дүрэмд УИХ-ын гишүүний асуудлыг хууль хяналтын байгууллага авч хэлэлцэж байгаа бол дэд хороо давхардаж хэлэлцэхгүй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл хуулийн байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулахад УИХ-ын нөлөөлж болохгүй гэсэн үг. Энэ хорооны дүрмээр гишүүнтэй холбоотой гомдлыг УИХ-ын гишүүд гаргаж болно. Мөн иргэдээс ирүүлж болно.

Ёсзүйн дэд хорооны шинэчилсэн дүрмээр энэ хороо тухайн гишүүний асуудлыг авч хэлэлцэх шаардлагатай гэж үзвэл дэд хорооны гишүүд санал гаргаж авч хэлэлцэх боломжтой. Дүрмээрээ хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс дүгнэлт хийж оролцох нь хориотой учраас дэд хороо давхар авч хэлэлцэхгүй. Гэсэн ч одоогоор дэд хороонд хүсэлт ирсэн гэсэн мэдээлэл байхгүй.

УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар:

-Гишүүн Н.Номтойбаяртай холбоотой асуудлаар УИХ-ын Тамгын газарт ямар нэг мэдээлэл алга. Ялангуяа түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар мэдээлэлгүй байна.

УИХ-ын гишүүн Ёс зүйн дэд хорооны гишүүн Р.Бурмаа:
-Н.Номтойбаяр гишүүний асуудлаар одоогоор Ёсзүйн дэд хороонд ямар нэг асуудал ирээгүй байна. Тиймээс түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар ямар нэг мэдээлэл аваагүй байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Намайг хэрэг хийгээгүй гэж хэлээд байхад сэтгүүлчид гөрдөж худал зүйл бичээд байх юм. Миний нэр хүндэд халдсан талаар удахгүй цагдаагийн байгууллагад гомдол гаргана.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт:

-Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой асуудлаар УИХ дахь манай намын бүлэг хуралдаагүй. Тийм учраас энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Энэ асуудлаар удахгүй хуралдвал тодорхой шийд гарна байх.

Н.Санжаасүрэн

 


URL:

Сэтгэгдэл бичих