Гурав дахь Ерөнхийлөгч ч, гурван настай охин ч адилхан хүн шүү

xnvapg81Өнөөдрөөс яг таван хоногийн өмнө гуравхан настай Т.Маралжингоо хэмээх охин Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлэгт хэвтжээ. Шөнөдөө охины гэдэс хүчтэй базалж, “суулгаж” эхэлсэн тул эх нь эмч дуудахыг сувилагч нараас гуйж. Гэтэл “Эмчийг сувилагч дууддаг” гээд хүйтэн царай гаргаж, өглөөг хүртэл өвдөн тэвчихийг тулгав.
Өглөө үүр цайхад охины бие улам хүндэрч, эх нь цурхиран уйлж гуйсан тулдаа арай чүү эмчийг дуудаж үзүүллээ. Эмч охиныг үзмэгцээ гэнэт ухаан орсон мэт “Эртхэн хэлэхгүй. Хүндэрчихсэн байна шүү дээ” гэж зандарч.
Толгойгоо даахгүй үүргэлж, өвчиндөө шаналсан охиныг өрөвдөөгүй эмч сувилагч нар ийнхүү оройтож эмчилгээгээ эхлүүлснээр охины амийг аварч чадалгүй, алдаж орхисон юм. Т.Маралжингоо охин эмнэлэгт хэвтээд 30 цагийн дараа нас барсан байна. Уг нь охин эмнэлгээс эдгэрч гараад, эрхэлж тоглоно доо гэж ирсэн биз.
Гэвч харамсалтай нь бяцхан охин дахиад инээмсэглэхгүй, эргэж ирэхээргүйгээр оджээ. Охиныг өөд болсон тэр үед буюу есдүгээр сарын 27-нд Эрүүл мэндийн яамны сайд Н.Удвал Гэмтэл Согогийн Үндэсний төвийн даргаар Ц.Энхбаярыг томилсныг эсэргүүцсэн тус эмнэлгийн эмч, ажилтнуудын тэмцлийн тухай дуулж суусан биз.
Учир нь энэ өдөр Гэмтлийн эмнэлэг өглөөдөө үүдээ барьж, Ц.Энхбаяр гэгч “Ачтан” эмнэлгийн тасгийн эрхлэгч эмэгтэйг эмнэлгийнхээ даргаар ирэх болсныг эсэргүүцсэн. Энэхүү томилгоог Н.Удвал өөрөө толгой мэдэн хийсэн бололтой.
Гэмтлийн эмнэлэгт ийн эсэргүүцэл гарч байхад Сүхбаатарын хүүхдийн эмнэлэгт бяцхан охин амьсгал хурааж байж. Ямартай ч Н.Удвал сайдын удирдсан салбарт хэдхэн цагийн зөрүүтэй харуусалтай бас хардууштай үйл явдлууд зэрэгцэж байлаа.
Бяцхан охины эх Н.Удвал сайдад хандан захидал бичиж, үүргээ биелүүлээгүй эмч, сувилагч нарт хариуцлага тооцохыг шаардсан. Харин Гэмтлийн эмнэлгийнхэн шаардлага хангахгүй дарга томилсноо эргэн харахыг шаардсан. Энэ бол энгийн иргэд бидний мэдэж буй цөөхөн асуудлуудын нэг нь.
Үнэндээ хариуцлагыг Н.Удвал сайдтай тооцмоор санагдана. Мэдээж, Нацагийн Удвал гуай охиныг эмчлэх үүрэг хүлээгээгүй гэдэг нь үнэн. Гэвч тэр Эрүүл мэндийн салбарыг удирдах эрхийг аваад хангалттай удсан хэрнээ Эмнэлгийн дарга нараа ч олж, сонгож тавьж чадалгүй өдий хүртэл энэ асуудлыг ужгируулснаар эмнэлгийн үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах бус харин ч бүр цалгардуулснаас энэ бүхэн үүсэлтэй байхыг үгүйсгэх арга үгүй.
Эрхэм баян эрүүл мэнд гэж монголчууд ярьдаг. Гэтэл Н.Удвал сайд өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд Алангуа эхийн таван сумыг атган гүйх зуураа олон мянган монголчуудынхаа эрүүл мэндийн асуудлыг атгаж яваагаа умартаагүй байлтай.
Цаашид Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн дэвших, Эрүүл мэндийн сайд дэвших, Н.Энхбаярын намын хүн дэвших, Ц.Энхбаяр гэдэг хүнийг гэнэт өөр эмнэлгийн даргаар томилох зэрэг үйл явдлууд гарч болох ч хамгийн эхлээд олон түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах нь зүй.
Энэ хорвоод ирээд бүхнийг цагаахнаар, сайхнаар харж, эцэг эхдээ ханатлаа ч эрхэлж амжаагүй бяцхан охины амь эмнэлгийн даргын ээдрээтэй томилгооноос хавьгүй үнэтэй гэдгийг салбарын сайд нь сайтар ойлгох ёстой нь дамжиггүй.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч ч хүн, Монголын гурван настай охин ч гэсэн адилхан хүн шүү гэж Эрүүл мэндийн салбарын эдүгээгийн байдал эргэлзэлгүй хэлчихэж чадахгүй байна уу даа…
 Гурван настай Т.Маралжингоо охины эхийн Н.Удвал сайдад бичсэн ил захидлыг доорхи линкээр орж уншина уу.  
Р.Гэгээ
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих