Нэг л өдөр хятад луу Монголыг залгиж орхино
Эдийн засгийн өндөрлөгүүдээ гадны аль нэг улсын эрхшээлд оруулах уу, үгүй юү гэдэг нь төр засаг зөв бодлого явуулах уу, үгүй юү гэдгээс, өөрөөр хэлбэл биднээс өөрсдөөс л шалтгаалах хэрэг. Юуны өмнө зөв хууль гаргаж, түүнийгээ мэдлэгтэй, хариуцлагатай, зөв хэрэгжүүлэх эсэхээс энэ нь шалтгаалах асуудал юм. Зарим үг, өгүүлбэрийн доогуур зурсан нь миний хийсэн тодотгол болно. Нийтлэгч
“АВС” агентлагийн тоймч Лон Деннигийн энэ сарын 11-ний өдөр бичсэн “Нэг л өдөр хятад луу Монголыг залгиж орхино” нийтлэлийг сонирхуулъя.
Тоймчийн үг. Энэ нийтлэлийг уншихаас өмнө нэг зүйлийг цохон хэлэхэд, Оросын “Правда” сонины сэтгүүлч 2011 онд бичсэн “Хятадын эзэрхийлэлд Монгол шургалаа” гэх нийтлэлийг уншсанаа хэлэх нь зүйтэй байх. Бид хоёрын үзэл бодол нэг л зүйлийн талаар бичигдсэн байгаа нь гайхмаар. Хятад улс азийн алтан бар болсоноос хойш Түвд, Бутан, Өвөр Монгол улсуудыг өөрийн эзэмшлээ гэсээр байгаад, эцэст нь өөрийн харъяа болгосон нь харамсалтай. Азийн зүрхэнд оршдог, агуу түүхийн эздэд ийм эмэгнэлт зүйл болохгүй байгаасай. Дэлхийн түүхийг Монгол өнгөлдөгийг өсвөр үе минь мэдээгүй өссөн нь эмгэнэл юм. Монголчууд нэг л өдөр 800 жилийн тэртээ дэлхийн талыг дайлаар мордож байсан Чингис хаанаа дахин төрнө гэдэгт итгэлтэй байдаг нь “Тэнгэр мэт тэнэгэр байх” гол үндэс нь тэр байх. Би тус нийтлэлийг бичиж байх хугацаандаа Монголд хоёр удаа зочилж, судалгаа явуулсны дүнд бичсэн гэдгээ хэлье.
Далайд гарцгүй Монгол орон Орос болон Хятад улсаас өмнөхөөсөө ч илүү хараат байдалд орох гэнэ. Английн “Financial Times” сонин “Оросын далайн боомтуудад хүрэх төмөр замд монголчууд хөрөнгө оруулалт хийсэн” талаар бичжээ. Оросуудтай хамтарч төмөр зам барьснаар Хятадын эдийн засгийн хамаарлыг багасгана гэж монголчууд найдаж байгаа. Гэсэн ч Монголын экспортын 70 хувь нь Хятад руу гарсаар байна. Энэ үзүүлэлтээрээ хятадууд эргэлзээгүй оросуудыг хожиж явна. Орос улс Алс Дорнодынхоо бүс нутгийг дорой чигээр нь барьсаар байтал Бээжин Монгол улстай залгаа бүсүүддээ хот суурин босгож, харилцаа холбоо зэргээ идэвхтэй хөгжүүлсээр ирлээ. Монголын төмөр замын хувьцааны 50 хувь нь Оросын мэдэлд бий. Гэвч Хятад улс энэ зах зээлээс Оросыг шахаж гаргахгүй гэх баталгаа алга. “Олон улсын шинэчлэл хөгжлийн банк” хүртэл монголчуудын хөтөлбөрүүдэд шүүмжилсэн байр сууриа хэдийнэ илэрхийлсэн. Урт бөгөөд гүйцэд тавигдаагүй байгаа Оросын төмөр замаар тээвэрлэлт хийснээс, илүү ойр байрлалтай Хятадын хойд хэсгийн боомтууд руу тээвэрлэх нь гурав дахин бага өртөгтэй болохыг дээрх банк онцлон тэмдэглэсэн байна. Тиймээс энэ бүх асуудал Монгол улсыг геополитикийн чухал газрын нэг гэдэгт анхаарлаа дахин хандуулахад хүргэж байна. Дашрамд тэмдэглэхэд, тус орон Орос болон Хятадаас хамааралтай байсаар ирсэн. Одоо ч ач холбогдолтой хэвээр байна. Учир нь Монгол улс олборлосон байгалийн баялгаа нутгаасаа гаргахын тулд Москва, Бээжин хоёртой тохиролцох шаардлага тулгардаг. Хэмжээгээрээ бараг Европын тал шиг энэ том орон 2.9 сая хүн амтай. Өөрөөр хэлбэл, нэг монголд 520 хятад ногддог гэсэн үг. Тийм ч учраас нийслэлчүүд нэг сайхан нартай өдөр хятад луу Монгол улсыг залгиж орхино гэдгээс эмээдэг нь нуултгүй. Бээжин Оросын газар нутгийн асуудал дээр явуулж байсан тэр л бодлогоо өнөөдөр илүүдэл ажиллах хүчнээ экспортлох замаар Монгол улсад хэрэгжүүлж байна. Үүнээс гадна Монголын эдийн засаг жил ирэх тусам Хятадаас хамаарах нь ихэссээр байгаа. Өнөөг хүртэл тус улсын томоохон үйлдвэрүүд оросуудын хяналтад байдаг гэж тооцогддог бол жижиг дунд бизнесийг бараг бүхэлд нь хятадууд хянадаг юм. Гэхдээ хятадууд Монголын томоохон бизнес рүү нь ч шургалж эхэлсэн нь илт харагддаг.
Монголын баялгийн төлөө олон орны дунд хүчтэй өрсөлдөөн ажиглагдах боллоо. Хоорондоо цусаа гартал тэмцэж буй улсууд бол АНУ, ОХУ. Тэд ширээний ард сууцгаана. Монголын өмнөдийг чи ав, би тэр хэсгийг гэхчилэн ярилцаж, хоорондоо маргалдаж байгаа нь нэгэнт ил болжээ. Олон жилийн турш Монгол Улс үзэсгэлэнт байгалиас өөр зүйлгүй мэт санагдаж хөдөө аж ахуйн ядуу оронд тооцогддог байлаа. Гэвч геологичид энэ улсад цайр, тугалга, зэс, алт, хий, газрын тос гээд олон ордыг илрүүлсэнээс хойш, томоохон орны ядуучууд диваажинг хайхаар Монголыг сонирхон ирэх болсон. Хамгийн гол нь тус улс ураны асар их нөөц (1.3 сая тонн) бий гэнэ. Дээрх баялгуудыг Хятад улс их сонирхож байгаа. Гэтэл Монгол улс өнгөрсөн алдаагаа давтахгүйн тулд зөвхөн хоёр хөршдөө анхаарлаа төвлөрүүлэхийг хүсэхээ больсон нь байдлыг улам хүндрүүлж эхэллээ. Энэ улс барууны орнууд болон Япон улсад боломж олгохыг эрмэлзэх болов. Харин барууны орнууд Монгол улсыг дэлхийн ураны нөөцийн гол эзэмшигчдийн нэг гэсэн стратегийн ач холбогдлыг нь үнэлэн бусад орнуудын хоорондох зөрөлдөөн дээр түлхэхийг оролдож байна.
Нэг түүхийг өгүүлэхийг хүслээ. Ирак бол нефтийн нөөцөөрөө дэлхийд толгой зохиодог байсан. Одоо яаж байна. Дэлхийн халуун цэг болон хувирсан. Өлсгөлөн, дээрэм, хүчирхийлэл газар авлаа. Ийм гунигт түүх Монголд бүү давтагдаасай. Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар Монголын хамгийн сайн түншээр ОХУ шалгараад байгаа. Араас нь хоёр дахин бага саналаар АНУ удаалав. Харин Хятад улс Японыг урдаа оруулснаар дөнгөж дөрөвдүгээр байрыг эзэлсэн. Гэхдээ энэ байрыг хятадууд “авлигадаж” авсан гэж хэлж болно. Үүнд монголчууд өөрсдөө буруутайгаас гадна эрх баригчдынх нь шунал нөлөөлсөн нь нуугаад яахав. Тус улсад үйл ажиллагаагаа явуулдаг гадаадын, тэр дундаа оросын компаниуд өөрсдийнх нь эрх ашиг болон хэдийнэ оруулсан хөрөнгө оруулалт нь юугаар ч хамгаалагдахгүй байгаад гомдол мэдүүлдэг. Учир нь монголчууд хэн нэгнээс нь мөнгө авсан ч эзэмшил ордоо нөгөөд нь шилжүүлж өгөх тохиолдол цөөнгүй. Тиймээс тус улсад үйл ажиллагаа явуулах хүнд байдаг аж.
Хятад луу Монголыг залгиж магад
Нийтийн хоолны салбар бүхэлдээ хятадуудын гарт. Нэхмэлийн салбарын тал нь, тэр бүү хэл ноолуурын үйлдвэрлэл бүхэлдээ хятадуудын эзэмшилд байна. Арьс ширний үйлдвэрлэлд ч хятадууд тэргүүлсээр байгаа. “Хятадын зах зээл зэс ч бай, төмөр ч бай, цайр ч бай бүхнийг залгигч харанхуй ангал. Сүүлийн жилүүдэд тус улсад хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 40 гаруй сургууль бий болсон нь дээрх санааг баталж байгаа юм. Бээжин нэр хүндээ өсгөхийн тулд өөрсдийн соёлыг сурталчлах, Монголын нийслэлийн дүр төрхийг шинэчлэхэд хөрөнгө оруулах зэргээр бүх бололцоогоо ашиглаж байна. Чухам хятадууд л шинэ байр, бизнес төвүүдийг нь босгож байгаа. Орос улсын хувьд Монгол дахь байр сууриа алдах бас нэг нөхцөл нь хэтэрхий үнэтэй визийн системтэйд оршиж байна. Энэ шалтгаанаар монголчууд Орос улсыг зорихоо больж Хятад руу зорчих нь ихэссэн гэж хэлж болохоор.
Б.Дэлгэрцэцэг
Эх сурвалж: http://www.shuud.mn/?p=283332
URL: