Эксийн төрсөн өдрийн бэлэг юу байх бол

“Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын хувьчлалтай холбоотой асуудлаар нэлээд хэдэн хүн аавын хаалга хүртэл татаад амжсан. Одоо ч энэ асуудлаар нэр бүхий эрхэм Ганц худагт саатуулагдан байцаагдаж байгаа.

Гэтэл энэ долоо хоногийн эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Өмч хувьчлалын комиссын дарга Г.Мөнхбаяр хувьчлалыг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Өмч хувьчлалын комиссын хурал болж, зарим байшин барилга, эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах асуудлыг хэлэлцсэн гэнэ.

Мөн хэд хэдэн удаа дуудлага худалдаанд орсон ч борлогдохгүй барилга байшин, эд хөрөнгө байгаа нь ажил зохион байгуулж буй хүмүүсийн алдаа гэж дүгнэсэн байна. Учир нь нийслэлийн Өмч хувьчлалын комиссоос өмчөө эзэнжүүлэх, өмчид хайхрамжгүй хандаж, менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эзэмшигч, ашиглагч нартай хариуцлага тооцох арга хэмжээг удаа дараа авч байгаа аж.

Энэ хүрээнд “Улаанбаатар таймс”-ын менежментийн гэрээний үр дүнг хэлэлцсэн байна. Тодруулбал, нийслэлийн Өмч хувьчлалын комиссын 2008 оны 75 дугаар тогтоолын гурав, мөн онд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний гурвын найм ба тавын нэгийг биелүүлээгүй. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 4, 7, 9 заалтыг зөрчин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх шалтгаанаар “Улаанбаатар таймс” менежментийн багийн хувьчлалыг хүчингүй болгожээ.

Тэгэхээр нэгэнт хувьчлал нь хүчингүй болсонтой холбогдуулан хуучий Хэвлэх үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, холбогдох өр төлбөр болон бусад асуудлыг судлан, хэрхэхийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралд оруулахыг холбогдох хүмүүст үүрэг болгожээ.

Харин энэ зуур учир мэдэх нэгэн нь хувьчлалтай холбоотой асуудлаар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Билэгт гадуур байцаагдаж байсан. Тийм учраас л Өмч хувьчлалын комисс олон жил маргаантай байсан эл хувьчлалыг ийм түргэн хугацаанд эргэлзэж, тээнэгэлзэх юмгүй хүчингүй болголоо хэмээн цайны хачир хийж суусан.

Түүнчлэн “Улаанбаатар таймс”-ын хувьчлалд аль хэзээнээс л экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэр дуулддаг байсан. Үүнийг ч эл хүрээний олон хүн хэлж, өмнөх парламентын нэгэн байнгын хорооны хуралдааны үеэр хөндөгдөж байсан асуудал. Гэхдээ гишүүд нэлээд удаан маргалдсаны эцэст эксийнх мөн, биш гэдэгт хэн ч итгэлтэй хариулт өгөөгүйгээр хуралдаан өндөрлөж байв. Түүнчлэн экс эрхмийн эхнэрийнх нь дүүгийн нэр дээр энэ барилга бүртгэлтэй байдаг талаар шаргал ордныхон өөр хоорондоо “бор шувуу” нисгэж суудаг л юм.

Ямартай ч олон cap, жил маргаантай байсан энэ асуудал шийдвэрлэгдэх шатандаа оржээ. Түүнээс гадна хотын төвийн өнгө үзэмж гутааж, хэдэн ч жил улаан төмөр хашаагаар хүрээлэгдэв дээ, 80 жилийн түүхтэй гэх нийслэлийн унаган хэвлэлийн энэ сайхан том барилга… Энд хачин жигтэй гэмээр нэг юм дуулгахад, экс Ерөнхийлөгчид төрсөн өдрөөр нь буюу эх үрсийн баяраар нэр бүхий томоохон эрх мэдэлтнүүд бэлэг барихаар зэхэж буй юм байх аа.

Гэхдээ тэр бэлэг нь цэцэг навчхан бус нийгэмд бур тэсрэлт хийхээр тийм өргөн хүрээнийх байх гэнэ. Өөрөөр хэлбэл, улс төр гэх их айлд Намбарын хүүг дахиж хэзээ ч хөл тавихгүй болтол нь түүний эсрэг сөрөг баримт цуглуулж, шантааж бэлдэж байгаа гэсэн. Үүнд, “Улаанбаатар таймс”-ын хувьчлалын асуудал багтаж буй талаар ч сонсогдов. Мөн өнгөрөгч оны УИХ-ын сонгуулийн үр дүнд болсон долдугаар сарын 1-ний үймээний асуудлаар түүний өгсөн гэрчийн мэдүүлэг, энэ тэр асуудал багтаж буй бололтой.

Гэхдээ ямартай ч түүнийг мэдүүлэг өгсний дараа Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил гээд тухайн үед томоохон албан тушаал хашиж байсан холбогдох хүмүүсээс тайлбар авах нь зүйтэй хэмээн Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав мэдэгдэж байсан. Гэсэн ч өнөөг хүртэл энэ асуудал ажил хэрэг болсон нь үгүй байна.

Харин саяхны мэдээллээр УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцангаас тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан талаар тайлбар авах тухай яригдаж эхэллээ. Түүнчлэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дахиж хэзээ байцаах нь тодорхойгүй байгаа аж. Эцэст нь хэлэхэд, эксийн төрсөн өдрийн бэлэгт энэ бүх асуудлыг багтаагаад зогсохгүй ямар замаар хөрөнгө мөнгө, бэл бэнчинтэй болсон гээд хэд хэдэн тодотголууд багтаж буй гэнэ. Ямартай ч ийм нэгэн үнэн, худал нь үл мэдэгдэх яриа чих дэлссэн юм.

Тэгэхээр өнөөдрийн нийгмийн бодит үнэн гэвэл ард түмэн засаг төртэйгөө үзэж тараад, нийгэм тэр чигээрээ эрх баригчдын эсрэг ордон гороолоод ч байгаа юм биш. Авлигачид гэх цуутай өнөөдрийн эрх баригчид болон өчигдөрхөн өндөр албан тушаалд умбаж яваад түүнээсээ хагацсан, үүнээсээ болж хорссон хуучин эрх баригчдын хооронд тэмцэл өрнөчихөөд байгаа юм биш үү.

О.Мөрөн http://www.niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих