Манай олигархиуд мундаг

Удахгүй олигархиуд маань төрийг бүхэлд нь эзэлж, тэднийхээ буянаар монголчууд бид чинь сайн сайхан амьдрах цаг ирэх нь ээ. Тэд маань үүний төлөө уйгагүй зүтгэцгээж байна. Харин замд нь мэдлэг боловсрол, ардчилал, шударга ёс, хөгжил дэвшил ярьсан нөхдүүд саад болоод байгаа ажээ. Эд нар чинь манай олигархиудын гол дайсан л даа. Гэхдээ удахгүй олигархиуд маань гялалзсан ялалтаа байгуулж олигархийн бүгд найрамдах улсаа байгуулах нь дамжиггүй.

Энд ард түмэн бид чинь эргэлзэхгүй байгаа. Манай олигархиуд удахгүй дэлхийн тэргүүн баячууд болж монголчууд биднийгээ баярлуулж, үндэсний баатар болно. Тэд маань байгаагүй бол монголчууд чинь архи дарс ч үгүй, хоол унд ч үгүй болно шүү дээ. Тэд маань монголчууд биднийгээ тэжээн тэтгэж өнөөдрийн энэ хөгжил дэвшилд хүргэсэн. Монголчууддаа хайртай болохоор бизнесээ орхиж, төрд гарч түмэн олныхоо төлөө нойр хоолгүй морь нохой мэт зүтгэсээр байна. Даана ч үүнийг ойлгохгүй юу ч хийхгүй байна гээд л шүүмжлээд байдаг. Үнэндээ гадаадын баячууд төр рүү зүтгэхгүй харин бизнесээ хийгээд л мөрөөрөө явдаг шүү дээ. Тэгэхэд манай төрөөс төрсөн тэрбумтнуудыг харцгаа.

Тэд маань удахгүй төмөр зам, авто зам тавина дээр нь монголын зарагдахгүй байгаа нүүрс, алтыг зарна. Зарж олсон мөнгөнөөсөө ард түмэндээ хувь хишиг хүртээж үлдсэнээр нь өөрдсөө үйлдвэр, уурхай барьж байгуулна. Үүнийх нь буянаар бид чинь тэднийхээ хайр ивээлээр сайхан амьдрах ажээ. Төрийн биш олигархиудынхаа сургуульд хүүхдүүд маань сурч, цэцэрлэгт нь ач нар маань хүмүүжиж, залуучууд маань тэдний их дээд сургуулиудад суралцаж, аав ээжүүд маань тэдний үйлдвэрт ажиллан, өвөө эмээ нар маань тэднээс халамж тэтгэвэр авцгаана. Энэ жаргал биш гэж үү. Ийм л сайхан нийгмийг байгуулах гээд манай олигархиуд, төрөөс төрсөн тэрбумтнууд ядарч унталаа ажиллаж байна даа хөөрхий.

Эгэл борчууд бид чинь тэднийхээ буянаар хоосон хонохгүй, хоёр идэхгүй амьдарч байна. Манай олигархиуд биднийгээ “эгэл борчууд” гэж өхөөрдөн нэрлэдэг юмаа. Өглөө босоод тэднийхээ автобусанд сууж, тэднийхээ компанид ажиллаж, цайныхаа цагаар тэднийхээ хоолны газар хооллож, орой гэртээ ирээд тэднийхээ телевизийг үзэж бас тэднийхээ сонинг уншина. Суваг бүрээр л манай олигархиуд ажиллаж байгаа нь гарч, удахгүй сайхан амьдруулах төлөвлөгөөг нь сонсоно.

Амралтын өдрүүдээр тэднийхээ байгуулсан амралт зугааллагын газар амарч авна. Наадмаар тэднийхээ бөхийг үзэж бас тэдний морьд түрүүлэхийг харж магнай хагартлаа баярлана шүү дээ. Тэд маань байгаагүй бол бид чинь яах билээ дээ.

ЦАГ ТӨР


URL:

Сэтгэгдэл бичих